Тав дахь Ерөнхийлөгч хэн бэ?

ӨНӨӨДРӨӨС НЭР ДЭВШҮҮЛНЭ

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа өнөөд­рөөс эхэлж байна. Монгол­чууд 1993 онд анхны Ерөн­хийлөгчөө сонгож байсан бол энэ жил Төрийн тэр­гүүнээ сонгох тав дахь удаагийн сонгууль болно. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь нь Н.Багабанди, гурав дахь нь Н.Энхбаяр. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа билээ.  Харин тав дахь Ерөнхий­лөг­чид нэр дэвших сонир­холтой болон олон нийт хүлээн зөвшөөрч буй, намууд нь дэвшүүлэхээр төлөвлөсөн, тохирсон нэ­лээд хэдэн эрхэм бий.

2005 ОН: ДӨРВӨНӨРСӨЛДӨГЧТЭЙСОНГУУЛЬ

2005 оны Ерөнхий­лөг­чийн сонгуульд дөрвөн хүн өрсөлдөж байжээ. МАХН-аас Н.Энхбаяр, Ардчилсан намаас М.Энх­сайхан, “Эх орон” намаас Б.Эрдэнэбат, Бүгд найрамдах намаас Б.Жар­гал­сайхан нар өрсөлдөж байв.  Тухайн жилийн сонгуулийн гол өрсөлдөөн Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын дунд болсон юм. Сонгуулийн урьдчилсан таамаг ийм байсан ч МАХН-ын дарга Н.Энх­баяр сонгуульд са­нал өг­сөн нийт сонгог­чийн 65 хувийн санал авч үнэмлэ­хүй ялалт бай­гуулс­­наар Монгол Улсын гурав дахь Ерөнхий­лөг­чөөр сонгогд­сон юм.Энэ удаагийн сон­гууль хам­гийн олон өр­сөлдөгчтэй байв.

 

2009 ОН: АН-ЫНЗУРГАА

Энэ удаагийн сон­гуульд хамгийн олон нэр дэвшигч сойсон нам бол АН. Нийт зургаан хүн нам дотроо өрсөлдөж байлаа. Ц.Элбэгдорж нэгээр дэв­шив. Тухайн үед пар­ла­ментын гишүүн байсан Л.Гүндалай өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Ард түмний дунд түүний рейтинг өндөр байв. Мөн Р.Гончигдорж, З.Энхболд, Э.Бат-Үүл, Х.Баттулга нар өрсөлдөж байв. Эцэст нь Ц.Элбэгдорж Үндэсний зөвлөлдөх хорооны ги­шүүдийн олонхийн сана­лыг авч, нам дотроо өр­сөлдсөн бусад нь түүнийг дэмжихээр болсон юм.  С.Оюун, Д.Энхбат тэргүү­тэй ИЗНН-ынхан Ард­чил­сан намтай хамтран ажил­лах санамж бичиг байгуулж сонгуульд хамт­ран оролц­лоо. Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж олонхийн санал авч Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон юм.

 

2009 ОН: МАН-ААСГАНЦ

Тухайн үед МАХН нэртэй байсан одоогийн МАН 2009 онд Ерөн­хий­лөгчид нэр дэвших эрхэм олон байгаагүй. Тухайн үед Ерөнхийлөгчөөр ажил­лаж байсан Н.Энхбаярыг дахин нэр дэвшүүлэхээр Бага хурлаас шийдвэрлэв. Түүнтэй өрсөлдөх, өрсөл­дүүлэх кандидат нам дот­роос нь гарсангүй. Ганц­хан Н.Энхбаярыг Бага хурлын гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Тэрээр хоёр дахь удаагаа Ерөн­хийлөгчид нэр дэвшсэн ч олонхийн санал авч чад­сангүй ялагдсанаар нэгэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм. 2009 оны Ерөнхийлөгчийн сон­гууль хоёрхон өрсөлдөгч­тэй байв.

