В.Баттулга: Гэрэл зураг бол сэтгүүлзүйн том төрөл

b290ce05b92d7064originalГэрэл зураг гэдэг гайхамшигт бүтээл. Ялангуяа мэргэжлийн гэрэл зурагчны мэдрэмжтэй, зохиомжтой авсан ховор зураг нүд, сэтгэлийг баясгахын зэрэгцээ бодлын мянган хэлхээсийг зүрхний  чанадад хөвүүлэх мэт. Монголын гэрэл зургийн нэрт мастеруудын нэг В.Баттулгатай ярилцлаа. Тэрээр уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ нээж байгаа билээ.

 

-Анх амьдралаа гэрэл зурагтай холбосон үеэ дурсаач?

-1986 оны зун аав маань Эрхүү рүү маркийн үзэсгэлэнд явсан юм. Ирэх­дээ “Зенит” гээд апп­арат авчирж өгсөн. Түүнээс хойш гэрэл зураг­тай амьдралаа холбож, үнэнч байсаар өдийг хүрлээ. Наадмын өмнө их дэлгүүр орж германы “Орво 22” плёнк худалдаж аваад хажуу талынх нь зурагчинд орж цэнэглүү­лээд гараад өгсөн дөө. Тэр өдөр гар дээрээ шувуу суулгасан охины зургийг дарсан. Одоо ч миний хамгийн эрхэм кадруудын нэг.  Ямар ч мэдлэггүй залуу зурагчин дарсан гэхэд өрц, хурд, зохиомж янзтай тохирсон зураг шүү.

-Хэвлэл мэдээллийн салбарт хэзээнээс ажил­лав?

-Тэр намраа МҮЭСТО-ны гэрэл зургийн дугуй­ланд орсон. Германд сургууль төгссөн Э.Алтанбулаг багшийн шавь болж билээ. Төгссөн намраа “Ажилч­ны урлагийн хоёрдугаар их наадам”, “Ажилчин ангийн яруу алдар” гэсэн хоёр уралдаанд ороод тэр­гүүн байр эзэлсэн. Түү­нээс хойш олон уралдаанд оролцсон. 1987 оны зун Бүх Холбоотын КУДСур­гуульд кино операторын ангид орж суралцахаар болсон. Эргээд харахад хэвлэл мэдээллийн сал­барт хориод жил ажил­ласан байна. Одоо харин чөлөөт уран бүтээлч болоод байна.

-Анхны “Зенит”-ээс хойш олон аппарат хэрэглэсэн үү?

-Аппарат, хэрэгсэл сонирхож цуглуулдаг. Түүнээс учиргүй олныг эдэлж явсангүй. Анхны “Зенит”-ийнхээ дараа Германы “Практик” гэдэг аппарат барьсан. 2000 оноос эхлэн “Канон”-ы хоёр загварыг барьж бай­на. Мөн хальсны “Никон Ф3”-аараа одоо ч зураг дардаг.

 

-Хальс, дижитал хоёрын ялгааг хэлж өгөөч?

-Гэрэл зургийн мас­терууд ихэвчлэн хальсаар зураг дардаг. Хальс бол хэзээ ч хуучрахгүй,  чанарын хувьд дижи­та­лаас огт дутахгүй.  Жишээ нь 2012 оны Лондонгийн олимпийг Америкийн нэрт зурагчин Бурнетт 1940-өөд оны хальсны аппаратаар авсан.  Тэдгээр нь оны шилдэг зургаар шалгарсан жишээтэй. Хадгалалтын хувьд ч хальс хэдэн жил өнгөрсөнч  байж л байна. Давхар файл болгоод хадгалсан байхад бүр асуудалгүй. Дижитал бол хард диск эвдэрхэд бүх зураг устана. Гэрэл зураг сонирхогч залуус сүүлийн үед хальсны аппаратаар зураг дарах болсон.

-Гэрэл зураг сонир­хогч­дод юу зөвлөх вэ. Сайн зурагчин болохын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Гэрэл зураг бол хөдөлшгүй түүхэн баримт, дахин давтагдашгүй аг­шин хором юм. Мөн урлаг, сэтгүүлзүйн том төрөл. Ганц сайн гэрэл зургаар түмэн зүйлийг өгүүлж, бусдыг ухааруулж, соён гэгээрүүлж болно. Үүнийг урлан үлдээхэд гэрэл зурагчны ур чадвар өндөр, байнга хөгжиж байх учиртай. Хамгийн гол нь зурагчин уран бүтээлээ байнга бодож, түүнийхээ төлөө шаналж, онгод хиймороор шатаж явах хэрэгтэй. Миний хувьд  хаана ч явсан аппаратаа үүрээд явдаг. Хичнээн цаг завгүй байсан ч долоо хоногийн нэг өдрийг цэвэр уран бүтээлдээ зориулдаг. Юуны зураг авахаа сэдэвч­лээд, нарийн төлөвлөгөө гаргасан байдаг. Зөвхөн гэрэл зурагчин ч биш, ер уран бүтээлч хүн бүхэн эрэлч хайгуулч, хөдөл­мөрч, өндөр мэдрэмжтэй, эмх цэгцтэй, зорилготой байх хэрэгтэй. Энэ бүгдийг цогцлоож чадвал амжилтанд хүрнэ.

