Жулиан Ленноны алдарт аавтайгаа “өрсөлдсөн” 50 жил

2013041015tБ.БАРС

“Бид Есүсээс ч алдартай боллоо” гэж 1960-аад онд сүржин мэдэгдэн Америкийн сүсэг бишрэлтэй энгийн иргэдийг цочроож явсан хамтлаг бол Ливерпулийн домогт “Битлз”. Рок-поп хөгжмийг даяаршуулж, өөрсдийнхөө нэр алдрыг ч мөн тэгж чадсан энэ хамт­лагийн тэргүүлэгч нь яа­хын аргагүй Жон Леннон. Тэгвэл энэ хамтлагийн гишүүдийн хүүхдүүдээс дуу хөгжимд хамгийн үнэнч, бас хамгийн ам­жилт­тай нь мөн л Жулиан Леннон. Тэрээр уржигдар 50 нас хүрчээ.

Юм бүхний анхдагч, санаачлагч байх хэзээний дуртай, бүр донтой Жон Леннон хамтлагийнх­наа­саа хамгийн түрүүнд гэр­лэж, 1963 оны дөрөвдүгээр сарын 8-нд хүүтэй болсон юм. Тэгээд хүүдээ өөрийн ээж Жулиадаа зориулан Жулиан нэр өгсөн гэдэг. “Битлз”-ийнхэн бүгд л бяцхан Жулианыг өхөөр­дөж, түүнд зориулан хоёр ч дуу зохиожээ. Нэг нь “Lucy In The Sky With Diamonds”, нөгөө нь “Hey Jude”. Хоёулаа уянгалаг, намуухан, удаан хэмнэл­тэй, бараг л бүүвэйн дуу.

Ийнхүү Жулиан хүү мэдээ орохоосоо ч өмнө олны анхааралд өртжээ. Түүнийг 17 настай байхад ээж Синтиягаас нь салж хэдийнэ Йоко Онотой нэг гэрт орсон аав нь Нью-Йорк дахь гэрийнхээ үү­дэнд сэтгэцийн өвчтэй залууд буудуулан амь на­саа алдсан билээ. Багаасаа олны анхааралд өртөн эрхэлж хөлд орсныхоо дараа гэр бүл салалт, аавынхаа үхэл зэргийг амссан Жулиан идэж уух, өмсч зүүхээр дутаагүй ч нэлээд хэрсүү өссөн гэлтэй.

Иймээс ч тэр ихэнх оддын хүүхэд шиг нялзрай нэгэн болоогүй биз ээ. Түүнд ааваасаа өвлөсөн авьяас, нэр хоёр байлаа. Эхнийх нь түүнд маш их хэрэг болсон бол хоёрдахь өвийн тухайд юу гэж ч үзэж болохоор. Хүмүүс  карьерынх нь эхэнд түүнийг аавынхаа нэрээр дулдуйдан гарч ирсэн эрх жаал хэмээн тоомжир­гүйхэн хүлээж авчээ. Жу­лиан тэрхүү таагүй ханд­лагыг тоолгүй цааш явсан цөөн тооны “одын хүүхэд”.

Тэрээр хэдийнэ домог болсон аавтайгаа адилхан нэр алдрын оргилд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэдсэн хэдий ч өнөөг хүртэл чад­лаараа тууштай “өрсөлд­сөн”. Зөвхөн үүнийх нь төлөө Жулианы өмнө мэхийн ёсолж болмоор. Оддын хүүхдүүд эцэг, эхийнхээ шийрийг хатаах нь тун ховор тохиолддог шүү дээ. Нэн ялангуяа хөгжмийн ертөнцөд.

Миний мэдэхээр аавтайгаа эн зэрэгцэхүйц амжилтад хүрсэн нэг л тохиолдол байх шиг. Алдарт дуучин Хулио Иглесиасын хүү Энрике Иглесиас энэ зууны эхээр поп дуунуудаараа дэлхий даяар цахиур хагалсан. Гэхдээ Хулио Иглесиас хэдий алдартай байсан ч түүнийг бүхэл бүтэн нэг үеийнхний бурхан болж шүтэгдэх нь холгүй явсан Жон Леннонтой хэрхэн зүйрлэж болох билээ.

Жулиан Леннон дунд сургуульд байхдаа өөрийн найз Жастин Клейтонтой хамтран анхны дуунуудаа зохиож эхэлжээ. Гэхдээ тэрээр жазз хөгжим илүүтэй сонирхдог байсан аж. Тэрээр багадаа тай­ван, мөрөөдөмтгий хүүхэд байсан тул “Битлз”-ийн уянгын дуунуудыг илүү­тэй сонсох дуртай байж.

Сургуулиа төгсөөд Жу­лиан найз Жастины­хаа хамт цайны газар таваг угаагч хийж мөнгө олдог болжээ. Хоёр анд ажлын­хаа дараа дуу хөгжмөө зохиодог байсан аж. Эх­ний цомгоо гаргасныхаа дараа Жулиан нэгэн ярилц­лагадаа, “Би сур­гуульд байхаасаа л дуу зохиож эхэлсэн. Эхэндээ миний аялгуунууд хэтэр­хий нүсэр бүтэцтэй бай­сан л даа. Нэг л наалдац муутай. Тэгэхээр нь би аавынхаа цомгуудыг сон­соод суучихна. Аавын дуу­нууд өөрийн гэсэн өвөрмөц төрхтэйгөөс гадна хуурмаг бус, чин сэтгэлийнх байдаг нь анзаарагдсан юм. Энэ нь миний нүдийг нээсэн гэхүүдээ. Ер нь миний аав надад хэзээний ухаантай мэргэн хүн шиг санагддаг байсан. Би түүнээс ихийг сурсан. Би мэдээж тэр биш, би түүнээс өөр. Ялангуяа би улс төрийн үзэл бодлын хувьд ааваасаа тэс өөр. Гэхдээ л би түүний үргэлжлэл шүү” гэсэн нь бий.

Жулиан Ленноны 1984 онд 21 настайдаа гаргасан анхны “Valotte” цомог АНУ-д шууд цагаан алтан цомог болж түүнийг хэн болохыг шууд тодорхой­лоод өгсөн юм. Энэ цомогт орсон хоёр ч дуу АНУ-ын чаартуудад ТОП-10 дотор удаан бичигджээ. Жулиан дөнгөж үүссэн хөгжмийн “МТV” телевизийн оддын нэг болсон билээ.

Үүнээс хоёр жилийн дараа тэрээр “The Secret Value Of Daydreaming” хэмээх хоёрдахь цомгоо гаргасан. Мөн л сонсогчдын таалалд нийцэн АНУ-д алтан пянз болжээ. Жулиан өнөөг хүртэл нийтдээ долоон цомог гаргасан аж.

Тэрээр одоо ч гэсэн гитарнаасаа салаагүй. 50 насныхаа төрсөн өдрөөр Жулиан “Someday” нэртэй сингл цомог гаргаж өөртөө бэлэг барьжээ. Аав шигээ тэрслүү, тэмцэгч биш ч хөгжимдөө үнэнч, зорьсноосоо буцдаггүй Жулиан Ленноны тухай өгүүлэхэд ийм буюу…

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих