“ЧАЛКО” ГЭСЭН МАЛГАЙ ДОР ХЯТАДУУД НЭГДЭЖ ЧАДСАН, ХАРИН БИД…

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ДОТОРХИ ХЭРҮҮЛИЙН АЛИМ БУЮУ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭ

“Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон хамгийн сүүлийн үеийн мэдээлэл. Энэ нь тус компанийн удирдлагууд өнөөдөр олон хоног өлсгөлөн зарлаад буй өөрийн компанийн ажилчин С.Эрдэнийг хүлээн авч, хэлэлцээрийн ширээний ард суух юм байна. Тэдний хэлэлцэх сэдэв нь “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд цаашид хамтран ажиллах эсэх тухай асуудал бөгөөд эл шийдвэр яаж гарахаас хамааран нэг хүний амь, нэжгээд хүний амьдрал шийдэгдэх учиртай гэнэ. Тодруулбал, тус компанийн удирдлагууд С.Эрдэнэ гэдэг хүний байгуулсан гоё нэртэй үйлдвэрчний эвлэлтэй хамтарч ажиллана, нэгдэнэ гэвэл мань хүн өлсгөлөнгөө зогсоох, харин байдал эсрэгээрээ эргэвэл нэг хүний амь эндэж мэдэхээр тийм нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Энэ тухай тус компанийн удирдах албаны хүн өгүүлж, өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууна гэдгээ уламжилсан байна билээ. Уг нь ч түүний өгүүлснээр тэдний хэлэлцээрийн ширээний ард суух гээд буй сэдэв нь цаг үеийн тулгамдсан хөндүүр асуудал гэхээсээ илүүтэй нэг хүний амбицаас үүдэлтэй юм уу гэдэг нь хэнд ч анзаарагдахаар байгаа юм. Тодруулбал, тус компани өнөөдөр Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл, “Эв санааны нэгдэл” гэсэн хоёр үйлдвэрчний эвлэлтэй болчихоод байгаа. Гэвч толгой компанийн зүгээс тэдний нэгийг нь л сонгож гэрээ байгуулана бөөн асуудал үүссэн нь энэ юм. “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийг үүсгэн байгуулагч С.Эрдэнийн тухайд өөрийнхөө байгууллагатай гэрээ хий гэсэн шаардлагыг компанийн удирдлагууддаа тавьж, өлсгөлөн хүртэл зарласан бол нөгөөдүүл нь “Бидний хувьд нэг л айлтай гэрээ хийнэ. Танай хоёр эвлэл хамтарч нэгдээд бидэнд асуудлаа тавибал зүгээр байна” гэсэн утгатай зүйлийг хэлсэн байна. Иймээс С.Эрдэнэ гэдийж, “Тавантолгойн” удирдлагууд түүний аяыг даган хэлэлцээрийн ширээний ард суух маягтай. Уг нь С.Эрдэнийн хувьд асуудлыг ингэтэл дэвэргээд байх шаардлага үгүй юм билээ. Гэвч өнөө цагт ямар нэг байгууллагын толгойд байна гэдэг нь эрх мэдэл цаашлаад мөнгө санхүү гээд алс хэтдээ ашиг тусаа өгч мэдэх тул тэрбээр ийн улайрч байж ч болно. Нөгөөтэйгүүр “Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн үг бий. Харамсалтай нь, манайхан өөрийнх нь тааллаар асуудал шийдэгдэхгүй бол ажил хаях, өлсгөлөн зарлах гээд ардчиллаар түрүү барьж олон улсад нэр хүндээ барж орхидог. “Эрдэнэс Тавантолгой” доторхи хэрүүлийн алим буюу хэлэлцээрийн ширээ ард өрнөх асуудал буюу үйлдвэрчний эвлэлийн “сонгууль” ч энэ үлгэрийг давтаж байна

МОНГОЛД ҮҮСЭЭД БУЙ ХЭРҮҮЛ

Тус компани дотор ийм нэг хэрүүлийн алим дэгдээд байхад Монгол Улс даяар “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-гоос авсан зээлийн асуудал төрийн толгойны өвчин болчихоод байна. Манай дарга нар “Эрдэнэс Тавантолгой” ийм байдалд хүрсэн нь “Чалко” компанитай хийсэн гэрээтэй холбоотой. Сонгуулийн амлалтаас болж иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг тараасан. Тэр мөнгө нь “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээл бөгөөд 65 хувийг нь 21 мянга нэрээр иргэдэд өгсөн юм. Үүнээс болж “Эрдэнэс Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удаашралтай байна” гэх тайлбарыг өгч байгаа. Бас тус компанийн захирлууд “Чалко”-гийн удирдлагуудтай ээлж дараалан уулзалт зохион байгуулж өрнөөс гарах гарц хайж л байна. Ямартай ч тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа зогсоход хүрээд буйг нэг бус удаа учирлаж, манай компани Хятадын “Чалько”-гоос гадна “Голомт” банкаас 131 сая ам.доллар зээлсэн байна. Харин Засгийн газраас дээрх мөнгөний 170 орчим сая ам.доллараас бусдыг нь Хүний хөгжил санд татаж, иргэдэд тараасан. Иймээс эхний ээлжид Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авах шаардлагатай байгаа” гэж дуулгаж байсан ч төр засгийн зүгээс дэмжээгүй. Өмнөх засгийн үед тараасан мөнгө гэх ухааны юм яриад орхисон. Үүн дээр нэмээд бас нэг асуудал үүсээд буй нь Я.Батсуурь даргын хэлсэн шахаа. 2016 оноос эхлэн багахан хэмжээний ноогдол ашиг энэ тэр өгч магадгүй талаар ярьж байгаа тус компанид өмнөх удирдлага Б.Энэбиш тэргүүтэй нөхдөд 6.6 тэрбум төгрөгийн шахаа хийсэн бололтой юм. Энэ тухай цагдаад ажилладаг нөлөө бүхий нэгэн “Энэ асуудлыг нэлээд эртнээс анхааралдаа авч зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн” хэмээн мэдэгдсэн. Түүний хэлснээр энэ хэргийг АТГ-ынхан УМБГ-аас татаж шалгаад эхэлсэн юм. Ямартай ч Я.Батсуурь даргын хэлснээр тус компани өдгөө тус бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй хүнд даацын 10 машин, таван тэрбум төгрөгийн өртөг бүхий дугуй авсан нь одоо хог болоод хэвтэж байгаа аж. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компанид операторын үйлчилгээ үзүүлж байгаа “Macmahon” компани 1.6 тэрбум төгрөгийн машинуудыг шалгаж үзээд стандартын шаардлага хангахгүй гэж гэж хэлсэн юм билээ. Дээрээс нь машинуудынх нь бичиг баримт олдохгүй байгаа гээд бас асуудал нэмсэн байна. Тэр олон машин, дугуйг тендер зарлаж авсан бөгөөд Тендерийн хороонд ажилладаг зарим хүн үүнээс болж болж ажлаасаа халагдсан гэх мэдээлэл ч байгаа. Юм болгоныг нам хэмээн харж талцах монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-г тойрон ийм нэг намчирхал, ийм нэг шахаа, ийм нэг улс төр хийж байна. Тэр ч бүү хэл Тавантолгойн нүүрсийг хамгийн хямдаар шахаж, бөөн алдагдалтай гэрээ нэгийг байгуулчихаад буйг хэвлэлүүд хангалттай бичиж байгаа. Магадгүй “Эрдэнэс Тавантолгой” өнөөдрийг хүртэл хөл дээрээ босч чадахгүй байгаа шалтгааны нэг нь энэ ч байж болох талтай. Харин биднийг ийн, манарч, маргаж суух зуур урд хөршүүд арай өөр…