Зурагчин хүн тоног төхөөрөмжөө хэзээ ч голж болохгүй, зөвхөн өөрийн ур чадварыг голох хэрэг­тэй. Толгойгоо сайн ажил­луулж чадвал ямар ч аппа­ратаар сайн уран бүтээл гаргаж болно. Нэг аппа­ратыг төгс эзэмшсэний дараа өөр технологи сонирхох хэрэгтэй.

 

-Гэрэл зураг түүхийн хөдөлшгүй баримт болж үлддэг?

-Зураг дарсан хором бүр л түүхийн чухал гэрч. Онцгой үйл явдлаас жишээ татвал тэр жил Л.Гүндалайг Их Хурлын гишүүн байхад нь баривч­лаад бөөн шуугиан дэгдсэн дээ. Тэр үед би нисэх дээр өөр ажилтай явж таараад хэрхэн баривчилж байгаа бүх хормыг дурандаа буул­гаж чадсан. Тэнд надаас өөр зурагчин байгаагүй. Нисэхээс намын байран дээр нь ирж зураг аваад тэр өдөр амьсгаа өндөртэй гүйж билээ. Гүндалай суллагдсаныхаа дараа надтай тусгайлан уулзаж, талархлаа илэрхийлсэн. Үүнээс харахад тухайн өдрийн хэвлэлийн хамгийн чухал түүхий эд тэр зургууд байсан хэрэг.

-Бие даасан үзэс­гэлэн­гийнхээ талаар танил­цуулахгүй юу?

-Олон үзэсгэлэнд бусадтай хамтран оролцож байсан ч бие даасан үзэсгэлэнгээ гаргасангүй өдий хүрчээ. Дарс дарах тусмаа амттай болдог шиг сайхан үзэсгэлэн гарах байх гэж итгэж байна. Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 100 жилийн ой ч энэ жил тохиож байгаа. Би үзэсгэлэндээ 100 гаруй шилдэг бүтээлээ тавина. Мөн аппарат хэрэгсэл, бусад тоног төхөөрөм­жүүдийг дэлгэн тавих бо­долтой байна. Үзэсгэлэн­гээр тогтохгүй олон жил дарсан бүтээлүүдээ сэдэвчилж, цуврал ном гаргах бодол бий.

-Таны бодлоор фото сэтгүүлзүйн хөгжил манай улсад аль төвшинд хөгжиж байна?

-Гэрэл зураг бол хэв­лэл мэдээллийн салбарын хавсарга бүтээгдэхүүн. Барууны сэтгүүлзүйд текстийг жижиг, гэрэл зургийг том тавьдаг. “Нэг зураг мянган үгний хүч­тэй” гэдэг үг бий.  Манайд олон нүүр дамнасан нийтлэлийг огт зураггүй тавих  тохиолдол их. Энэ бол ухралт. Өнцгөө олоо­гүй нуршсан нийтлэлээс сайн зураг хавьгүй илүү ихийг уншигчдад ойлгуул­даг. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс үнэтэй, чанартай аппарат хэрэг­сэл авч хэрэглэх болсон. Гэвч үүнийгээ хэрхэн ашиглаж эзэмшихээ мэдэхгүй бол хэзээ ч сайн бүтээл хийхгүй. Тиймээс Монголын гэрэл зургийн танхим 14 хоногийн хугацаатай гэрэл зургийн “Шавь” сургалт явуулдаг болсон. Сайн зураг авч сурахыг хүссэн хэн ч хандаж болно. Би тэнд багшилдаг. Түүнчлэн хэвлэлийн хүрээлэнд фото сэтгүүлзүйн хичээлийг тав дахь жилдээ зааж байна. Мөн “Дэлхийн зөн” байгууллагатай хамтарч орон нутаг болон хотын дүүргүүдэд сэтгүүлч болох хүүхдүүдэд гэрэл зургийн хичээл заадаг. Энэ мэт өөрийн чадах чинээгээр фото сэтгүүлзүйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээж явна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих