Үсээ хусуулах уу, засуулах уу

1_1367199250Монголчууд сүүлийн үед үс зүс царайндаа их анхаардаг болсон билээ. Тэрнийхээ хэрээр дуучин, жүжигчин олны танил хүмүүс үснийхээ засалтыг өдөр бүр шахуу л өөрчилж үүнийг нь залуучууд маань ихээр дуурайдаг болсон. Үсчин, гоо сайхны салонууд байшин бүрийн булан тохой бүрт үүдээ нээж байна.  Харин чанартай үсчин нь хаана байдаг гэдгийг гагцхүү зөвхөн хувь хүн л мэдэх байх. Хүн бүр л өөрийн таалалд нийцсэн, чадварлаг  гэсэн үсчин дээрээ очиж үсээ засуулдаг. Үсчингүүд ч үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд хамаг ур чадвараа гаргаж үсийг нь засч өгөхийг хичээнэ.  Гэтэл чадвар муутай, үйлчлүүлэгчийнхээ үсийг хусахаас өөр аргагүй болгоод гаргачихдаг үсчид цөөнгүй байна. Хүний үсийг засахаас өмнө зассаны дараа толгойг нь угааж, үсийг нь хэлбэрт оруулж өгөөд гаргадаг байх ёстой. Гэтэл зарим үсчингүүд хиртэй толгойг нь зунгааралдуулж байгаад зассан болчихоод хүзүү нүүрээр нь дүүрэн үс хялгас болсон чигээр нь мөнгөө аваад л гаргачихдаг.  Найз маань “Үсээ засуулмаар байна, хамт яваач” гэж хань татдаг юм байна. Тэгээд хамт явж үсийг нь засуулахаар боллоо. Гэр хороололд үсчин гэдэг бараг л “өдрийн од” гэсэн үг. Үүдэндээ “Үсчин, гоо сайхан” гэж жижигхэн бичсэн улаан тоосгон байшинд орлоо. Үүдээр нь ороход үсний машин дуугарч, шампунь ханхална. Арван жилийн сурагч гэмээр бяцхан жаал үсээ засуулан сууна. Өөр үйлчлүүлэгч байсангүй. Үсчин бүсгүй “Наанаа сууж бай, одоохон дуусч байна” гэв. Бид хоёр хэсэг зуур хүлээв. Үсчин хүүгийн үсийг засч дуусав бололтой. Найзыг маань толины өмнөх сандал дээр суулгаж “За ямар байдлаар засах вэ” гэлээ. Багын буржгар үстэй болохоор нэг их үсээ засуулаад сүйд болоод байдаггүй найз маань “Зүгээр л жаахан жижиглээд өгөөч” гэлээ. Үсчин найзын маань үсийг жижиглэх гэж байгаад чихийг нь хайчилчихав. Найз маань орь дуу тавив. Найзын маань шанаа руу цус урсч, үсчин “Уучлаарай” гэхээс өөр үг хэлж чадахгүй зогсов. Энэ наад захын жишээ. Саяхан нэг залуу твиттерт “Сая үсээ засуулсан чинь толгой дээр түмпэн тавьж байгаад илүү гарч харагдсаныг нь хайчилчихсан юм шиг болгочихлоо. Үнэ нь 3000 төгрөг гэнэ. Бас болоогүй “шатлах уу” гэчихжээ бас” хэмээн жиргэж байсан. Бас нэгэн эмэгтэй үсээ будуулангаа жаахан тайруулах гээд үсчинд орж, засуулах биш хусуулах дээрээ тулчихсан, өөр нэг үсчинд орж ирэхтэй таарав. Түүний үсээр нь “тоглочихсон” үсчин “Яана аа, эгчээ жаахан ургуулж байгаад дахиад хүрээд ирээч” гэсэн гэнэ лээ. “Хусуулах л гэж ирэхгүй бол би танайд дахиж ирэх үү” гэж уурлаад гарсан тухайгаа ярьсан. Энэ мэт чадваргүй үсчид хүний “толгойгоор тоглох нь” ердийн үзэгдэл.

Ер нь үсчин, гоо сайхан гэсэн нэр хаяг зүүсэн, мэргэжлээ хагас дутуу эзэмшсэн үсчин болох сонирхолтой бүсгүйчүүд их байдгийг нуух юун . Хамгийн гол нь үс сайхан бол зүс сайхан гэдэг. Залуус орчин үеийн загвараар үсээ засуулах, будуулах, хими хийлгэх сонирхолтой болсон. Түүнийг дагаад үсчдийн ур чадвар дээшлэх ёстой. Гэтэл цөөн хэдхэн чадварлаг үсчид нь аманд орсон тоогоо хэлээд, үйлчлүүлэгчийнхээ хэтэвчийг нимгэлж байна. Энэ буруу биш. Харин үсчид маань хүний гоо сайхны төлөө ажилладаг, тэдний сэтгэл санаанд нийцсэн үйлчилгээ үзүүлж чаддаг байх ёстой. Хөөрхийлөлтэй болтлоо үсээрээ тоглуулчихсан хүмүүс бишгүй л байна. Зарим үсчид  “Хямд үнээр үс засна” гэсэн бичиг хадсан байдаг. Хүссэн хүн 21 хоногийн дамжаанд суугаад л хайч бариад хүний толгой руу “дайрч” байна. Чанартай мэргэжил, чанартай боловсрол гэдэг хэрнээ энэ мэт жижиг зүйл одоо болтол орхигдсоор л байна. Үсээ засуулахгүй сар болоход л бэрх байдаг учраас “Үсчин” гэдэг нэртэй “Чихчин” газрууд ар араасаа үүд хаалгаа нээсээр байгаа нь үнэн билээ.

 

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих