ОЮУНЫ БАЯЛАГТ ХӨТӨЛСӨН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ 12 ДАХЬ ЖИЛЭЭ УГТЛАА

IMG_3923Боловсролын салбарыг тууштай дэмжигч Голомт банк жил бүрийн хавар оюуны хөдөлмөрөөр буухиалан ололт амжилтын замдаа гарсан оюутан залуусыг алдаршуулах Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

12 дахь жилтэйгээ золгож байгаа энэхүү боловсролын салбар дахь бодит хөрөнгө оруулалтанд өнгөрсөн хугацаанд нийтдээ 700 орчим оюутан залуус нэгдэж, өөрсдийн оюуны охь болсон бүтээлүүдээ ирүүлжээ.  Монголын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар болох Банк санхүү, бизнес эдийн засгийн сэдвийн хүрээнд зохиогддог байсан Эрдэм шинжилгээний бага хурал энэ жилээс эхлэн Мэдээлэл технологийн чиглэлээр материал ирүүлэх боломжтой болсон юм.  Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг 2013 оны 3-р сарын 13-наас 4-р сарын 19-нийг дуустал хүлээн авсан бөгөөд нийт 85 оюутан 47 бүтээл ирүүлсэн байна.

2013 оны 5-р сарын 1-ний өдөр Монголбанкны хурлын танхимд болсон бага хуралд оюутнууд маань эхний шатанд шалгарсан өөрсдийн бүтээлээрээ илтгэл тавьсан бөгөөд шилдэг 6 оюутныг эцсийн шатанд шалгаруулж оюутан цагийн ололт амжилт, оюуны зүтгэлийг нь шагнаж урамшууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын дүнг танилцуулвал:

1-р байранд “Зээлийн багцын эрсдэлийн VaR-ийг үнэлэх CREDITRISK+ЗАГВАР” сэдвээр МУИС-МКС-ийн оюутан Б.Сонинхангай, 2-р байранд “Зээлийн хүүгийн нэгдсэн түрүүлэгч индикатор” сэдвээр МУИС-ЭЗС-ийн оюутан П.Дагвадорж болон Н.Батболд нар, 3-р байранд “Стохастик багцын онол” сэдвээр СЭЗДС-ийн оюутан Б.Балжинням болон О.Баттулга нар, тусгай байранд “Хөрөнгийн зах зээл дээрх компаниудын бодит үнэлгээг тогтоох” сэдвээр СЭЗДС-ийн оюутан Э.Мягмарсүрэн, мөн тусгай байранд “Монголын хөрөнгө оруулалтын орчин ба зээлжих зэрэглэл, Монгол улсын рейтинг” сэдвээр МУИС-ЭЗС-ийн оюутан С.Эрдэнэцогт, Г.Хулан, Б.Мөнхсаруул болон Ө.Мөнхчулуун нар,  харин шилдэг илтгэгчээр “Интернэт банкны аюулгүй байдлыг хангах зарим асуудал” сэдвээр ШУТИС-КтМС-ийн оюутан Н.Мөнхбаяр тус тус шалгарлаа.

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, дадлагын болон судлаач багийн оюутан зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн нь Монгол орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон оюунлаг боловсролтой иргэд, чадварлаг боловсон хүчний бааз суурийг бүтээхэд томоохон байр суурийг эзэлсээр ирсний тод илрэл юм.

Голомт банкны Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон үе үеийн нийт оролцогчиддоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих