Н.Цолмонбаяр: Хайртайгаа учирснаас хойш хун цуглуулсан

17095“Дурлахаараа би солиотой болчих юм” хэмээн дуулж, рекламны “мангас” болсон “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цолмонбаяр буюу Цоомоог монголчууд мэддэг болсон.

“Хобби” булангийхаа энэ удаагийн зочноор түүнийг урилаа.

-Танай хамтлагийг шинэ уран бүтээл хийж байгаа гэж сонссон?

-Энэ жил уран бүтээлийн олз омог арвинтай байна. Анх удаа “Гэгээн муза” наадамд оролцож, хоёр төрөлд шилдгээр тодорлоо. Бид үгээр хэлэхийн аргагүй урам авч тэтгэгдсэн. Ээлжит уран бүтээлээ хийхээр хэд хэдэн зохиол уншиж байна.

-Сонирхуулаач?

-Одоохондоо нууц үлдээе. Дэлгэх цаг нь арай болоогүй.

-Тэгвэл манай уншигчдад хоббигоо дэлгээч?
-Олон хобби бий. Спорт түлхүү сонирхдог. Хөлбөмбөг, сагсан бөмбөг гээд л. Бараг оролдож үзээгүй спорт үлдээгүй байх. Харин сүүлийн гурван жилд арай өөр зүйл сонирхол татаад байгаа.

-Юу юм бол?
-Хун цуглуулдаг болсон.

-Эрэгтэй хүн гэхэд сонирхолтой хоббитой юм. Яагаад хун цуглуулах болсон бэ?
-Хайртайгаа учирснаас хойш хун цуглуулж эхэлсэн. Манай гэр бүлийн хүн ч дуртай. Хун шувууг үнэнч хайрын бэлгэдэл гэдэг. Тэр утгаар эхнэр бид хоёр гэгээн хайраа бэлгэдэж, олон хунгийн цуглуулгатай болно гэж боддог.

-Одоогоор танай гэрт хэдэн хун байна?

-20 гаруй бий. Бүгд өнгө үзэмжийн хувьд гайхалтай содон. Дахин давтагдашгүй юм шиг санагддаг.

-Хаанаас авдаг вэ?
-Гадагшаа явахаараа авдаг. Ирландаас нэг хун авсан. Маш чамин хийцтэй. Харахад л нүдэнд тусахаар гоё. Би хун авахдаа ихэвчлэн хийцийг нь хардаг. Аль болох өвөрмөц, содон байвал зүгээр. Энгийн хийцтэй, ямар ч дэлгүүрийн лангуун дээр байдаг хун бол онцгүй шүү дээ.

-Манайд хун зардаг дэлгүүр олон бий юу?
-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ “Ачлал” их дэлгүүрт хун зардаг юм. Би тэндээс хэд хэдэн хун авсан. Дажгүй юм билээ.

-Эхнэртээ хун бэлэглэж баярлуулдаг уу?

-Бэлэглэхээсээ илүү хамт явж байгаад сонголт хийж, авах дуртай.

-Хамгийн, хамгийнаас нь сонирхуулаач?

-Хамгийн том нь миний алгыг хоёр дахин нийлүүлсэн юм шиг том. Харин хамгийн бага нь долоовор хурууны чинээ бий.

Ч.Гантулга


URL:

Сэтгэгдэл бичих