 

2013 ОН: МАХН-ААСДӨРӨВ

Энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сонгуульд олон хүн өрсөлдөх урьд­чилсан таамаг бий. На­мууд ч хамтарч оролцох талаар тохирсон зүйл одоо­гоор алга. УИХ-д суудал­тай улс төрийн намууд Ерөнхий­лөгчийн сон­гуульд нэр дэвшүүлэх бо­ломжтой. Иймд эрх баригч Ардчилсан намаас гадна тэдэнтэй хамт Засгийн газарт ажиллаж буй МАХН, МҮАН, ИЗНН, сөрөг хүчин МАН нэр дэв­шүүлэх боломжтой юм. Өнөөдрийн дүр зургийг харвал МАХН-ыг “Шу­дар­га ёс” эвсэлд багтаж буй МҮАН-ынхан дэм­жиж оролцох болов уу. Харин ИЗНН-ын дарга С.Оюун нэр дэвшиж ма­гадгүй байгаа. Тус намын өнгөрсөн сард болсон Үнд­сэний хорооны хурлаар Ерөнхийлөгчийн сон­гуульд дангаар оролцох саналыг олон гишүүн гар­гасан юм.  Хэрэв дангаар оролцохгүй бол УИХ-д суудалтай аль нэг намыг дэмжиж оролцоно. Тус нам Үндэсний хорооны­хоо хурлаар Ерөнхий­лөг­чийн сонгуульд хэрхэн оролцох эсэхээ шийднэ. Одоогоор тэд хурлаа товлоогүй байна.

Харин энэ удаад нэр дэвших боломжтой хүмүү­сээ хамгийн түрүүнд ал­бан ёсоор зарласан нам бол МАХН. Тэд зургаан хүн өрсөлдүүлэх боломж­той гэснээс УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэн­дийн сайд Н.Удвал нар тунаад байна. Тэд дотоод­доо ийм хүмүүсийг өрсөл­дүүлэх боловч хэн нэг­нийгээ дэмжиж гаргах нь тодорхой. Намын дарга Н.Энхбаярын хувьд энэ удаагийн сонгуульд орол­цох боломжгүй байгаа юм.

 

МАН, АНЧОЛОННЭРДЭВШИГЧТЭЙ

МАН-ын тухайд Бага хурлаа маргааш хийж нэр дэвшигчээ зарлана. Мөн л олон хүний нэр явж байгаа. Түүхэнд анх удаа эмэгтэй нэр дэвшигчийн рейтинг өндөр байгааг мэдээлж буй. УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол, намын дар­га Ө.Энхтүвшин, намын дарга асан М.Энхболд, Б.Бат-Эрдэнийг судал­гаанд оролцуулсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Энх­болд, Д.Лүндээжацангийн нэр ч дуулдах болсон. Аль нь ч өндөр магадлалтай улстөрч юм.

Ардчилсан намын ту­хайд одоогийн Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж гэж бичиж байгаа ч хурлын үеэр хүчтэй өрсөлдөгч то­дор­хыг үгүйсгэхгүй. Өнөөх Л.Гүндалай үзнэ гээд танхимаас босоод ирэхийг байг гэх газаргүй. УИХ-ын дэд даргад нэр дэвшиж байгаа Р.Гончиг­дорж гишүүн ч магад­лал­тай эрхэм. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэв­шихгүй гэж хэн ч хэлээ­гүй. Женко Х.Баттулга ч татгалзахгүй нэгэн. Э.Бат-Үүл дарга ч дуртай байгаа. Тэгэхээр Ардчилсан нам дотооддоо нэр дэвшигчээ тодруулах сунгаа амаргүй байх болов уу.

Дээр дурдсан эрхмүү­дээс Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодорно. Тав дахь Ерөнхийлөгч хэн байхыг ард түмэн ирэх зургадугаар сарын 26-нд тодруулах учиртай. Ерөн­хийлөгчид нэр дэвшигч­дийг өнөөдрөөс энэ сарын 12 хүртэл намууд дотоод­доо тодруулж дуусна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих