Хүн худалдаалж, хүчиндсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал хойшилж, тэднийг цагдан хорьжээ

Хүн худалдаалж, хүчиндсэн хэргийг давтан үйлдсэн бүлэг Д.Мөнхсайхан нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд хаалттай эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас ирэх зургадугаар сарын 5-ыг хүртэл хойшилжээ. Учир нь өмгөөлөгч Б.Тэнгис, Д.Энхтунгалаг нар Нийслэлийн шүүхэд хуралтай байсан учир шүүх хурал давхцсан гэдэг үндэслэлээр ийнхүү хойшлуулжээ. Харин Д.Мөнхсайхан нар гадуур батлан даалтад байсан бол өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 126.2.3-т зааснаар буруутган шүүсэн. Тус зүйл ангид хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан, хүлээн авсан бол эд хөрөнгийг хурааж, гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих