Австралийн булга хотын иргэд рио тинтог шүүх дээр ялжээ

38ead0a1b54319f0originalБидний нөгөө магтаад, шүтээд байдаг Рио Тинтог Австралийн нэгэн жижиг хотын иргэд шүүхэд өгч буруутай үйл ажиллагааг нь зогсоож чаджээ. Монголчууд бид итгэмтгий болоод ч тэр үү, эсвэл Рио Тинто өөрсдийгөө сайн рекламдсан болоод ч тэр үү, бид Риог их хариуцлагатай, туршлагатай гэж эхэндээ билэгшээж байсан.

Гэтэл өнөөдөр Рио Тинто нь Монголд төдийгүй дэлхийд сөрөг данстай компани болж хувирлаа. Папуа шинэ Гвинейд иргэний дайн болж 12,000 хүний амь эрсдсэн, Бирм улсад авлигийн хэрэгт холбогдсон, Индонез дэх асуудал зэргээс харахад Рио Тинто тийм ч сайхан компани биш бололтой. Гэтэл ийм нэр төр нь сэвтсэн компанийн хувьцааг Монголын төр эзэмшээд сууж байх нь шившиг гэлтэй. Гэхдээ тэдний хувьцааг Монголын засгийн газар хэний мөнгөөр авч эзэмшиж байгаа гэдэг бас нэг асуудал. үүнийг дараагийн нийтлэлдээ үлдээе.
Хэрэв бид няцралтгүй, тууштай тэмцэж чадвал амжилтанд хүрч болдог юм байна гэдгийг Австралийн бяцхан хот болох Булгагийн иргэд харууллаа. Тэд уул уурхайн компани Рио Тинтогийн эсрэг 3 жил шүүхдээд эцэст нь ялалт байгууллаа. Уг шүүх хурал нь тус хотын ойролцоох Рио Тинтогийн нүүрсний уурхайг ажилуулахгүй байх талаар байв. Булга хот нь 300 хүнтэй бөгөөд Рио Тинто нь 150 хүнд ажлын байр бий болгож жилд 18 сая тонн нүүрс олборлох байлаа.
Энэхүү түүхээс бид нэг юмыг ойлгож авлаа. Уул уурхай дээр түшиглэсэн оронд тусдаа байгаль орчин, орон нутгийн иргэд, тогтвортой хөгжлийг хариуцсан шүүх байгууллага байдаг юм байна. Австралийн “Газар болон Байгаль орчны шүүх”-ээс Рио Тинтогийн уурхайн үйл ажиллагаа нь тус хотын “оршин суух газар” гэдэг ухагдахууныг устгах, хөнөөх, гэмтээх аюултай хэмээн тусгай зөвшөөрлийг өгсөн Засгийн газраа шүүмжлэн улмаар тус хотын иргэдийн талд шийдвэрлэлээ.
Үүний эсрэг мэдээж Рио Тинто нөгөө л сүрхий эдийн засгийн үр өгөөжөө ярих нь дамжаггүй. Бид энд нэг зүйлийг онцлох ёстой. Бүх салбар эдийн засгийн хувьд үр өгөөжэй. Тэд ажлын байр бий болгодог, нийгэмд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүдэг гээд зөндөө юм ярьж болно. Гэхдээ уул уурхайн салбарын нэг онцлог бол өөрсдийгөө дөвийлгөх эдийн засгийн үр өгөөжийн талаарх судалгааг өндөр үнэ цохиж эдийн засагч, судлаачдийг авч ажилуулж чадвартай улмаар түүнийгээ сурталчлах их мөнгөтэй байдагт байгаа юм. Тиймээс бид дан ганц Рио Тинто ч юмуу эсвэл Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хэлж, хийж байгаад итгэхийн аргаггүй болоод байна. Австралийн энэ хэргийн хувьд Рио Тинто нөгөө л зүйлээ хэлсэн байна “Засгийн газрын шийдвэрээ эсэргүүцэх нь хөрөнгө оруулалтанд саад болж олон ажлын байр бий болох замыг хааж байна” гэх мэт.
Одоо Булга хотын иргэд тайван байж амьдралаа цааш нь санаа амар үргэлжлүүлэх боломжтой боллоо. Тус хотын иргэн Бургессын хэлж байгаагаар хэрэв Рио Тинто уурхайн үйл ажиллагаагаа явуулсан бол Булга хот нь хүм амьдрах аргаггүй болох байлаа. Шүүхч хэлэхдээ Рио Тинтогийн хэлээд байгаа тэр эдийн засгийн том том ашигтай гэсэн зүйлд итгээгүй, сонирхоо ч үгүй. Харин уурхайн үйл ажиллагаа нь тус хотын оршин тогтнол, иргэдийн аж ахуйд сөргөөр нөлөөлөх байсан гэж онцлов. Рио Тинтогийн уурхайн үйл ажиллагаа нь маш том, үл хүлээн зөвшөөрөгдөхөөр үр нөлөөллийг нутгийн иргэд, ан амьтан, ургамалд үзүүлэх байлаа. Түүнээс гадна тоос, дуу чимээний ноцтой сөрөг байдал үүсэх байсан гэж шүүгч хэлжээ. Бидэнд ийм эх оронч, ухаалаг шийдвэр гаргагчид хэрэгтэй байна. Цаг хугацаа үүнийг шаардаж байна.
Энэ дурьдсан асуудлуудыг Монголын холбогдох яам, шүүх, байгууллагууд хэрхэн авч үзэж байгаа нь сонин. Монголчууд бид Оюу Толгойтой холбоотой усны, тоосны, ургамал, амьтны талаар олон зүйл ярьж санаа зовох болсон. Үүнд ядаж салбарын сайд нь байр сууриа илэрхийлэхгүй байгааг бид юу гэж ойлгох вэ? Биднийг дотроо ингэж зөрчилдөж байх зуур Оюу Толгой явдгаараа явж л байна. Гэтэл энэ эрч хүчээрээ явбал 3 жилийн дараа Өмнөговь усгүй болно гээд байгаа мэдээллийг яагаад салбарын яам яагаад анхааралдаа авахгүй байна вэ?
Рио Тинтотой хэлэлцээр хийж байна л гэх юм. Ард түмний өмч болох Оюу Толгой ордын талаар ярилцаж байгаа тул ард түмэнд юу ярьж, хэн нь ямар байр суурьтай байгаа, ямар шийдвэрт хүрэв гэх мэдээллийг яагаад ил болгохгүй байна? Яагаад энэ хурал хаалттай явагдах ёстой вэ? Монгол түмний эрх ашигт нөлөөлөх ийм том зүйлийг ярьж байгаа энэ тохиолдолд Рио Тинто асуудлыг элдэв шалтаг, шалтгаанаар хойшлуулах эрхгүй гэж бодож байна.
Одоогоос 10 жилийн дараа Монголчууд бид ямар компанид тусгай зөвшөөрөл өгөөд, юу хийлгүүлчих вэ хэмээн харамсахгүй байхын тулд өнөөдрөөс энэ асуудалдаа эргэн нэг нухацтайгаар харцгаая.

эх сурвалж: http://www.smh.com.au/environment/conservation/tiny-bulga-wins-day-against-mining-goliath-20130415-2hw5n.html

С. Гантуяа

 


URL:

Сэтгэгдэл бичих