Лидергүй намын сүүдэр

2013051301“Парламент элэг бүтэн боллоо” гэж УИХ-ын дар­га З.Энхболд зарлалаа.

Өнгөрсөн баасан га­ригийн орой 19 цагийн орчимд Сонгинохайрханд “аваргалсан” Д.Сумъяабазарыг дагуу­лан аль эрт тахимаа өгөөд явчихсан байсан “Монгол шуудан”-ийн Д.Зоригтыг тангараг өргүүлээдэхжээ.

Яахав, Их хурлын дар­гын хэлснээр энэ пар­ламент элэг бүтэн болох нь боллоо. Гэхдээ араасаа баахан хэл ам, гомдол чирэгдэл зүүсэн шийдийг төрийг жолоодож буй АН-ын дарга нар гаргачихаж.

“Элэг бүтэн бол­сон…”-ыг зарласан Их хурлын дарга энэ талаар тун чиг ихх мэдлэгтэй байх учир­тай. 2004 онд доо, УИХ-ын сонгуулийн дараа Өвөр­хангайн тойрог дээр бас л маргаан, маапаан өрнөж зарга нь Дээд шүүх хүртэл явж байлаа.

МИАТ-аас идэж уус­наараа дуудуулаад байгаа Д.Сугар, одоогийн Их хур­лын дарга З.Энхболд хоёр шүү дээ.

Хоёр жил хэртэй өр­нөсөн их хэрүүлийг нь Дээд шүүх тасалснаар нэг талд нь гаргаж байв. Харин шийд нь  их сонин. Уг нь өнөөгийн ойлголт, тео­ремоор бол олон суу­далтай, Ерөнхийлөгчөө хүртэл авчихсан МАХН /хуучин нэрээр/-ын Д.Су­гар УИХ-д орож ирэх ёстой. Гэтэл З.Энхболдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ.

Энэ утгаараа баасан гаригийн орой хэв­лэлийнх­нийг цуглуулан хууль тайлбарласан З.Энхболд дарга сон­гуульд өрсөлдөх хийгээд саналаа луйвардуулах шах­сан зэрэг зовлонг биеэрээ эдлээд гарсан хүн. Тэр үеэс хойш найман жил өнгөрчээ. Мартагдсан ч байж болох.

Гэвч энэ хүн, АН-ын бусад дарга, гишүүд зүт­гүүлсээр Д.Зоригтоо тан­гараг өргүүллээ. Чухамдаа тэд төрийн эрх барьж байгаадаа дулдуйдан, хүч түрэмгийлэн шийдчихэв. Ямар ч яриагүй, ямар ч хуульгүй, ямар ч улс төрийн соёлгүй, ард тү­мэнд ямар ч хүндэт­гэл­гүй… зүгээр л тангараг өргүүлж орхилоо.

Уг нь төрийн эрх мэ­дэл, хэмжээ дамжаа гэдэг ийм том, ийм хүчтэй эд л дээ. Гэхдээ хуульд захи­рагдах учиртай байв.

Нөгөө талаар намын­хаа, “төр”-ийнхөө хүч нө­лөөгөөр эрхэм гишүүний тангараг өргөсөн Д.Зоригт ичих учиртай байлаа. Учир нь тэр ялагдсан. Өмнөх УИХ-д гишүүн байхдаа хөрөнгө орлогоороо тэр­гүүлдэг байсан тэрээр сонгуульд өрсөлдөөд ялж чадаагүй.

Хэдхэн сарын өмнө дөө, АН-аас “АПУ” Г.Батхүүг, МАН-аас С.Чинзоригийг тангараг өргүүлж, Их хуралд оруулахаар хоёр намын удирдлагууд тохирсон бо­лолтой юм. Тэр үеэр “Монгол шуудан”-ийн Д.Зоригт сүрхий үг мөн ч олныг унагаж байжээ.

Тэрээр “Би УИХ-ын гишүүнээс өөрөө тат­галзсан” гэж мэдэгдэн “Ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд өөрийн хү­сэлтээр өргөдөл гаргаж татгалзсан. Өвөрхангай аймгийн иргэд УИХ-д тө­лөөлөлтэй болох, УИХ-ын үйл ажиллагаа ч гацахгүй үргэлжлүүлэх үүднээс нэ­рээ татсан” хэмээн ярьж байлаа.  Д.Зоригтыг ийн­хүү мэдэгдсэний дараа ОХУ-д суух Элчин сайд, бас “Эрдэнэт”-ийн захир­лаар томилуулах санал ч гараад байгаа талаар сураг дуулдаж байв.

Д.Зоригт ингэж ярьс­наа мартан байж Их хурлын гишүүний суудалд сандайлаад авав. “Эр хүн хэлсэндээ…” гэдэг үг дээд­сээс дэмий нэг уламжилж ирээгүй  байх учиртай сан. Гэвчиг энэ байтугай нь “халагдаад” байгаа цагт Д.Зоригтын энэ явдал ч байга хэрэг биз ээ.

Эхлээд аргадах маягаар Г.Батхүүг, араас нь хулхидах аргаар Д.Зоригтыг тангараг өр­гүүлсний эцэст МАН тэр чигтээ хохирчихов уу гэвэл үгүй. Тэртэй тэргүй өнгөр­сөн сонгуулиар байдгийн­хаа хаяанд оччихсон энэ намд Өвөрхангайн хоёр суудлыг тавиад туусан нь юу ч биш гэдгийг харж байна.

Харин энэ бүхний цорын ганц хохирогч нь С.Чинзориг. Тэр одоо “УИХ-д нэр дэвшиж бай­лаа…” гэсэн намтартай л үлдлээ. С.Чинзоригийн хувьд өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүү­нээр сонгогдож СЕХ-ноос түр үнэмлэхээ гардаад байлаа. Гэсэн ч АН-ын тал шүүхэд хандаж заргалд­саар, эцэстээ “төр”-тэй нийлэн дараад авлаа.

Уг нь С.Чинзориг на­мынхаа өмнө бол хийдгээ хийчихэж. Сү.Батболдын шахааны хүн, “барил­га­чин”  Н.Төмөрхүүг адалж, хажиглалгүй да­гуу­лаад Өвөрхангайд очсон. Сайн тулалдсан. Хөрөнгөө, хү­чээ зарцуулсан, дайчил­сан. Ялсан. Гэхдээ ялалтыг хүчингүй болгоход муу багийн нөлөө  байсан ч юм уу хэн мэдлээ.

С.Чинзориг өнөөдөр сонин, телевиз бүрээр учирласан ярилцлага өгч гүйх нь угтаа зүйд ний­цэмгүй. Ялалт байгууллаа, өрсөлдөгч намын атакт орлоо. Энэ үед нь МАН-ын дарга нар  “хамгаа­лалт”-даа авч ялалтыг нь баталгаажуулж өгөх ёстой байлаа. Ер нь өнөөгийн намын үндсэн үүргийг ч энэ гэж ойлговол зохих аж.

Гэвч МАН-ын удирд­лагууд тэгж чадсангүй. Баасан гаригийн орой Д.Зоригтыг тангараг өр­гүүлэхээр болсныг дуул­сан МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Уг нь то­хиролцсон шүү дээ” гээд царайчилж суугаа нь ха­рагдав. Сануулаад байгаа юм уу, гуйгаад байгаа хэрэг үү, юутай ч дуугүй суусангүй. Хөөрхий дээ, сөрөг хүчний удирдагч хүн ингэтлээ нунж дорой аран­шин гаргах гэж хэмээн олон хүн халаглаж хараг­дана.

Зүй нь З.Энхболд шиг товхийтэл хуулийн заалт уншаад, тохиролцоо бус хууль сануулах учиртай байлаа. Мөн генсекээрээ удирдуулсан эсэргүүц­лийн жагсаалыг бямба гаригт хийсэн ч болох байв. Яс юман дээр энэ бол М.Энхболд, Ц.Нямдорж, Сү.Батболд нарт лоозон бариулаад чуулганы тан­химын үүдэнд суулгах шалтгаан мөнөөс мөн бай­сан юм. Гэсэн ч тэгсэнгүй.

Ямар нэг юманд дэ­гээдүүлсэн, нээнтэглүүл­сэн царайтай МАН-ын энэ цагийн удирдлагууд сөрөг хүчин болсон ийм чухал цаг үедээ хоёр бай­сан суудлыг нэг болгож, улмаар юу ч үгүй болтол нь “бэлэг” болгож орхив.

Лав далан жил Монгол төрийн толгойд “заларсан” МАН урьд өмнө хэзээ ч өнөөгийнх шиг дорой, хөөрхийлөлтэй байсангүй. Товчилж хэлбэл, яг одоо­гийнх шиг удирдлагатай байсан удаа үгүй.

Бор зүрхээрээ зүтгэж ялсан амжилтыг нь хад­галж чадахгүй байгаа энэ намын дарга нараас сөрж, тэмцэж, эрх ба­ригчдын нервийг барж ажиллах талаар бол хү­лээгээд ч нэмэргүй нь.

Угаас лидергүй, удир­дан залагчгүй улс төрийн хүчин ингэж доройтон мө­хөстдөг ажээ.

Б.ОНОН


URL:

Нэр: Matt Zittel Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.