“ЧАЛКО” БУЮУ ХӨРШҮҮДИЙН ЭВ НЭГДЭЛ

Саяхан нэг танил маань ярьсан юм. “Бид нүүрсээ тойроод хэрэлдэж суух зуур хятадууд энэ салбарынхаа бодлогыг бүр нарийн болгочихсон байна. Нүүрс авдаг, зардаг, олборлодог гээд бүгд нэг малгай дор нэгдчихэж. Гэтэл бид өнөөдрийг хүртэл Тавантолгой, Оюутолгойгоо мэрээд л суух” хэмээн халагласан. Нээрэн ч энэ салбарынхны үгийг сонсч байхад их сонин бас сонирхолтой мэдээлэл хэлдэг. Тухайлбал, “Биднийг газар доорх жаахан баялгаа хав дарж, харамлаж, тэгсэн атлаа хэний ч санаанд оромгүй хямд үнээр зарж суух зуур хятадууд огт өөрийг хараалчихсан суугаа. Манай өмнөд хилтэй залгаа байдаг ӨМӨЗО-ы Альшаа аймаг л гэхэд нүүрсний нөөц ихтэй” гэж ирээд л ярьдаг. Иймээс урд хөршийн хар алтны зах зээлийг тойрсон сониролтой гэж хэлж болох зарим баримтыг шүүв. Түүнээс сийрүүлбэл, БНХАУ дэлхийн нүүрсний хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн хувьд хамгийн томд тооцогддог бөгөөд жилдээ 40 сая тонн нүүрс олборлодог гэсэн судалгаа байдаг юм байна. Үүнийг нь таван жилийн өмнөхтэй нь харьцуулбал олборлолтын хэмжээ нь дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг аж. Хамгийн сонирохолтой нь хятадууд яг энэ эрчээрээ нүүрсээ ухвал 21-28 жилийн дараа гэхэд нөөц нь бүрэн дуусах бөгөөд тэдний нэг жилд хэрэглэх нүүрсний хэмжээ нь гурван тэрбум тонн. Энэ нь улсынхаа хөгжлийг дагаад бүр ч нэмэгдэх юм байна. Харин энэ тооны дэргэд манай нүүрсний зах зээл дэндүү жижиг. Бид 2015 оноос хойш жил бүр 40 сая тонн нүүрс үйлдвэрлэх боломж нээгдэнэ гэсэн тооцоог мэргэжлийнхэн гаргасан бол зарим судлаач Монгол Улс 2020 он гэхэд 100 сая тонн нүүрсийг жилд олборлох боломжтой гэж үзжээ. Үүнийг урд хөршийн хэрэглээтэй харьцуулбал, бидний олборлож буй нүүрс Хятадын жилд хэрэглэх нүүрсний гучны нэг хувьтай л тэнцэж буй аж. Түүнчлэн, зарим хэвлэл дээр ӨМӨЗО-ы Засгийн газар саяхан Нарийн сухайтын боомтоор орж ирж буй нэг тонн нүүрснээс нэмж татвар авахаар болсон гэх мэдээлэл гарчээ. Урд хөршийн болон Монголын нүүрсний зах зээлийг тойрсон энэ мэт баримтыг шүүж тунгаана гэвэл дуусахгүй. Гэхдээ бид дэлхийд хаана ч байхгүй хямд үнээр нүүрсээ өдөр шөнөгүй зөөж буй нь туйлаас үнэн. Үүнийг зарим нь зөвтгөж, хар алтаа газар доор хав дарж байхаар ямар нэг байдлаар эргэлтэд оруулах нь зөв гэх юм билээ. Харин нөгөө хэсэг нь хятадууд Монголын газрын баялгийг өөрийнхөө хэрэглээнд тохируулж ирээдүйн стратегиэ төлөвлөж байхад манайхан маш хямд үнээр өнөөдрөө л аргацааж байвал боллоо гэх мэт өчүүхэн сэтгэлээр хандаж байна хэмээн өгүүлдэг. Энэ үнэн. Биднийг хар алтаа яах вэ хэмээн шогширч, төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой”-гоо өрнөөс өндийлгөөгүй байтал хятадууд энэ салбартаа нэгдээд нэгдсэн бодлогоо бүр ч боловсронгүй болгоод сүйд байна цаана чинь. Яг үнэндээ хятадууд Засгийн газрынхаа дэргэдэх “Чалко” гэсэн малгайн дор нэгдэж чадлаа. Харин бид…

Л.Оюунгэрэл “ӨДРИЙН ШУУДАН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих