Засгийн газрын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж өнөөдрийн байдлаар нийслэл хотын ногоон байгууламжийн 23 хувийг эзэлж байна. Энэ тоо цаашид улам нэмэгдэнэ. Нийтдээ 906 га талбай бүхий энэ хүрээлэнгийн 50 гаруй га талбайг моджуулаад байгаа ажээ. Бүх нийтээр мод тарих энэ өдөр ногоон талбайн хэмжээг 20 гаруй мянган мод тарьж өргөтгөлөө. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Гадаад харилцааны сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар тус хүрээлэнд шинэс тарилаа. Энд шинэсэн төгөл бий болох ажээ.

Ерөнхий сайдын төсвийн багцын 50 тэрбум төгрөгөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод хөрөнгө гаргаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлээд явган хүний зам, дугуй, цанын зам байгуулж байгаа гэлээ. Нийслэлчүүд чөлөө цагаа өнгөрүүлдэг болох энэ сайхан цэцэрлэгт хүрээлэнд  залуучууддаа зориулж иж бүрэн спортын талбайг энэ онд байгуулна гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Жилийн дөрвөн улиралд хүүхдүүдээ дагуулаад ирж байх эрүүл, ногоон орчин бий болгохын төлөө нийслэлчүүд маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж мод тариарай гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.