УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: Ард түмний эсрэг хүчирхийлэл хэрэглэх бэлтгэл хийж байна

-Сурвалжлагч хүний хувьд нэг юмыг танаас асууя гэж бодож явдаг юм. МАХН-ын XXVI Их хурлаар ганцаараа МАН-д нэгдэхгүй гэж улс төрийн тийм том эрсдэл хийх шаардлага байсан юм уу. Яагаад тийм эрсдэлтэй алхам хийх болов?
-МАХН-ын XXVI их хурлаас намын гишүүд их олон зүйл хүлээж байсан. Гэтэл МАХН-ын XXV их хурлын шийдвэрийн гол сүнс болох нийгмийг үндсээр нь сүйрүүлэх аюултай хорт хавдар болсон авилгатай тэмцэх “нам дамнасан улс төр, бизнесийн бүлэглэлийг устгах” гэсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй атлаа МАХН-ын XXVI их хурлаас дээрх “нам дамнасан улс төр, бизнесийн бүлэглэлийг устгах” гэсэн заалтыг бүр мөсөн авч хаясан.
Монгол үндэстний эсрэг эрүүгийн гэмт хэрэг болох авилгыг устгах нь бүү хэл өөгшүүлэн цэцэглүүлэх юм байна гэж ойлгогдсон. Монгол үндэстний сайн сайхны эсрэг эрүүгийн гэмт хэрэг болох авилгатай тэмцэхгүй гэдэг нь Монгол хүний хувьд ч тэр, улстөрч хүний хувьд ч тэр байж боломгүй, моралын хэт гажуудал тул би хувь хүнийхээ хувьд, улстөрчийн хувьд Монгол үндэстний эсрэг хэзээ ч зогсч чадахгүйгээ мэдэрч МАН-д нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн явдал байсан юм.
-Үнэхээр ард түмэндээ хайртай хүн л ийм зоригтой шийдвэр гаргах ёстой юм байна. МАХН-ыг бүртгэх асуудал яагаад ингээд удаашраад байна?
-Энэ асуудал нь өөрөө намыг бүртгэх эсэх, эсвэл удаашрах төдийхний асуудал биш болчихоод байна. Энэ асуудал нь хүн төрөлхтний түгээмэл эрх чөлөөтэй холбоотой зарчмын том асуудал болоод байна. Үүнийг ойлгохын өмнө нэг ухагдахууныг бид сайн ойлгох хэрэгтэй. Төр болоод засаглал хоёроо хольж, хутгаад байна. Бүтд найрамдах Монгол улс гэдэг бол Монголын ард түмний төр гэсэн үг. Эзэн нь Монгол үндэстэн. Монгол төрийн эзэн болох ард түмнээс сонгогдож гардаг засаглал болох хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, хуулийг хянах гурван институци нь зөвхөн засаглал болохоос биш төр биш ээ.
Эдгээр гурван институцийн дотор ажиллаж байгаа хүмүүс бол ард түмнээсээ зөвшөөрөл авч ажиллаж байгаа албатууд шүү. Тиймээс Монголын эдгээр албатууд болох өөрсдийгөө төр гэж андуураад байгаа юм. Ард түмний албат буюу зарц нар шүү дээ. Хэрвээ тэдгээр ард түмний зарцууд нь эрх мэдлийг авсан хойноо ард түмний амьдралын баталгаа болсон эд баялгийг нь хулгайлж, төрийн эзэн нь болох ард түмний эрх чөлөөг уландаа гишгэнэ гэдэг бол нөгөө зарц нар маань эзэн болсон ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг хийж байна гэсэн хэрэг болно шүү дээ.
Тиймээс ард түмэн өөрийн бүтээсэн төрийн эрхмэддээ эдгээр хүмүүсээс эргүүлэн авъя гэж шаардвал ард түмний зарц болсон засаглагчдад буцаан өгөх ёстой. Ард түмэн ч авах үүрэгтэй. Иймээс ард түмний зүй ёсны шаардлагыг засаглагчид биелүүлэх ёстой болохоос биш хүчирхийлэл хэрэглэх ёсгүй. МАХН-ыг бүртгэхгүй байх буюу бүртгэлийг нь удаашруулж байгаа явдал бол хүн төрөлхтний түгээмэл эрхийн нэгэн болох эвлэлдэн нэгдэх эрх, сонголт хийх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа Монгол түмний эсрэг гэмт хэрэг юм.
Ингэж Монгол хүний эрхийг зөрчсөн бүдүүлэг гэмт хэргийг үйлдэж чадаж байна гэдэг нь Монгол Улсын эрх баригчид нь ард түмний эсрэг юм байна гэдгийг харуулж байгаа бөгөөд ойрын үеийн удаа дараагийн алхмаараа ч үүнийг баталж байна шүү дээ. Монгол хүний эрхийг уландаа гишгэсэн шүүх засаглал, Үндсэн хуулийн цэцийг ард түмний гэж яаж хэлж болох юм бэ.
Монгол хүний эрхийг зөрчиж байгаа шүүх засаглал, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг таслан зогсоохгүй байгаа Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газрыг яаж Монголын төлөө гэж хэлэх юм бэ.Түүнчлэн дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрийн үнэн бодитой байдлыг ойлгох онолын нүдтэй болох нь засаглалын гажуудлыг онолын үндэслэлтэйгээр шүүмжлэн ариутгах тэрхүү үүргээ гүйцэтгэх өндөртэй чадвартай болох явдал нь хэвлэл мэдээллийн салбарынхны өмнө тулгарч буй шинэ цаг үеийн сорилт гэж би ойлгож байна.
-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг эргэн сөхөгдөж байна. Ер нь энэхүү хэргийн талаар та хэрхэн үзэж байгаа вэ?
-Долдугаар сарын 1-ний явдал цаг улирах тусам улам бүр тод томруун болж байгаа шүү дээ. Сонгуулийн луйвар байсан гэдэг нь ард түмэн өөрийн эрх чөлөөгөө засаглалын эрх мэдэлтэнд луйвардуулсан гэсэн үг биз дээ. Тиймээс ард түмэн луйвардуулсан эрх мэддээ буцаан олж авахын төлөө тэмцэх нь зүй ёсны асуудал юм. Тийм ч үүрэгтэй байх ёстой. Монголын ард түмэн өөрийн эрх чөлөөний төлөө үүргээ ухамсарлаж чадаж байна гэдэг нь Монгол хүн болгоны бахархвал зохих зүйл юм.
-МАН-ыг сэргээн байгуулагчийн нэгэн болох С.Баяр саяхан өгсөн ярилцлагадаа улсын дугаартай машин долдугаар сарын 1-ний өмнө чулуу, шатах шингэнтэй шил зөөж байсан гэж хэлсэн. Тэгэхээр энэ хэрэг урьдчилан төлөвлөгдсөн юм биш үү?
-Мөн таван хүний алтан амийг авч одсон харгис хэрэг гарсан. Үүнд ард түмэн хэзээ ч буу хэрэглээгүй, тэдэнд буу шийдэм байх ч үгүй. Ард түмэн галдан шатаагаагүй, ард түмэн онцгой байдал зарлаагүй гэдгийг ойлгох цаг болсон. Долдугаар сарын 1-ний гэрч болох Н.Энхбаяр прокурорт өөрийн биеээр очиж мэдүүлэг өгөх ёстой гэдгээ мэдэгдэж, тэгээд мэдүүлгээ ч өгсөн. Гэтэл тэр үеийн ерөнхий сайд С.Баяр өнөөг хүртэл мэдүүлэг өгөөгүй байна. Долдугаар сарын 1-ний жагсаал цуглааныг зохион байгуулагчдын нэг ард   түмний ардчилсан ерөнхийлөгч гэсэн тодотголтой   хүн прокурор, цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж мэдүүлэг өгөх ёстой шүү дээ. Яагаад гурван жилийн хугацаанд энэ хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй байна вэ?
-Ойрын үед хувьсгал их ярих боллоо. Та энэ талаар юу бодож байна вэ?
-Ард түмний эсрэг төр байсан цагт төрийн эзэн болсон ард түмэн төрөө эргүүлэн авах үүрэгтэй. Олон улсын байгууллагаас гаргадаг авилгалын индекс 2,1 гэдэг нь Монголын төр хавтгайрсан хулгайчип болсныг нотолж Төр нь хавтгайрсан хулгайч болно гэдэг нь ард түмний төр байхаа больсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ард түмний эсрэг төр гэсэн үг. Монгол Улсын Авилгатай Тэмцэх Газрын судалгаа шинжилгээний хэлтсээс Монголын төр бүхэлдээ авилгад идэгдсэн гэсэн мэдэгдэл хийж байсан.
Энэ бол Монголын төрд ажиллаж байгаа хүмүүс хулгай дээрэм хийж, ард түмний эсрэг ажиллаж байна гэсэн үг мөн биз дээ. 1990 онд ардчилал,зах зээлд шилжихдээ хувийн өмчтэй байхыг хуулиар баталгаажуулж хүндэтгэнэ гэсэн болохоос биш, хувьчлал гэдгээр далимдуулж Монголын ард түмний 70 жилийн турш бүтээсэн баялгийг үнэгүйдүүлж, устгаж хувьдаа авч шамшигдуулна гэсэн үг биш шүү дээ. Энэ бол гэмт хэрэг.
Монгол үндэстэн өөрийн хүслээрээ амьдрах шийдвэр гаргаж, Монголын төрийг байгуулахдаа Монгол үндэстний гишүүн нэг бүрийн сайн сайхны төлөө байгуулагдсан болохоос биш, Хэдхэн эрх мэдэл бүхий хүмүүсийн төлөө байгуулагдаагүй шүү дээ. Тусгаар тогтносон Монгол Улсын газар шороон дахь байгалийн баялгийг 100 ч наслахгүй цөөхөн хэдэн хүний халаасыг л зузаалахын тулд эцэг өвгөдөөсөө өвлөж аваагүй биз дээ. Ардчилал гэдэг чинь ийм муу муухай зүйл биш ээ. Псевдо-демокраси буюу хуурамч ардчилал манайд газар авч байгаа нь теоригүй, мэдлэггүй, үхээнц хүмүүс төрд гарч ирснээс болж буй.
Ардчилсан оронд аливаа хувьсгалыг ард түмний хүсэл эрмэлзэлээр зөвшилцлийн аргаар явуулдаг. Тиймээс ард түмэн хувьсгалыг хүсч байсан нөхцөлд ард түмний хүслийг биелүүлэх л ёстой, зөвшилцлийн ширээний ард суух л ёстой. Өнгөрсөн 100 жилийн Монгол үндэстний түүхийг харж үзвэл бид олон хувьсгал хийсэн. Түүний үр дүнгээр бүх салбарт үсрэнгүй дэвшил гарч орчин үеийн үндэстэн болон төлөвшиж чадсан. Даяарчлагдсан зах зээлтэй мэдлэгийн нийгэмд хүн төрөлхтөн шилжиж байгаа энэ үед псевдо-демокраси буюу хуурамч ардчиллыг ярьсаар хайран 20 жилийг алддаа.
Теоригүй, мэддэггүй хүмүүс улс үндэстэнд ямар аюултай вэ гэдгийг харуулж байна шүү дээ. Өнөөдөр Монголын төрийн эрх мэдэл барьж байгаа хүмүүсээс ард түмэн залхаж байна. Худал ярьдаг, мухар сүсгийг үнэн амьдрал мэт уриалан хөөрөгддөг, зугаа цэнгэл, найр наадамд дуртай, архинд донтсон, хувиа хичээсэн, хөгждөггүй, урвамтгай хүмүүс ард түмэн, монгол үндэстэнд лай авчирч байна.
-Ойрын үед хэвлэл мэдээллээр жагсаал цуглааныг тараах цагдаагийн сургуулилтыг Сүхбаатарын талбай, Хүй долоон худаг, Өлзийт хороололд явуулж байна гэж шуугих боллоо.
-Би ч бас энэ талаар мэдээлэл авч байгаа. Ард түмэн яагаад юунаас болж жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм бэ гэдгийг л нарийвчлан суддах хэрэгтэй. Хэрэв ард түмэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэж, өөрийн хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөж жагсаж байвал цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, дотоодын цэргийн байгууллага ард түмний эрх чөлөөний жагсаал цуглааныг хэвийн явагдах нөхцлөөр хангаж, тэднийг хамгаалах л үүрэгтэй болохоос биш баривчлах, саад хийх, нухчин дарах үйлдэл хийх ёсгүй.
Тийм хууль хаана ч байхгүй. Ард түмний эрх чөлөөг хааж боосон төрийн аливаа үйдлүүд бол ард түмний эсрэг гэмт хэрэг. Египетийн хувьсгалын үеэр Египетийн ард түмнийг нухчин дарах зарлигийг Египетийн дарангуйлагч Мубарак өгсөн боловч Египетийн хүчний байгууллагууд “эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа ард түмний эсрэг хүчирхийлэл хэрэглэхгүй” хэмээн татгалзсан. Үүнтэй адил ардчилсан Монгол орон л юм бол ард түмний төрд ажиллаж байгаа хүчний байгууллагын албан хаагчид ард түмний эсрэг хүчирхийлэл хэрэглэхээс татгалзаж, харин ч ард түмнээ дэмжих ёстой.
Хэрвээ өнөөдрийн эрх мэдэлтнүүд Монголын ард түмний эсрэг долдугаар сарын 1-ний адил хүчирхийлэл хэрэглэх гэвэл нэг зүйлийг одооноос анхааруулъя гэж бодож байна. Үр хүүхэд хойч үеээ баллаж ард түмний эсрэг зүйл битгий хийгээч. Хүн төрөлхтний түүхэнд ямар ч диктатур хэзээ ч сайн хувь тавилантай байсан түүх байгаагүй юм шүү. Буруу хийсэн л бол буруугаа зөвшөөрч, ард түмнээс уучлал гуйх ёстой. Энэ бол ард түмэн хүлээж байгаа цорын ганц зүйл юм. Хүн төрөхдөө эрх мэдэлтэй төрдөггүй, ард түмэн л олгосон зүйл шүү дээ.
Ард түмний эсрэг ажиллавал ард түмэн эргүүлэд авах эрхтэй ч байх ёстой, тийм ч үүрэгтэй байдаг. Монголын өнөөгийн гарц бол зөвшилцөл болохоос биш, ард түмний эсрэг хүчирхийлэл биш ээ. Ард түмэн өөрийн эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа явдалд онцгой байдал тогтоохыг хүлээж авдаггүй. Онцгой байдал гэдгээр далимдуулж ард түмний эсрэг хүчирхийллийг бүүр ч хэрэглэж болохгүй. Үүнийг л би анхааруулж байна.
-Сүүлийн үед үндсэн хуулийг өөрчилнө, мөн хоёр танхимтай парламенттай болно гэх мэт яриа их гарах боллоо. Энэ талаарх таны бодлыг сонсоё.
-Ард түмэн хүсээд байгаа юм уу авилгалд идэгдсэн засаглалын эрх мэдэлтнүүд хүсээд байгаа юм уу гэдгийг тунгааж бодох хэрэгтэй. Ард түмэн хүсч байгаа бол зүй ёсны хэрэг. Хэрвээ авилгад идэгдсэн төрийн эрх мэдэлтнүүд тэгж хүсээд байгаа бол байж боломгүй хэрэг. Яагаад гэвэл, авилгад идэгдсэн эрх мэдэлтнүүд ард түмний эсрэг гэмт хэрэг хийж буй бүлэг хүмүүс бөгөөд тэд өөрсдийн гэм нүглээ нуун дарагдуулах гэсэн санаагаар бүхий л үйл ажиллагаагаа явуулдаг.
Тиймээс үндсэн хууль, парламентийг өөрчлөн байгуулна гэж байгаа нь тэд өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн, амь аргацаах гэсэн ээлжит оролдлого нь байж таарна.Үндсэн хууль.парламент гэдэг бол монгол үндэстэн өөрсдөө шийддэг асуудал болохоос биш, үндэстний хувь заяаны асуудлыг авилгачдаар шийдүүлнэ гэж хэзээ байхгүй. Та сурвалжлагч хүний хувьд өөрийн болоод үр хүүхдийнхээ хувь заяаг илэрхий луйварчин эрх мэдэлтнүүдээр шийдүулэхийг хүсэхгүй байгаа биз дээ?
Үндсэн хууль, парламентийн асуудлыг ярья гэвэл эхлээд авилгад идэгдсэн төрийн эрх мэдэлтнүүдийг хөөн зайлуулсаны дараа монгол үндэстэн өөрсдөө үндсэн хуулиа боловсруулж хийх ёстой. Одоо бирдүүд хэнийг ч хуурч чадахаа больсон. “Хирээ мэдэж дуугар” гэж сайхан үг байдаг даа. Энэ үгийг сануулъя.
-Ярилцлага  өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Б.Саран

шударгамн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.