Шинэ төмөр зам юу болсон бэ?

tomor zamБаянзүрхдүүрэг, 25 дугаархороо, ТөмөрзамынахмадинженерД.Дашзэвэг

Эрдэс баялаг, түүний дотор чулуун нүүрсээ экспортод гаргахын тулд төмөр замын шинэ сүлжээ байгуулах асуудлаар дээр доргүй олон жил ярьж, санаачилгатай зарим нэг нь төрийн өмчийн ба ху­вийн компани байгуулж, зураг төсөл судалгааг бишгүй хийгээд байх шиг. Гэтэл барилга байгууламжийн бодит ажил эхлэх, хөрөнгө мөн­гөний асуудлыг шийдэх зорилт тулаад ирэхэд мухардалд орж, төрөөс гаргасан баримт бичгүүд нь зөрчилдөж, ашиг сонирхлын элдэв маргаан гарч байгаа бололтой. Уул уурхайн том нөөцийг ашиг­лах, ялангуяа бүтээг­дэхүүнийг нь экспорт­лохын тулд эхлээд байгаль орчинд халгүй, эдийн засгийн үр ашигтай тээврийн дэд бүтцийг бий болгосон байх ёстой гэдэг. Үүнийг харгалзан төмөр замын шинэ шугам бай­гуулах дараахь төслүүдээр ТЭЗҮ хийжээ. Үүнд “Энержи Ресурсын төмөр зам” компани Германы ДБ Интернациональ гэдэг мэргэжлийн байгуул­ла­гаар Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын ТЭЗҮ хийлгэсээр багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч янз бүрийн саад тот­гортой тулгарсаар өнөөг хүртэл барилгын ажил эхлээгүй. Гол шалтгаан нь тээврийн яамнаас ба­рим­талж байгаа бодлого, төмөр замын цариг, трассыг сонгохтой холбоотой болох нь сүүлийн үед тодорхой болж байх шиг байна.ТЭЗҮ-д тусгаснаар Гашуун сухайтын 1435 мм царигтай, 214.8 км урт төмөр зам нь 60 т/ум даацын зам төмөр, бетон дэртэй, 25 тонн голын даралттай, галт тэрэгний хөдөлгөөний автомат удирд­лага ба мэдээллийн автоматжуулсан сис­те­мээр тоноглосон, нүүрс тээвэрлэх зориулалттай зам байх ажээ. “Мон­голын төмөр зам” гэдэг төрийн өмчит компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэд Маккензи гэдэг зөв­лөх үйлчилгээний ком­паниар нэлээд өндөр өртөгтэй ТЭЗҮ хийлгэсэн гэж ярьж байна. Хоёр, гурван жилийн өмнө энэ компани нэг газар төмөр зам тавина гэж суваг ухуулж байгааг зурагтаар харуулж байсан. Чухам хаана тийм ажил хийснийг би хувьдаа мэдээгүй. ТЭЗҮ-ийнхээ дагуу хий­сэн үү, эсвэл ТЭЗҮ-д зо­риул­сан судалгаа байсан уу, бүү мэд. 2007 оны үед Улаанбаатар төмөр замын зураг төслийн товчоо МАК компанийн захиалгаар Өмнөговийн Нарийн сухайтаас Шивээ хүрэн хүртэл 47.5 км урт, 1435 мм царигтай төмөр зам барих ТЭЗҮ хийсэн боловч цаа­шид ажил үргэлжлээгүй. Тэр үед Хятадууд ТЭЗҮ, зураг төслийг нь хийж байсан Болд төмрийн төмөр зам аль хэдийнэ ашиглалтад орж төмрийн хүдрээ тээвэрлэж байна. 2007 онд Шарын голын уурхай АНУ-ын зөвлөх үйлчилгээний ТЕРРА Интернациональ компаниар Хар тэвшийн уурхайгаас 1520 мм царигтай 96 км төмөр зам тавьж Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд хол­бох, Чойроос Замын-Үүд хүртэл гол замын хүчин чадлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх ТЭЗҮ хийл­гэжээ. Санхүүгийн асууд­лаас шалтгаалан төсөл хараахан хэрэгжээгүй байна.

Саяхан ерөнхий сайд асан М.Энхсайханы “Тө­мөр зам Түлхүүр ойлголт ба бодлогыг задлан шинж­лэхүй” сэдвээр сэтгүүлч­дэд танилцуулга хийсэн бичлэг болон мэдээллийн эх үүсвэрүүдээр гарч байгаа баримтуудаас үзвэл шинэ төмөр замыг тойрсон асуудал төр засгийн эрх мэдэлтнүүдийн дотор хэ­рүүлийн алим болж байна. М.Энхсайхан дарга МТЗ компанийн захирлаар бо­гино хугацаанд ажилласан ч боловсролтой том сэ­хээтний хувьд ул суурьтай судалгаа, дүгнэлт хийжээ. Ялангуяа, хөрөнгө оруу­лалтыг үр ашгаа мөд өгөх­гүй олон төрлийн ажилд үрэн таран хийхээс зайлс­хийж богино хугацаанд хэрэгжих төсөлд зарцуу­лах, шинээр байгуулах төмөр замын цариг сонгох зэрэг оновчтой хувил­ба­руудыг дэвшүүлсэн байна. Тодорхой зориулалтаар хөрш улсын хил хүртэл тавих төмөр замын цариг нь нүүрс мэтийн нурмаг ачааг хил дээр шилжүүлэн ачилт хийхгүйгээр ачаатай вагоныг зориулалтын өр­төө хүртэл шууд явуулах бололцоог хангасан, өөрөөр хэлбэл хүлээн авч байгаа төмөр замынхаа царигтай адил байх ёстой гэдэгтэй маргахын арга­гүй. Ийм төмөр замыг ашиглахын тулд хөрш ор­ныхоо засгийн газар, тө­мөр замтай гэрээ хэлэл­цээр хийж, хилээр галт тэрэг нэвтрүүлэх, ачаа ба вагон дамжуулах зэрэг асуудлыг нарийвчлан тохирсон байх учиртай. Шинэ төмөр замын төс­лүү­дээс Энержи Ресур­сын төсөл л ТЭЗҮ, тех­никийн шийдэл нь бэлэн болсон, Таван толгойн нүүрсийг хамгийн дөт замаар, нэмэгдэл зардал, алдагдал багатай экспорт­лох зорилтыг шийдвэрлэж чадахаар байна. М.Энх­сайхан дарга ч энэ төслийг суурь болгон авч “МТЗ өмнөд” гэдэг бас нэг компани байгуулан 232.8 сая ам.долларын хөрөнгө оруулж, бусад эх үүсвэ­рийг хөрөнгө оруулагчдаар гаргуулах хувилбарыг са­нал болгож байгаа бо­лолтой. Уг нь Энержи Рессурс ч төмөр замын компани байгуулж, дээ­рээс төмөр зам барих зөв­шөөрөл хүлээхийн зэрэг­цээ барилга, ашиглалтын ажлын бэлтгэл хангахын тулд мэргэжлийн хүмүү­сийг авч ажиллуулах, ши­нээр бэлтгэх, төмөр замын тээвэртэй холбоотой, манай улсын төмөр замд мөрддөг техникийн стан­дарт, заавар, галт тэрэгний хөдөлгөөний дүрэм, жур­муудыг гадаад хэл рүү орчуулж түншүүдтэйгээ зөвшилцөх зэрэг ажил хийж байгаа юм билээ. Дээр дурьдсан мэдээлэлд дэвшүүлсэн техникийн шийдлийг дэмжихийн зэ­рэг­цээ ярьж байгаа төсөл ба шинээр барих төмөр замд хамаагүй ч гэсэн судалгаанд Улаанбаатар төмөр замын талаар зарим буруу ташаа ойлголт, өн­гөц дүгнэлт байгааг хэлэх нь зүйтэй гэж бодогдов. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам хоцрогдсон, галт тэрэг 37 км/цаг хурдтай мөлхөж явдаг. Түүнээс илүү хурдалбал гадас нь сугарна, рельс төмөр нь ачааллаа даахгүй гэжээ. Галт тэрэг 100 км/цаг хүртэл хурдалж байхад хадаас сугарсан, зам цөмрөөд уначихсан хачин зүйл хэзээ ч гараагүй. Төмөр зам бол нүсэр том систем, галт тэрэгний дундаж хурданд нөлөөлдөг газар зүйн нөхцөл, хөдөл­гөөний нягтрал, өртөө зөрлөгийн тоо зэрэг хүчин зүйл байдаг. Үүнээс засч залруулж байгаа зүйл ч бий, болохгүй буюу асар их хөрөнгө хүч шаардсан зүйл ч бий. Сумдад цахилгаан төвлөрүүлтэд орж алсын удирдлагатай болоод бараг хагас зуун өнгөрчээ. “Төмөр замын хоцрогдлыг хэн ч ха­раагүй, хөндөж байгаагүй. Зөвхөн өнгөрсөн оны сүүлийн сард албан ёсны баримтад төмөр замыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг үг ор­сон” гэсэн байв. Улаан­баатар төмөр замын нэвт­рүүлэх чадвар, хүчин ча­дал, хөдөлгөөний хурдыг дээшлүүлэх талаар төр засгаас ч, төмөр зам өөрөө ч, хувь нийлүү­лэгчтэйгээ хамтраад олон төсөл хэрэгжүүлж, олон арга хэмжээ авсан. одоо ч авсаар байна. Тиймээс төмөр зам улс орныхоо тээврийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэг­цээг ноцтой сааталгүйгээр хангасаар байгаа билээ. Зарим боломжийг алдсан явдал бий. Тухайлбал, хэдэн жилийн өмнө АНУ-ын Мянганы сорилтын сангийн томоохон хөрөнгө оруулалт дээгүүр шидэлц­сэн чулуунд оногдож өөр тийшээ цацагдсан юм. Энэ бүхнийг нуршсаны учир төмөр замын холбог­долтой зорилтыг шийдвэр­лэх, шинэ төслийг хэлэл­цэхэд шийдвэр гаргах ба хэрэгжүүлэх төвшинд төмөр замын мэргэжилтэн байхгүй. Байсан ч тэднийг сонсдоггүй, асуудлыг мэргэжлийн бус хүмүүс бүдүүн баргийн таамгаар шийддэг болсныг хэлэх гэсэн юм. Одоо төмөр замын туршлагатай, олон шилдэг мэргэжилтэн янз бүрийн шалтгаанаар аар саар ажил хийж, зарим нь лааз өшиглөөд явж байна. Улаанбаатар төмөр замын даргын албыг олон жил хашсан Р.Рааш, В.Отгон­дэмбэрэл, орлогч дарга байсан доктор Ш.Сүхээ, МТЗ компанийг үүсгэн байгуулсан анхны захирал А.Батболд, Төмөр замын газрын дарга байсан Т.Батболд, тэнд ажиллаж байсан мэргэжлийн инже­нерүүд гээд тоочоод бай­вал нэг бус хэд хэдэн төсөл аваад явчих туршлагатай мэргэжилтнүүд байна. Мон­гол Улс ашигт малт­малын баялгаа ашиглаж цаашид хурдан хөгжих үү. Байгаль орчноо сүйт­гэл­гүй авч үлдэх үү. Их өр тавьж олсон хөрөнгийн эх үүсвэрээ аар саар зүйлд үрэн таран хийлгүй ашиг­тай зарцуулах уу гэсэн ноцтой асуудалтай холбоо­той учир төр засгаас ухаа­лаг шийдвэр гаргаж шинэ төмөр зам байгуулах асууд­лыг шуурхай, оновч­той шийдвэрлээсэй гэж хүсэн хүлээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих