Гар утаснаасаа айж байна

32_e5d1a9b10dade8126abafabbf450f026adaeab2cТехник, технологи мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах бид эргээд түүнээсээ ширвээтэх болов. Дэлхий нийтийг холбосон шилэн кабель, компьютер, гар утас гээд хүн төрөлхтний өдөр тутам хэрэглэдэг техник технологи гайхамшиг болох тусам та бид айдас дунд амьдарч эхлэх нь.

 

ШАЛТГААН-1

 

Саяхан нэгэн танил маань таарч “Хөгшөөн утаснаасаа болгоомжлоорой” хэмээн зөвлөв. Хуулийн байгууллагын арын албанд овоо том тушаалтай түүнээс “Яагаад?” хэмээн асуувал “За юун олон юм шалгаадаг юм. Чамайг хүнтэй утсаар ярьж байхад утасны чинь баттерей халах,гэнэт унтрах, сүлжээ чинь таг, туг хийгээд байвал цаад хүнтэйгээ нэг их олон юм ярих гээд хэрэггүй, салгачих” гэснээр бидний яриа дууссан юм. Сүүлд түүний өгсөн нөхөрсөг зөвлөгөөний талаар дахин лавлаж асуувал, “Утас чинь миний хэлсэн шиг болоод байвал яриаг чинь чагнаж байх магадлал өндөр байдаг” гэх нь тэр. Айдас ч хүрэх шиг… Хууль, цагдаагийн байгууллагад ажилладаг хүн оргүй зүйл ярихгүй нь мэдээж.

 

Тэглээ гээд жирийн биднийг тагнаж чагнах нь юу л бол хэмээн эл бодлоо цайруулсан ч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээдУИХ- ын 76 цаашлаад сайд дарга нар нь улс, үндэсний эрх ашигтай холбоотой мэдээллийг өөр хоорондоо ярьдаг л юм хойно бид мэдээллийн нууцаа хэр хадгалж чаддаг юм бол гэсэн асуултыг яах аргагүй тавихад хүрсэн. Тэр тусмаа дэлхий нийтээр даяарчлагдаж буй энэ нийгэмд та бидний хэрэглэж буй гар утас, компыотер хэн нэгэнд энэ бөмбөрцгийн хаа нэг газар суугаа нөхөрт өгөөш болж, мэдээлэл дамжуулах хэрэгсэл болдог гээд бодохоор тун ч аймшигтай санагдсан. Магадгүй зарим нэгэнд нь энэ мэдээлэл дэндүү хол бас сүржин санагдаж мэдэх ч үүнийг тоглоом биш гэдгийг хэлэх олон хүн таарч байгаа юм. Бас манай томчууд үүний зах зухаас гадарладаг болсон тул чухал уулзалтад оролцохдоо гар утсаа хүртэл унтраадаг нь өөрийгөө бас мэдээллийн эх сурвалжаа хадгалж хамгаалж буйн нэг хэлбэр гэнэ билээ.

 

ШАЛТГААН-2

 

Ингэхэд та бидний хэрэглэж буй комьютер, гар утас хэр найдвартай юм болоо. Энэ тухай олон хүнээс асуухад бүгд л “Наад зүйлс чинь бүгд мэдээлэл дамжуулагч” гэдгийг хэлж байна. Та бидний хэрэглэж буй компьютерт л гэхэд алсын зайнаас программ суулгаад хэн юу хийж байна, ямар мэдээлэл бичиж байна вэ гэдгийг бүгдийг нь алсын зайнаас хянаж болдог тухай Монголын кибер довтолгоотой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар хэлж байсан. Бас манай томоохон байгууллага, компаниуд нэгдсэн хяналтын системтэй байдаг бөгөөд ажилчдаа хянадаг гэж байгаа. Тэгвэл гар утас ч бас л “но”- той. Тухайлбал, сүүлийн хэдэн жил БНХАУ-ын төрийн мэдлийн гэх ZТЕ корпораци Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдалд халдаж, улсын нууцтай холбоотой баримтыг дамжуулдаг байж болзошгүй гэх айдас дагуулсан мэдээ сүүлийн хэдэн жил гарах болсон. Тус компани энэ хууль бус үйлдлээрээ дэлхийд зартай бөгөөд тус компанийн үйлдвэрлэдэг гар утас нь өнөөдөр манай улсын бүх төрийн  байгууллага, айл болгонд бий. Харамсалтай нь, мэдээллийн нууцлал хадгалж чаддаггүй гэх ZТЕ корпораци өнөөдөр ямар шалгуураар Монгол Улсад орж ирээд, харилцаа холбооны салбарыг ногоон гэрлээр гартаа оруулав гэдэг нь анхаарал татсаар байгаа. Ер нь л тус компанийн талаар таатай мэдээлэл нэг ч байдаггүй.

 

Тухайлбал, одоогоос гурван жилийн өмнө Филиппинд нэгэн дуулиан дэгдсэн нь NBN/ ZТЕ –гийн  гэх тодотголтой хэрэг байсан гэх юм билээ. Энэ нь тус улсын мэдээллийн системийг шинэчлэхтэй холбогдуулан Филиппинийн Ерөнхийлөгч Арроё болон түүнийг тойрон хүрээлэгчид Хятадын ZТЕ фирмтэй 329,5 сая ам.долларын гэрээ байгуулж дундаас нь их хэмжээний авлига авсан гэх дуулиан байсан юм. Энэ хэрэг сүүлдээ замбараагаа алдаж,   Филиппинийн  шүүхээс Авлигатай тэмцэх байгууллагын даргыг эрх баригчидтайгаа нийлж ZТЕ корпариацаас их хэмжээний авлига авсан хэмээн огцруулсан гэсэн. Хэдийгээр энэ мэдээлэл тухайн үед хол санагдаж байсан ч өнөөдөр манай улсад давтагдав. Тодруулбал, тус компанийн хятад удирдлагууд Татварын ерөнхий газрын экс даргад их хэмжээний авлига өгч татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй. Учир нь тус компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг ч төгрөгийн татвар төлөөгүй атлаа “Жи-Мобайл” гэх үүрэн холбооны компаниар дамжуулан манай төрийн болон төрийн бус бүх байгууллагад гар утсаа шахаж дөнгөсөн нь бид гар утаснаасаа айх бас нэг шалтгаан болж буй юм.

 

 

ШАЛТГААН-З

 

Ганц “Жи Мобайл” гэлтгүй бүх үүрэн холбооны оператор компаниуд гэж айдас байна. Яг үнэндээ Монгол Улсын 90 хувьд хүрч ажиллаж чадсан гэх Мобиком, нэг сая хэрэглэгчтэй гэж томрох Юнител болон Скайтел хэрэглэгчдийнхээ итгэлийг хэр дааж чаддаг вэ. Үүнд төлбөр тооцоо их бага гарлаа гэсэн хэрүүл бус амин чухал үед дээрх компаниуд та бидний итгэлийг хэр хүлээж чаддаг вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ тухай хүмүүсээс асуувал бүгд л нэг нэг зүйлийг хэлнэ. Хамгийн гол нь тэдний олонхи нь энэ асуултад итгэл төгс хариулж чадахгүй. Үүнийг дараах жишээ батална. Өнгөрсөн оны сүүлээр Дархан- Уул аймагт найман настай хүүг 30 гаруй цагийн турш барьцаалан эцэг, эхээс нь 100 сая төгрөг нэхсэн онц ноцтой хэрэг гарсан. Хүүхэд барьцаалагч нь Дархан-Уул аймгийн ТВ-12 телевизийн захирал, 29 настай залуу байсан бөгөөд бусдад их хэмжээний өртэй учраас бяцхан хүүг барьцаалан мөнгө олох зорилготой байсан тухайгаа баригдсан хойноо мэдүүлсэн байдаг.

 

Уг нь цагдаагийнхан энэ хэргийг шалгаж эхлэх үед хамгийн түрүүнд үүрэн холбооны компаниудад нэгэн хүсэлт гаргасан нь хүүгээ алдсан эцэг эх рүү дугаараа нууцлан залгаж өчнөөн сая төгрөг нэхэж буй гэмт этгээдийн дугаарыг илрүүлэх ажил байсан. Энэ ч утгаараа энэ ажилд дэмжлэг болж ажиллахыг үүрэн холбооны компаниудаас   хүсэхэд нэг сая төгрөг хол давсан хэрэглэгчидтэй гэх “Мобиком”- ынхон том толгой гаргаж, бүх мэдээллийг хав дараад өнгөрсөн. Эндээс л нэг сая хэрэглэгчидтэй гэж өөрийгөө дөвийлгөх “Мобиком”-ынхонд нэг ч гэсэн хэрэглэгч чухал болохоос биш нэг гэр бүлийн амьдрал, наймхан настай хүүгийн амь юу ч биш байсан болж таарч байгаа юм.

 

Яг үнэндээ тухайн үед манай хуулийн байгууллагынхан яаж ч чадаагүй бөгөөд энэ хэрэг илэрч, гэмт этгээдийг барьсны дараа “Мобиком” корпорацийн удирдлагуудыг дээрх хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтад саад учруулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд л өнгөрсөн. Өөрсдийгөө нийгмийн хариуцлагыг тун сайн хэрэгжүүлдэг гэх тус компанийн энэ уриа бодит байдал дээр нэг иймэрхүү. Магадгүй эгэл жирийн иргэн бус тус компанийн ажилтан, дарга нь, түүний гэр бүл ийм асуудалд орсон бол тэд ингээд суухгүй байсан нь лавтай. Энэ бол Та бидний гар утаснаасаа айх цөөн хэдэн л шалтгаан бөгөөд үүний цаана гар утастай холбоотой өчнөөн таагүй мэдээлэл бий гэдгийг дахин сануулмаар…

 


URL:

Сэтгэгдэл бичих