Г.Амгаланбаатар: Туранхай, дэлдэн шар нөхөд их адилхан байсан байх

ceccd6afd9fee40doriginal“Драмын дөрөв”-ийн нэг гэдгээр нь “Та бид сайн мэдэх жүжигчин” СТА Г.Амгаланбаатартай найзынх нь талаар халуун дотно яриа өрнүүллээ. Түүний дотнын найз Н.Наранбаатарын “Надаас хөврөх үнэн, хайр, цаг хугацаа” хэмээх уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 12- нд болох гэж буй юм.

-Анх Н.Наранбаатар найруулагчтай хэрхэн танилцаж байв?
-Бид хоёр чинь Соёл урлагийн их сургуулийн дээд, доод курсийн оюутнууд байлаа. Ер нь 1996 оноос хойш найзалж, нөхөрлөсөн. Намайг нэгдүгээр курст ороход Пара маань гуравдугаар курст сурдаг байсан. Пара 1998 онд, би 2000 онд сургуулиа төгсч Драмын театрт хамт ажиллах болсон. Оюутнууд ямар байдаг билээ. Яг л түүн шиг ахаа, эгчээ гээд л явдаг байлаа. Оюутан байхад бид хоёрыг их адилхан гэдэг байсан. Тухайн үед туранхай дэлдэн шар нөхдүүд их л адилхан харагддаг байсан байх.

-Жүжигчин Амгаа Парагийн найруулсан хэчнээн жүжигт тоглосон бэ?
-Парагийн найруулсан анхны жүжиг болох “Бооцоо” жүжгийн гол дүрд тоглож байсан. Энэ жүжиг бид хоёрын хувьд анхны бүтээл минь байсан. Олон жүжигт нь тоглосон. “Надаар тоглосон хайр”, “Парисийн дарь эхийн сүм” зэрэг 10 гаруй жүжиг байгаа байх.

-Найзыгаа жүжигчнийхээ ажлыг хийлгүй найруулагч болоход дэмжсэн үү?
-Пара маань жүжигчин, найруулагчаар төгссөн. Төгсөлтийнхөө дипломын ажлыг Францын “Близ” жүжгийг “Хүүхэд залуусын театр”-т найруулан тавьж, багш нараас сайн үнэлгээ авч байсан. Тухайн үед би найзыгаа сайн найруулагч болох юм байна гэж бодож байсан. Тиймээс найруулагчийн ажлыг сонгоход бүх талаар дэмжсэн.

-Тайзнаас гаднах нөхөрлөл бас зузаан биз?
-СУИС төгсч байгаа оюутан залуусын хувьд Драмын театр бол туйлын мөрөөдөл байдаг. Өндөр шалгууртай энэ театртаа найзтайгаа хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Бид бол театрын нэгэн үеийн төлөөлөл, ачааны хүндийг нуруундаа үүрч яваа залуус гэдгээрээ бахархаж, омогшиж явдаг даа. Паратайгаа уран бүтээлийн анд нөхдөөс гадна гэр бүлийн найзууд. Манай том хүү Парагийн том хүү хоёр нэг жил нэгдүгээр сургуулийн нэгдүгээр ангид элсч байлаа. Хэдийгээр өөр, өөр ангид орсон ч бас л бид хоёр шиг үерхэж, нөхөрлөж байна.

-Найруулагч, жүжигчний хувьд хэр маргалддаг вэ?
-Тийм зүйл гаралгүй яахав. Гэхдээ ажил, амьдралыг салгах хэрэгтэй. Амьдрал дээр бидэнд маргалдах зүйл байхгүй ч ажлын хувьд санал зөрчилдөх үе цөөнгүй гардаг. Найруулагч бол жүжигчний хувьд чиглүүлэгч, зангидагч нь байдаг. Тиймээс аль болох хэлсэн зөвлөснийг нь сонсч, хүлээж авахыг хичээдэг.

-Та хоёр хамтдаа “Драмын дөрвөл” хамтлагийг байгуулж байсан. Хамтлагийн уран бүтээлээ үргэлжлүүлэх үү?
-Дууны урлагийг бол огт орхиогүй. Урилгаар хааяа дуулдаг. Өнгөрсөн хугацаанд бид дөрөв хоёр цомог, 20 гаруй дуутай болсон байна. Бас хоёр ч удаагийн тоглолт хийсэн байна. Мюзикл тоглолт ч хийж байж. Зарим дуугаа дүрсжүүлэх юмсан гэсэн бодолтой явдаг. Зав нэг л гарахгүй байна. Ямартай ч энэ жил дорвитойхон шиг хөдлөөд гурав дахь цомгоо гаргая гэсэн бодол байна.

-Н.Наранбаатар найруулагчийн хүндэтгэлийн тоглолтод ямар бэлэг барих вэ?
-Хамтлагийнхан маань Н.Наранбаатарынхаа тоглолтын ажилд нь туслаад л гүйж байна. Тоглолтод Драмын театрын бүх уран бүтээлч сэтгэл зүрхээрээ оролцож байгаа. Маш сайхан тоглолт болно гэдгийг ам бардам хэлмээр байна. Тавдугаар сарын 12-нд болох тоглолтод рок попын бүх одод оролцоно. Найзын минь найруулсан “Миний сайхан эх орон”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү”, “Шөнө амталсан нулимс”, “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжиг, “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Нүцгэн дурлал”,”Нууц амраг чинь болъё”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм”, “Би ч гэсэн жаргамаар байна” “Танихгүй эмэгтэйн захидал” гэх мэт гуч гаруй жүжиг, кино бий. Найруулсан жүжгийнх нь дууг рок попын бүх одод дуулсан байдаг. Үүнээс гадна хошин шогийн продакшнууд тоглолтод маань хамтран оролцохоор болсон. Пара драмын жүжгүүдээс гадна олон нийтэд шуугиан тарьсан “Шинэ үе” хамтлагийн “Галзуу дурлалт залуу” жүжгийг хүртэл найруулсан юм шүү дээ. Ер нь шилдэг гэсэн бүтээлүүд Парагийнх байдаг. Найзын минь хүндэтгэлийн тоглолт бусад тоглолттой харьцуулахад арай л өөр, сайхан болно гэж итгэж байгаа.

-Таны хувьд одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоо бол хүүхдийн жүжигт ажиллаж байна. Содномдорж зохиолчийн зохио лоос сэдэвлэсэн найруулагч Түвшингийн “Норовын нам тар” жүжигт дэвтэр номоо урдаг сахилгагүй Норов хүүгийн аавын дүрд тоглох гээд бэлтгэлээ хийж байна. Парагийнхаа тоглолтыг дуусгаад энэ сарын 16-нд Төв аймгийн төв Зуун мод сум уруу Драмын театрын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарах гэж байна. Төв аймгийн ЗДТГ-тай хамтран театрын өдрийг зохион байгуулахаар болсон. “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Хар санаа хайр сэтгэл”, “Хайрын виз” зэрэг жүжгүүдээ тоглоно. Бид 2002 оноос хойш жилдээ хоёр аймгаар тоглодог байсан. Манай театр бүх аймгаар орж тоглосон ч хамгийн ойрхон Төв аймгаа орхичихсон байсан. Би өөрөө Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул. Манай Эрдэнэсант сумын түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ сайхан цаг мөчид нутгийнхандаа уран бүтээлээ хүргэх гэж байгаадаа баяртай байна.

Г.НЯМСҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих