Д.Зоригт, Д.Сумьяабазар нар тангарагаа өргөлөө

zorigt2hgУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд УИХ-ын гишүүдийн тангараг өргөх асуудлыг хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

Харин чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудал ороогүй тул асуудлыг нэмж оруулах саналаар санал хураалгах нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. Энэ дагуу уг асуудлыг чуулганы хуралдаанд нэмж оруулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,4 хувь дэмжлээ.

Ингэснээр УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт явагдсан санал хураалтын дүнгийн тухай болон УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт явуулсан дахин санал хураалтын дүн, гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулав.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн илтгэлдээ, “СЕХ-ны 2012 оны 7-р сарын 5-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн нэгдсэн дүнгийн тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн тухай Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 7-р сарын 3-ны өдрийн 950 тоот шийдвэр гарсан тул уг тойргийн дүнг маргааныг шийдвэрлэгдэх хүртэл түр үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

Өвөрхангай аймгийн сум дундын нэгдүгээр шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2012 оны 9-р сарын 27-ны өдрийн 1/450 дугаар захирамж, 2012 оны 10-р сарын 3-ны өдрийн 435 дугаар захирамжаар С. Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулсан болохыг УИХ-ын сонгуулийн 10-р тойргийн хороо хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн болно. Шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хороо гомдол гаргасны дагуу Өвөрхангай аймгийн сум, дундын 1-р шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж 2012 оны 10-р сарын 10-ны өдрийн 1/14 тоот шүүхийн тогтоолоор дээрх 10-р сарын 3-ны өдрийн 1/435 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн байна. Мөн Улсын дээд шүүхээс 2012 оны 6/2805 тоот албан бичгээр С.Чинзоригт шүүхийн дээрх шийдвэрүүд нь эцсийн шийдвэр болохыг баталгаажуулж хариу өгсөн байна.

СЕХ 2012 оны 10-р сарын 16-ны өдөр хуралдаж дээр дурдсан шүүхийн тогтоолыг үндэслэн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 10-р тойргийн хорооны 2012 оны 7-р сарын 1-ны өдрийн 37-р тогтоолын 1 дэх хэсгийн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт холбогдох хэсэг болон 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцох тухай мөн санал хураалтын дүнгийн тухай 146, 148 тоот тогтоолыг тус тус гаргаж шийдвэрлэсэн болно. СЕХ дээрх шийдвэрээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.3 дахь хэсэгт заасны дагуу 2012 оны 10-р сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн болно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26-р тойрогт 2013 оны 4-р сарын 14-ны өдөр явагдсан дахин санал хураалтын дүнгийн тухай тойргийн хорооны 2013 оны 2662 тоот тогтоолыг СЕХ 4-р сарын 29-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дахин санал хураалтад оролцсон сонгогчдын 53,31 хувийн буюу 31431сонгогчийн санал авсан Долгорсүрэнгийн Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож 31-р тогтоол гарган УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.3 дахь хэсэгт заасны дагуу 2013 оны 4-р сарын 29-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн. Ингээд УИХ-ын сонгуулийн 10-р тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Дашзэвэгийн Зоригт ,УИХ-ын сонгуулийн 26-р тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Долгорсүрэнгийн Сумьяабазар нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал шүүмжлэлээ хэлж дууссаны дараагаар Д.Зоригт, Д.С умьяабазар нар тангараг өргөлөө.

Ингэснээр “Монгол Улсын Үндсэн Хуульд УИХ нь 76 гишүүнээс бүрдэнэ” гэж заасанчлан Улсын Их Хурал 76 гишүүнтэй боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих