Швейцарь, Австрали, Англи, Канадууд “Шинэ төмөр зам”-д зөвлөх санал ирүүлжээ

nuurs_tumur_zam-middle“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр гурван үе шаттай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Нийт 5300 орчим километр төмөр зам барихаар тус хөтөлбөрт тусгасан.

Харин үүнээс эхний ээлжинд 5.2 тэрбум ам.долларын өртөгтэй 1800 километр замыг барьчихвал нүүрс зэрэг уул уурхайн тэргүүлэх бүтээгдэхүүнээс ашиг олох “алтан боломж” бүрдэнэ гэж холбогдох байгууллагууд нь үзэж буй. Гэвч одоогоор уг замыг барихад хөрөнгө оруулах, мөн олон улсын зах зээлээс болон бусад эх үүсвэрээс хөрөнгө босгох санхүү, техник, хуулийн зөвлөх компаниудыг шалгаруулж амжаагүй байгаа.

Уг нь зөвлөх компаниудын материалуудыг өнгөрсөн гуравдугаар сарын 15 хүртэл хүлээж авсан. Ямартай ч нийт 20 компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад нэрээ ирүүлсэн талаар Зам тээврийн яамнаас мэдээлсэн. Үүнд дотоодын дөрөв, гадаадын 16 компанийн нэрс буй. Түүнчлэн дэлхийд томоохонд тооцогдох “BNP”, “PWS”, “KPMG”,  “Baribas” зэрэг зөвлөх компанийн нэрс дуулдаж байгаа. Нөгөөтэйгүүр техникийн зөвлөхөөр ажиллах хүсэлтээ ирүүлсэн дөрвөн компани байгаа юм байна. Үүнд “Nippon Koei”, “Kanarail Molt Macdonald”, “Egis International”, “Worley parsons” зэрэг компани багтсан аж.

ЗӨВЛӨХ КОМПАНИУДАД 20 САЯ АМ.ДОЛЛАР ӨГНӨ

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гурван компанийн нэр тодорхой болвол 20 сая ам.долларыг үйлчилгээнийх нь зардалд зориулж өгнө. Учир нь Засгийн газраас энэ жил “Шинэ төмөр зам”-ын төсөлд нийт 55 сая ам.долларыг шийдэж өгсөн.

Мөн “Чингис бонд”-ын мөнгөнөөс эхний ээлжинд 200 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулж шинэ төсөлд оруулахаар болоод буй. Одоогоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх зарим компанийн нэрс тодорсон байгааг эх сурвалж онцолж байна.

Гэхдээ Зам тээврийн яам болон холбогдох бусад газрын удирдлагуудын хэн нь ч энэ талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй байгаа билээ. Холбогдох хуулийн дагуу тэдгээр компани тус бүртээ тодорхой үүрэг хүлээхийг эх сурвалж хэлсэн. Тухайлбал санхүүгийн зөвлөх компани төсөлд шаардлагатай санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгох ажлыг хийнэ.

Техникийн зөвлөхийн хувьд геологи, геодези, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ, ТЭЗҮ болон бусад холбогдох мэдээллийг үндэслэн техникийн зураг төсөл, барилга, угсралтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах бичиг баримтыг боловсруулна. Хуулийн зөвлөх компани нь төслийн хүрээнд хийх аливаа гэрээг боловсруулж, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах ажлыг хийх гэнэ.

Ямартай ч ийм төрлийн үйлчилгээ үзүүлэх Швейцарийн “Credit Suisse”, “UBS”, Австралийн “Macquarie Capital Securities Limieted”, “Deloitte Touche Tohmatsu”, Английн “PWC”, “Barclays Capital Asia Limited”, АНУ-ын “Jefferies Company Inc”, “JP Morgan”, “Morgan Stanley”, Голландын “KPMG”, БНХАУ-ын “HSBC”, Канадын “CPCS” банкууд саналаа ирүүлсэн тухай мэдээлэл бас олдсон юм.

МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕР ЮУ БОЛОВ

Хөрөнгө оруулагч, зөвлөх компаниуд ирэх сарын 15 гэхэд ил болно. Үүний дараа компаниудтай гэрээ байгуулах юм байна. Мэдээж хэрэг энэ өдрөөс эхэлж шалгарсан компаниудын ажил эхлэх учиртай. Нөгөөтэйгүүр дээрх гурван чиглэлээс гадна нэмж ме-нежментийн зөвлөх шалгаруулж авах төлөвлөгөөтэй байгаа гэх сураг дуулдсан ч одоо болтол тодорхойгүй байна.

Ерөнхий сайдын 65 дугаар захирамжийн дагуу тендерт материалаа ирүүлсэн компаниудын материалтай танилцаж шалгаруулалт хийх төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай Үнэлгээний хороо байгуулсан. Улмаар тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд зөвлөх компаниудыг шалгаруулж авах тендерийг олон улсын “Financial Times World” сонин, мөн Монголын өдөр тутмын сонинуудаар дамжуулан зарласан байна.

Шинээр барих төмөр замын 51 хувь нь төрийн өмч. Харин 49 хувь нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас бүрдэх юм. Тиймээс олон улсын зах зээлээс мөнгө босгох чадамжтай нэр хүнд бүхий хөрөнгө оруулагч компани хайх асуудал чухал байгаа юм. Гэвч хөрөнгө оруулах сонирхолтой компаниудын ихэнх нь олон улсад нэр хүнд бүхий өндөр чадвартай учраас Үнэлгээний хорооныхны толгойг нэлээд гашилгаж байгаа бөгөөд нийтэд хугацаанаасаа хожимдож зарлаж ч магадгүй гэнэ. “Чингис бонд”-оос гаргасан 400 сая ам.доллараас бусдыг нь хөрөнгө оруулагчдаас босгох учиртай.

Дашрамд дурьдахад Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн 267 километр төмөр замын зураг төслийг өмнөх Засгийн газрын үед “Энержи ресурс” компани гүйцэтгэсэн учир ирэх сараас барилгын ажилыг нь эхлүүлэх гэнэ. Харин үлдэж буй 1400 километр төмөр замын техникийн зураг төслийг боловсруулж, ирэх 2014 оны хавар  гэхэд барилгын ажлыг эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих