Монголын ардчилал ба түүний олигархиуд

AOXH/Канадын Бритиш Колумбын Их сургуулийн профессор Жулиан Деркес/

Энэ амралтын өдрүүдэд даян дэлхийд ардчилалыг түгээх зорилгоор байгуулагдсан дэлхийн ардчилсан орнуудын байгууллага болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII хурал Монголд боллоо. Энэ байгууллагын тэргүүнийг хийж, сайд нарын түвшиний уулзалтыг зохиож буй нь Монгол улсын ардчилсан хөгжлийн замд олсон ололтоо үнэлүүлж буй хэрэг юм.

Монгол улсад ардчилсан ёс хөгжсөн замналыг бусад улстай харьцуулан эргэж харахад түвэгтэй замыг туулжээ.
1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхагласнаас хойш 1989-1990 оны өвлийг хүртэл Монголд дотоодын улс төрийн мэдэгдэхүйц эсэргүүцэл гарч байгаагүй билээ. Ихэнх тохиолдолд 1990 оны үйл явдлыг тайлбарлахдаа М.Горбачевийн өөрчлөн байгуулалт, ил тод байдлын бодлоготой төстэй үзэл санаа тээсэн оюутнууд Монгол улс орондоо энэ үзэл бодлыг авчирч, засгийн эрхийг барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Намыг /МАХН/ шахаж эхэлсэн билээ.
Нэрт Ази судлаач Моррис Россабигийн томъёолсноор удалгүй МАХН удирдлагаа хэд хэдэн удаа сольж, хуулийн болон Үндсэн хуулийн өөрчлөлт хийж байж ардчилсан шинж чанартай нам болон хувьсан өөрчлөгдсөн юм. Хэдхэн сарын дараа 1990 оны 7 дугаар сард анхны олон намын сонгууль явагдаж , Монгол улс ардчилсан улс болсон билээ.

Ойролцоодуухан цаг үед шилжилт хийсэн бусад орныг харьцуулан харъя л даа. Хэдийгээр түвэгтэй бэрхшээл тулгарч байсан ч /Югослав, Кавказын дайн,экстремист намуудын үүсэл,Беларусь гэх мэт/ Дорнод Европын орнуудад ардчилал баттай тогтсон гэж үзэж болно. Азийн бусад хэсэгт юу болов? 1989 он гэхэд БНХАУ-д ардчилсан хөдөлгөөнийг хүчээр нухчин дарав.Вьетнам улс төрийн шинэчлэл хийсэнгүй. Камбожийн улс төр тогтворгүй хэвээр байсаар байна. Төв ази, Кавказын бүсэд хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан ихэнх улсууд авторитар засаглалтай байна. Орос ч гэсэн ардчилсан засгийн өнгөн хэлбэртэй болохоос ардчиллын үлгэр жишээ болохооргүй байна гэж хэлж болох юм.

Гэтэл Монгол улс энэ ирэх 6 сард 6 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиа хийх гэж байна. Ардчиллын од болох Нобелийн шагналт Таваккон Карман , Ан Сан Сун Чи нарыг одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд хүлээн авч байхад Улсын Их Хуралд нь шуугиант үйл явдал, ардчилсан намуудын өрсөлдөөн зонхиож байна. Ц.Элбэгдорж дахин Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа бол Ардчилсан намын түнш улс төрч Н.Алтанхуяг өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиас хойш Ерөнхий сайдын албыг хашиж байгаа юм. УИХ-ын даргаар З.Энхболд АН-аас ажиллаж буй нь тус нам хууль тогтоох үйл явцыг хянаж байгаа хэрэг юм. АН-ын улс төрч Э. Бат-Үүл Улаанбаатар хотын даргаар ажиллаж байгаа. АН ийнхүү Монголын хамгийн нөлөө бүхий 4 албан тушаалыг хянаж байна.
Сөрөг хүчин Монгол Ардын Нам /социалист гаралтай МАХН-ын өв залгамжлагч/ ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулаагүй, эмх замбараагүй байдалд байна.

Хэдийгээр АН дангаар ноёрхож буй мэт харагдавч тэдний засаглалд ан цав суужээ. Өнгөрсөн сонгуулиас хойш АН нь УИХ-д Шударга ёс эвсэл, ИЗНН-тай тогтвор муутай эвсэл байгуулан засаглаж байна.
АН-ын улс төрч С.Баярцогт саяхан Щвейцарийн банкинд данстай оффшор компанитай нь илэрч, хэвлэлээр шуугимагц УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцроод байгаа.

МАН С.Баярцогтыг УИХ-ын гишүүнээс огцруулж Авилгатай тэмцэх газраар шалгуулах, ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар шахаж байгаа билээ. Сүүлийн үед ялангуяа Монголд буй ажиглагчдын зүгээс Монгол улсыг олигархиуд атгаж эхэллээ гэсэн болгоомжлол илэрхийлэх болов. Монголын бизнесийн удирдагчид өргөн хүрээтэй хууль ёсны бизнес бүлэглэлүүдийн төлөөлөл болсноороо Оросын олигархиудаас ялгаатай юм. Ардчилсан хувьсгал анх эхэлж, 90-ээд оны замбараагүй хувьчлалын анхны давалгааны үед Монголын байгалийн баялаг бүрэн үнэлэгдэж тогтоогдоогүй байсан нь монголын ардчиллын аз завшаан гэхэд болно.

Оросын олигархиуд, тэдний зөрчлөөс ялгаатай нь Ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн одоо ч тайлагдаагүй хэргийг эс тооцвол Монголын улс төр хүчирхийлэлд автаагүй байгаа юм. Эцэст нь магадгүй хамгийн чухал зүйл нь бизнесменүүд өөрсдийн улс төрийн намаасаа хууль ёсоор нэр дэвшиж, УИХ-д сонгогдоод байна.

УИХ, Засгийн газарт буй бизнесменүүдийн үүрэг ролийн талаарх гол болгоомжлол нь хууль тогтоогчдын хувьд олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүрэг нь хувийн сонирхолд нь дарагдаж болзошгүйд оршино. Иймээс ч авилгын эсрэг болон ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль баталж, мөрдөж эхлээд байгаа юм. Улс төрийн томоохон намууд нь сонгуулийн компанит ажлаа санхүүжүүлэхийн тулд нэр дэвшигчдээс хандив авах замаар баян улс төрчдийн оршин тогтнохтой эвлэрцгээж байна.

Дэлхийн бусад ардчилсан орнуудын нэгэн адилаар монголын ардчилал сонгуулийн кампанит ажлын санхүүжилтын асуудалтай тулгарчээ. Намууд нь үзэл баримтлалын болон улс төрийн байр суурьгүй байдал ажиглагдаж байна. 1990-ээд онд Ардчилсан нам нь Европын үзэл баримтлалаар бизнест таатай, либерал нам шиг харагддаг байсан байдал одоо эрс хувирчээ. МАН өөрийн социалист уламжлалаа бүрэн орхисон байна. Үзэл баримтлалгүй энэ байдал нь намд томоохон бизнесменүүд шургалан орох үүдийг нээж уул уурхай гэх мэт салбарын маргаанд богино зайн популизмын орон зайг бий болгон өгч байгаа юм. Бусад ардчилсан орнуудын нэгэн адилаар Монгол улсад төрийн тогтолцооны алдаа оноо, айхтар нэр хүндтэй бус улс төрчид, үе үе үүсдэг шуугиант үйл явдал гэх мэт бүх зүйлс оршиж байна. Монгол улсад ардчиллын үйл явц үүсч, урт удаан хугацаанд оршин тогтнож буйг харах юм бол Улаанбаатарт ардчилалын олон улсын хурал хийх нь зүйн хэрэг юм.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаярын орчуулга


URL:

Сэтгэгдэл бичих