Барын сүүл болсноос…

images05050505ы“Тусгаар тогтнолын тухай тэмдэглэл” – 8
Хятадад буй нийт монголчуудынхаа дунд нэр хүндтэй соёлын нэрт зүтгэлтэн нэгэн эрхэм хүмүүнтэй Бээжин хотод танилцав. Хамтдаа Бээжингийн монголчууд цугласан газар очиход, монгол хоолны газар ороход, монгол хүнтэй уулзахад, ер монголчууд байгаа газар бүр тэр эрхэм хүмүүнийг таньж, хүндэтгэнэ.
Тэр эрхэм маань Бээжингээс Хөххот явдаг автобусанд намайг суулгаж өглөө. Автобусны ачааны хэсэгт миний чемоданыг оруулах гэтэл чухам юунаас болсон юм автобусны жолооч ачааг маань суга татаад хойш нь шидчихэв.

Тэгээд өвөр монголын соёлын нэртэй зүтгэлтэн өнөөх эрхэм хүнрүү маань байдаг л нэг автобусны жолооч чухам хятад хүнээс л гарч болох маш бүдүүлэг төрхөөр хашгичиж, нулимж, нүд рүү нь хуруугаараа чичиж гарах нь тэр. Манай хүн гэмээ мэдсэн боол мэт хүлцэнгүй дорой царай гаргачихсан, хөлс нь бурзайчихсан, бөхөлзөж, аргадаж байгаад миний ачааг ачааны хэсэгт буцаан тавьж байна. Өнөөх монголчууд дотроо харц дээгүүр, эрхэмсэг байсан дүр төрхөөс нь өчүүхэн ч үлдсэнгүй. Тэр завсраа энэ байдлыг нь харчих вий гэсэн мэт надруу хулмалзана.
Би ч огт анзаараагүй, мэдээгүй мэт хэнэггүй царайлан, хятад бохь шалир шалир хийлгэн суулаа. Хэрвээ тэр байдлыг нь анзаарч мэдсэнээ харуулсан бол түүнд маань улам, бүр улам хэцүү байх байсан нь мэдээж хэрэг билээ.

***
“Барын сүүл болсноос, батганы толгой болсон нь дээр” гэдэг нэг айхтар үг бий.
Их үндэстэн доторх бага үндэстний зовлон гэж… Өөрийн үндэстнийхээ дотор ямар ч сайхан хүн байсан их үндэстний захын тэнэгийн өмнө ялгаагүй хэн ч биш байдаг юм билээ.
Б.Номинчимэд
2012 оны 5 сар. Бээжин, Улаанбаатар


URL:

Сэтгэгдэл бичих