“Эрдмийн өргөө” цогцолборын хүүхдүүд нар үзэх эрхээ хамгаалж, барилгын “Визард” ХХК-тай дайтаж байна

527-1367292145middleБарилгын компаниудын шил шилээ даран гарч буй дарангуйлал өнгөн дээрээ арга хэмжээ, авагдаж зүй зохистоо орж буй мэт боловч нидэр дээрээ улам л хүжирхэгжсэн мафийн хэлбэрт шилжээд байна.

Эдгээрийн нэг нь Визард ХХК юм. Ашиглалтанд орсныхоо бараг маргааш нь шал нь хонхойж, обой нь хуурч, мөөгөнцөрт идэгддэг чанар чансаагүй барилгын тоонд Визардын “бүтээн байгуулалт” дээгүүр цохих боллоо. Баянгол дүүргийн тавдугаар хороонд баригдахаар зэхэж буй “Визард констракшн” ХХК-ийн барилгын ажлын талаар НЕТГ \Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар\-т ирэх иргэд, оршин суугчдын гомдол хэрээс хэтэрсэн гэнэ. Одоогоор тэд дээр дурдсан Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барих гэсэн боловч иргэдийн ширүүн тэмцэлтэй тулгарчээ. Тэд “Эрдмийн өргөө” цогцолборын чанх урд барилга барихаар зүтгэж байна.

Эл сургууль нь оршин суугчдын байрнаас бараг алхам газар хол аж. Ингээд НЕТГ-аас Визард компанид албан тоот хүргүүлсэн байна. НЕТГ хамгийн хачирхалтай нь “Танай барилгын талаар иргэдээс гомдол ирсэн байна. Иргэдтэйгээ зөвшилцөж ажлаа эхлүүлэхийг шаардаж байна” гэжээ.

Эндээс Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар юм уу, нийслэлийн ерөнхий зөвшилцлийн газар юм уу гэдэг ойлгомжгүй асуудал гарч ирж байна. Визард компанийнхан үүний хариуд оршин суугчдын автомашиныг авч шидлэн, иргэдийгг хэл амаар доромжилсон байна. Тэд ухсан газар дээрээ 12 давхар, 312 айлын гурван орцтой барилга сүндэрлүүлэхээр зэхжээ.

Хэрэв энэ барилга босвол “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, тус обьектийн эргэн тойрон дахь чанар сайтай барилгууд мөнхөд байгалийн гэрлийн хомсдолтой байх аюул нүүрлээд байна. Тухайн байрууд руу орох автомашины гарцгүй аж. Ганцхан байдаг шороон зам доогуур нь инженерийн шугам сүлжээ байрладаг учраас битүүлж цементлэх аргагүй гэнэ. Тэд иргэдийг автомашины зам талбай барина, ойр орчныг нь тохижуулна хэмээн ярьж яваа аж. Ер нь хууль бус аргаар барилга биш балгас барьж яваа нөхөд иймэрхүү л башир аргатай юмсанж. Тэгээд ч тухайн барилга босвол хүүхдийн тоглоомын талбай, тухлаад суучих сандлын зай гарахгүй нь харваас тодорхой байна.

Баянгол дүүрэгт өдгөө хүүхдийн цэцэрлэг маш ховор. Гэтэл тус газарт 12 давхар барилга барих зөвшөөрөл, 2012 оны долдугаар сарын А\490 тоот захирамж Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр гарчээ. Тухайн байрыг барихыг эсэргүүцэж, нар үзэх эрхээ хамгаалж буй нь “Эрдмийн өргөө” цогцолборын сурагчид гэнэ. Бусад оршин суугчид ч мөн адил. Харин тус сургуулийн захирал, тэнд гарааштай цөөн тооны иргэн дур мэдэн НИТХ-ын дарга н.Баттулгад Визард ХХК-тай зөвшилцсөн гэрээ өгсөн нь шийдвэр гарахад нөлөөлсөн байна. Үүнээс үзэхэд хүүхэд багачууд газрын төлөөх тэмцэлд оролцоод, томчуудтай хэрүүл маргаан хийгээд эхэлбэл ирээдүйд учрах хор хөнөөл аймшигтай санагдана.
Н.Соно


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.