“Женко” группын бизнесийн түүчээ…

Монголын толгой баячуудын нэг Х.Баттулгыг танихгүй хүн байхгүй биз. Харин түүний баяжсан түүх сонин. Багаасаа спортоор хичээллэж, 1979-1990 онд самбо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байснаар нь үеийнхэн нь анддаггүй.
Хоёр ч удаа Самбо бөхийн дэлхийн аварга болж байсан шаггүй тамирчин гэдгээ харуулсан түүнийг мэдэх хүн цөөнгүй. Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан нь саяхан мэт боловч, хэдийнээ олон жилийг ардаа үлдээжээ.
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга 1990 онд бизнесийн салбарт хөл тавихаар шийдэж “Женко” ХХК байгуулсан гэгддэг. Бизнесийн гараагаа эхлэх хуримтлалыг тамирчин байхдаа цуглуулсан сэргэлэн залуу гэдгийг ойр дотныхон болоод төрөл садан нь ярих юм билээ.
Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байсан нь өнөөдрийн энэ том группын эхлэл байж. Х.Баттулга тэр л үеэс мөнгөний амт, үнэ цэнэ, бизнес хийхийн давуу талыг мэдэрч бага наснаасаа хичээллэсэн спортоо орхижээ.
Ингээд л амьдрал хаана байна тэнд ажиллах ёстой гэдгийн философиор тэрээр бизнесийн салбарт сэтгэл шулуудан орж. “Женко” ХХК-ийн эх суурин дээр тэрээр өдгөө арав гаран охин компанитай том группын эзэн болоод буй.
“Талх чихэр” ХК
Талх Чихрийн комбинат нэртэйгээр 1984 онд ЗХУ-ын техник, эдийн засгийн туслалцаатайгаар ашиглалтад орж байжээ. Цаашлаад 1999 онд хувьчлагдсан “Талх Чихэр” ХК болон зохион байгуулагдсан аж.
500 гаруй ажиллагсадтай 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, бялуу, чихрийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын тэргүүлэгч, ууган хүнсний үйлдвэр. Өдгөө эднийх хүнсний хууль, стандартыг ягштал баримтлан хэрэглэгчдээ чанартай бүтээгдэхүүнээр дайлан буй.
Мартагдашгүй “Max импекс” ХК
“Max Импекс” компани нь 1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдаж 60 дахь жилдээ ажиллаж байгаа хүнсний ууган үйлдвэр.
Түүнээс хойш 1968, 1987-1989 онуудад (тэр үеийн) БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар тус комбинатын техник технологиор шинэчлэн тоноглогдож 1977-1991 онуудад “Махконсервын комбинат”, 1991-1996 онуудад “Махим-пэкс пүүс”, 1996-1999 онуудад “Махимпэкс компани”,
1999 онд хувьчлагдаж “Max импекс” ХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь 300 гаруй ажиллагсадтай. Щвейцарь. ОХУ, БНХАУ, Итали, ХБНГУ, Голланд, Франц, Япон зэрэг орнуудтай хамтран ажиллаж экспорт импортын үйл ажиллагаа явуулж иржээ.
Сүүлийн жилүүдэд ОХУ, Казакстан, Киргистан, БНСУ-тай хамтран ажиллаж үхэр, адууны гулууз мах, ясны гурил экспортлож байгаа аж. Тус компани нь 2009 оноос Исламын Бүгд Найрамдах Иран улсын компаниудтай хамтран ажиллаж хонины ангилсан махыг экспортлох ажлыг тоггмол хийх болжээ.
“Чингэс хаан” хөшөө цогцолбор
“Чингэс хаан” цогцолбор нь 212 га талбайтай нь бөгөөд цогцолборын төвд морьт хөшөө байрладаг. Морьт хөшөө нь суурийн хэсгийн байгууламжийн хамт 40 метр өндөр юм. Суурийн хэсэг нь 10 метр өндөр 30 метрийн диаметртэй дугуй хэлбэртэй, морьт хөшөө нь 30 метр өндөр юм.
Хөшөөний суурийн хэсэгт хааны музей, үзвэрийн танхим, ресторан, бар, хурлын танхим, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байрладаг. Хөшөөний танхимаас морины сүүлэнд байрлуулсан цахилгаан шатаар морины бөгсөн бие хүртэл яваад цааш цээжин дундуур нь явган явж эмээлийн бүүргээр гарч улмаар морины хүзүүн дээгүүр явж толгойных нь орой дээр гаран цогцолборын эргэн тойрныг харах боломжтой.
Морьт хөшөөг тойрон 200 гаруй гэр буудал байрлуулахаар ажиллаж байгаа. Эдгээр 200 гаруй гэр нь орчин үеийн тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Гэр буудлууд нь XIII зууны үеийн Монголын овог аймгуудын хэрэглэж байсан эртний тамганы хэлбэрээр байрлах гэнэ.
“Женко тур бюро” Монголоороо гоёдог
“Женко Тур Бюро” ХК нь 2006 онд хувьцаат компани болж өмчийн хэлбэрээ өөрчилж 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслийг бүтээн байгуулахаар ажиллаж эхэлсэн аж.
Одоогоор тус компани нь өөрийн орны болон Япон, Сингапур, Орос, Герман, Солонгос, Хятад улсуудын аялал жуулчлалын компаниуд, манай орны томоохон хэмжээний арав гаруй зочид буудал, 20 орчим зоогийн газар, 50 гаруй жуулчны бааз, бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын газруудтай хамтран ажиллаж Монголынхоо үзэсгэлэнт газруудыг гадаадын зочид төлөөлөгчдөд гайхуулан буй.
“Коника-Минолта ” таныг “түүхчилнэ”
“Жи-Эй-Жи” ХХК нь 1995 оны 12 сард Монгол Сингапурын хамтарсан хөрөнгө оруулалттай байгуулагдаж Япон улсын “Коника” корпорацийн нэрийн барааг Монголын зах зээлд худалдаалан борлуулах эрхтэйгээр “Коника” гэрэл зургийн нэг лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
2003 оны аравдугаар сараас эхлэн Япон улсын хоёр том корпораци “Коника” болон “Минольта” хоёр нэгдсэнээр “Коника-Минольта” корпорацийн нэрийн доор үйл ажиллагаагаа явуулах болсон байна.
Одоо тус компани нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад болон хөдөө орон нутгуудад нийт 29 гэрэл зургийн лабораторитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“Баянгол” зочид буудал тав тухын баталгаа гэгддэг
Монголын аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээний салбарын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж, энэ салбарт нэр хүндийг хэдийнэ олсон “Баянгол” зочид буудал анх 1964 онд байгуулагдаж байжээ.
Өмч хувьчлалаар 1991 онд “Баянгол”зочид буудал” ХК болгон хувийн хэвш-лийн аж ахуй болон өөрчлөгдөж анхны хувьчлагдсан зочид буудал болсон түүхтэй. “Баянгол” зочид буудал нь дөрвөн одны зэрэглэлтэй ба голчлон бизнес ангилалын зочид төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авч дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж байна.
“Баянгол” зочид буудал өдгөө 215 өрөөтэй, 400 гаруй зочдыг нэг дор хүлээн авах чадалтай. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн олон өрөөтэй зочид буудлын нэгд тооцогддог бөгөөд нэг дор 500 хүн босоогоор хүлээн авах хүчин чадал бүхий том буудал гэгддэг.
Ази-Европ хоолны ресторан, “Монголын нэг өдөр” Монгол хоолны ресторан, Дээд зэрэглэлийн виноны “Wine House” кафе-бар, Bellagio Вьетнам Үндэсний хоолны ресторан, Касабланка-Ази, Сингапур хоолны ресторан гэсэн таван том ресторантай.
Хүнийг ходоодоор нь татдаг гэдгийг батлан харуулсан газрын нэг дээ. Тогооч нартай нь ярих юм байхгүй. Монголдоо мундагт тооцогддог олон сайхан сэтгэлэн тэнд ажилладаг гэгдэх юм билээ.
“ХИД” ХХК
Социализмийн үеийн хотын төвд байрлалтай том дэлгүүрийн байрыг Х.Баттулга өмч хувьчлалаар авч байжээ. Одоо энэ байранд Х.Баттулга сайдын “Hartford Institute” байрладаг байна. Үүнээс гадна түүний мэдэлд “Chinggis Market” “Ардчилал сонин”, Монголын мэдээ сонин, уул уурхайн томоохон хувьцаанууд гээд багагүй хөрөнгө бий.
“Түмэн хишигтэн”
Энэхүү хөшөөт цогцолбор нь нийт 140 га газрыг хамардаг. Энэ хэмжээ Сүхбаатарын талбайг тав нийлүүлсэнтэй тэнцдэг гэсэн. Уртаараа 2000 метр өргөнөөрөө 700 метр зайд 10000 морьт баатрууд цувран жагсдаг. Улаанбаатар хотоос 53 км зайд, байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог” хэмээх газарт байрлах аж.
“Их майдар” цогцолбор
Тус компани “Их майдар” цогцолбор байгуулахaaр ажилдаа ороод байгаа. Энэхүү бурхан нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Өгөөмөрийн аманд Богд хаан уулын энгэрт босох бөгөөд дэлхийд байхгүй том хэмжээтэй байх гэнэ.
Майдар бурхны ард 108 метр цагаан гантигаар Гандангийн суварга босгохоор төлөвлөж байгаа юм. Мөн уг суврага дотор 108 мянган ширхэг алтадсан Майдар бурхан хийж, иргэдэд эзэмшүүлэх ажээ.
“Hartford Institute”
Сингапурын үнэт цаасны зах зээл дээр бүртгэлтэй, бизнес менежментийн чиглэлээр боловсрол олгодог тэргүүлэгч байгууллага Харт-форд Институт нь 1999 оны тавдугаар сард байгуулагдаж байжээ.
Хартфорд нь 2004 оны дөрөвдүгээр сараас дизайн болон зохион бүтээх чиглэлийн боловсролоор Азид тэргүүлэгч Раффлес Корпорацийн (Раффлес Ла-Салле нэрээр илүү мэднэ) салбар болсон байна.
“Налайх” ХХК
Налайхаас нүүрс олборлодог энэ компани Улаанбаатарт нийлүүлдэг нүүрсний хэмжээгээрээ толгой цохидог. Энэ компанийн хувьцаа Х.Баттулга сайдын халаасанд 100 хувь байдаг гэсэн.
“Нүүдэл трейд”ХХК
Энэ компани 1994 онд байгуулагдсан. Монголын брэнд бүтээгдхүүнийг гадаад, дотоод зах зээлд худалдаалах үйл ажиллагааг гол чиглэлээ болгон ажилладаг. 2009 оноос аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй.
“Эмээлт” зах
Хотын баруун хэсэгт орших түүхий эдийн гол наймааг гартаа атгасан “Эмээлт зах” бас л 100 хувь Х.Баттулга сайдын өмч. Махны үнэ, ноолуурын үнэ гэх мэт түүхий эдийн гаралтай бараа бүтээгдэхүүний үнийг энэ зах тодорхойлж байдаг.
“МИК эмээлт” ХХК
Энэ компани махны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг, бас Хүнс хөдөө аж ахуйн яам, жижиг дунд үйлдвэрээс багагүй дэмжлэг авч чаддаг гэнэ.
“Милл хаус” гурилын үйлдвэр
Орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэ гурилын үйлдвэр гурил үйлдвэрлэгчид дунд том орон зайг эзэлдэг.
“XIII Зуун цогцолбор”
“XIII Зуун цогцолбор” нь Улаанбаатар хотоос 96 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ёл уулын эргэн тойрон 88 га газарт байрлаж байна.
“Гольф” цогцолбор
Төв аймгийн Эрдэнэ суманд баригдаж байгаа том хэмжээний зочид буудлыг 2008 оноос эхлэн барьж эхэлсэн. Энд гольфийн талбай, хиймэл нуур байгуулахаас гадна гадаад орчны бусад тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг иж бүрдлээр нь хийх аж.
“Женко”группын Х.Баттулгын хөрөнгө олонд ил байдаг нь сайхан хэрэг. Гэхдээ түүний Авлигатай тэмцэх газарт мэдээлсэн 14 тэрбум орчим төгрөгийг бага байна гэх хүмүүс ч олон байдаг юм билээ. Гэхдээ л түүний Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмрийг үгүйсгэхийн аргагүй юм.
Л.Буддорж
Эх сурвалж: “Нийслэл таймс”

URL:

Сэтгэгдэл бичих