Гэр бүлийн хөгжилгүй Монгол

gerbiul-middle- Хөндөх сэдэв -
Гэр бүлийн өдрийг цэнхэр гаригийнхан өнөөдөр нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Гэтэл монголчууд энэ өдрийг айдас, хүчирхийлэлтэй, асуудлаар дүүрэн угтаж байгаа нь харамсалтай.

“Хүүхэд гэр бүлдээ байхдаа аз жаргалтай байдаг” гэж томчууд ярьдаг. Бодит байдал дээр огт өөр дүр зураг бий болсныг сүүлийн хэдэн сар монголчууд мэдэрч, гэртээ эцэг, эхийнхээ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тухай дуулаад чихэндээ үл итгэсэн биз.

Халуун яриа өрнүүлж, ширээ тойрон хооллох тэр тавлаг цагаар таван настай хүү төрсөн эцгийнхээ гарт ээжийнхээ нүдэн дээр хэтэрхий хэрцгий хүчирхийллийг амссан гэж дуулаад монголчуудын уур, бухимдал дүрэлзэн аслаа. Бидний өвөг дээдэс эртнээс нааш аливаа асуудалд уужуу сэтгэлээр хандаж хүүхдийг бурмаар биш урмаар тэтгэж зөв хүмүүжүүлж, төлөвш үүлдэг байсан сайхан үе ард хоцорчээ. Ийм халаглалыг эцэг, эх, үртэй болгон хэлсээр Дэлхийн гэр бүлийн өдрийг угтлаа.

Монголын 1.2 сая хүн амтай нийслэлд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар байгуулагдаад хэдэн сар болжээ. Эднийх шинэ байгууллага биш. Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын суурин дээр байгуулагдан ажиллах болсон. Хүүхдийн асуудлыг гэр бүлээс нь салгаад амжилтад хүрэхгүй гэхдээ Шинэчлэлийн Засгийн газраас эл газрын бүтэц, орон тоог өөрчилж “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг байгуулаад удаагүй байна.

Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний дараа төрийн байгууллагынхан араас нь хөөцөлддөг. Өмнө нь яагаад хүүхдийн хүчирхийллээс сэргийлж, ийм хэрцгий бүлэг хүнийг сургаж, нийгэмшүүлээгүй юм бэ. Хүүхдээ байнга зодож, тамлаж байгаа хүн араатныг хууль, хяналтын байгууллага яагаад суллаж явуулдаг юм бол” хэмээн нийгэм тэр чигээрээ түгшиж, бухимдаж байна. Эндээс Монгол гэр бүлийн хөгжилгүй улс гэж тодорхойлбол нэг их буруудахгүй болов уу.

Я.Байгалмаа: Хүүхдийн асуудлыг гэр бүлтэй нь шийднэ

Монголын нийгэмд бугшсан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар чухам ямар ажил хийв.

Энэ талаар тус газрын дарга Я.Байгалмаатай ярилцлаа.

-Та шинэ ажил аваад гурван сар болчихлоо. Юун хүүхэд, гэр бүлийн хөгжил манатай. Аймшигтай хүчирхийлэл, асуудал араасаа ургаж байна шүү? -Бидэнд санаа тавих, хөөцөлдөх олон ажил бий. Гэрээсээ дайжсан тэнэмэл хүүхдүүдийн асуудал хамгийн их анхаарал татаж, ихэнх цагаа бид зарцуулж байгаа. Өнөөдөр асрамж, халамжийн 45 төвд 1000 орчим хүүхэд байна.
Бүтэн өнчин хүүхдийн “Өнөр бүл” төвд хүмүүждэг хүүхдүүдийн 70 -аас илүү хувь нь эцэг, эхтэй. Энэ нь гэр бүл маань хүүхдээ асран хү- мүүжүүлэх, өсгөх үүргээ биелүүлж чадахгүйг харуулж байна. Эцэг, эхтэй хүүхдүүдийг гэрт нь аваачихаар асрамж, халамж алга. Тиймээс бид хүүхдийн асуудлыг хөндөхдөө гэр бүлтэй нь хамт шийдье гэж манай газрын бүтцийг шинэчилсэн. -Шинэ бүтцээр ажиллахад зовлон, бэрхшээл байх юм уу? -Хараа хяналтгүй хүүхдийн асуудлаар бид ажлаа эхэлсэн. Гудамжинд байнга гуйлга гуйж суудаг хүүхэд таардаг байх. Тэдний асуудлыг шийдэх гэж хөөцөлдлөө. Нийслэлд 70 орчим гудамжинд тогтмол гуйлга гуйж амьдардаг хүүхдүүд байдаг. Нийслэлийн Цагдаагийн газрынхантай хамтраад тэднийг нийгэмшүүлэхээр, гэр бүлд нь шилжүүлэхээр ажиллалаа.

Гэртээ хүүхдээ байлгаж чадахгүй хэрцгий балмад авиртай, эсвэл эцэг эх нь эрхэлсэн ажилгүй, архи уудаг бүлэг гэр бүл бий болчиж. Тийм хүүхдүүдийг халамжийн төвүүдээр байрлуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байх явцад таван настай хүү аавдаа заазуурдуулсан хэрэг гарлаа.

-Та энэ хэргийн талаар хэзээ, хаанаас мэдэв?
-Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр, даваа гаригийн өглөө энэ талаар дууллаа. Гэр бүлийн байдал өнөөдөр энэ нийгмийн толь юм. Гэр бүлүүд маань ямархуу байр, байдалтай аж төрж байгаа нь өнөөдөр хүүхдийн хүчирхийллээр ил боллоо. Өнгөрсөн оны арванхо ёрдугаар сард долоон настай хүүхдийг хойд эцэг нь зодож, хүчирхийлсэн хэрэг гарч нийгмийг түгшээсэн. Багш нь 1000 төгрөг нэхснээс болж тэр хүүхэд хажуугийн гуталчнаас мөнгө зээлсний төлөө хойд эцэгтээ суран, төмөр тэлээгээр зодуулсан.
Гуравдугаар сард аав нь ял авсан. Бид тэр хүнийг гэмт хэрэгтэн болгож түлхэхээс илүү яаж хүмүүжүүлэх вэ, ухамсрыг нь нөхөн сэргээх ажлыг хийсэн. Эхнэр нь нялх хүүхэдтэй үлдсэн. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг сэтгэл санааны дарамтаас гаргахаар ажилласан.

-Танай ажилтнууд дүүрэг, хороонд өөрийн гэсэн гар, хөлтэй болж чадсан уу. Хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг хаанаас олж мэддэг вэ?

-Нийслэл есөн дүүрэг, хороотой. Гэтэл манайх 20 хүнтэй нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа. Жилийн төсөв нь 250 гаруй сая төгрөг. Цалин, ажлын зардал гээд энэ мөнгө хүүхэд, гэр бүлийг хөгжүүлэхэд хаана нь ч хүрэлцэхгүй. Гэр бүлийн асуудал төдийлөн ил гардаггүй. Далд хэлбэртэй байдаг.
Иргэдээс бид хүчирхийллийн тухай мэдээллийг авч байна. Манайх хүүхдийн мэдээллийн утас ажиллуулдаг байсан ч харамсалтай нь хаагдчихсан. Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах санаатай байгаа. Уг нь бид гэр бүлд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүү- лэх ёстой ч 20 ажилтан маань хаанаа ч хүрэлцэхг үй байна. Бид нийслэлийн гэр бүл бүрт хүрэх нь байтугай 152 хороондоо ч очиж ажиллаж чадахгүй сууна. Гэхдээ бид бололцоогоо дайчлан энэ он гараад 60 гаруй өрхөд гэр бүлийн үнэ цэнийн талаар зөвлөгөө өгч, кэйс үүсгэсэн. Тухайн өрх айл дотроо асуудалтай болж үл ойлголцохоор манай газарт хандаж өргөдөл өгдөг юм.

-Гэртээ хар цайнаас өөр ууж, идэх юмгүй айл танай газарт хүчирхийллийн талаар зөвлөгөө авах гэж ирэх болов уу. Өргөдөл бичиж мэдэх үү тэд?

-Манай нийгэмд хэц үү амьдралтай өрх цөөнг үй байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар бүрт хороог хариуцсан нэг нэг нийгмийн ажилтан байна.

-Тэд албан тасалгаанаас цааш гардаггүй юм биш үү?

-Тэд хороодын нийгмийн ажилтнуудыг чадваржуулах, сургалтад хамруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх гээд хийх ажил ихтэй. Хороо бүр халамжийн болон хөгжлийн нийгмийн хоёр ажилтантай. Тэд айл бүрийн хаалгыг чагнаад явах боломж алга. Нийгмийн ажилтнуудаа чадавхжуулах том ажил бий. Бүх гэр бүлд бид хүрч үйлчилж чадахгүй учраас төр зарим чиглэлийн ажлыг төрийн бус байгууллагуудад шилжүү- лэх ёстой шүү. Бидний ажилд нэг гацаа байна.

-Тэр нь юу юм бол?
-Төр чухам ямар ажлыг төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхнээр хийлгэх вэ гэсэн хөшүүрэг алга. Бид цөөн төсөл бичээд төрийн бус зарим байгууллагаар тэр ажлыг хийлгэж байна. Миний хүсч байгаа зүйл бол, нийгмийн хүнд үед бий болсон ядуурал, ажилг үйдэл, гэр бүлийн задралтай нийтээрээ тэмцэж, ажиллах явдал. Иргэд, олон нийтийн оролцоо үүнд маш чухал. Манай нэг том ажил нийгмийн нөлөөлөл юм.

-Гэхдээ танай газар нийгэмд нөлөө үзүүлтэл ажиллаж чадахгүй байгаа юм биш үү?
-Бид сонгууль болохоор л бүх газрын удирдлага, мэргэжилтнүүдээ өөрчлөх юм. Шинэ мэргэжилтн үүдийг бид дахин сургаж цаг алдаж байна. Ингээд л бидний нөлөөллийн ажил тасарчихна. Өнөөдөр бид гэр бүлд гарсан аймшигтай асуудлыг хэрхэн шийдэх талаар бүх дүүрэгт хэлэлцүүлэг явуулсан. Удахгүй нийслэлд гэр бүлийн талаар хэлэлцүүлэг хийх гэж байгаа. Материаллаг зүйл нийгэмд нэлээн давамгайлжээ. Гэр бүлийн гиш үүд нэгнийхээ үгийг сонсдог, хүүхдүүдийнхээ үгийг тэвчээртэй сонсохг үй ам руу нь “алгадаж” байдгаа больцгооё. Тэгж чадвал Монголын гэр бүлийн уур амьсгал бага ч гэсэн өөрчлөгдөх байх.

Хүүхэд өртсөн хүчирхийллийн баримтууд

- 2013 оны тавдугаар сарын 10. Баянзүрх дүүрэг, 22-ын товчоо орчимд. Хойд эцэг нь таван настай хүүгээ зодож, чихийг нь хазаж, хавиргыг нь заазуураар хэрчжээ. Энэ бүхнийг төрсөн эх нь хараад сууж байсан. Гартаа чулуу барьж байгаад толгой түрүүгүй зодож, элэгрүү нь удаа дараа цохиж зоджээ. Цагдаа түүнийг саатуулж байгаад батлан даалтад гаргахад буцаж гэртээ хариад хоёрхон настай охиндоо дахин уураа гаргаж зодсон.
- Дорноговь аймгийн Замын-Үүдийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш О гэгч долоон настай охиныг зодож, өнчин өрөөсөн, аавгүй хэмээн доромжилсон байна. Охины ээж мэдэгдсэнээр сургуулийн захиралд энэ хэрэг илэрсэн
- Нийслэлийн 31 дүгээр сургуулийн хоёрдугаар ангийн хоёр охин муудалцсаны улмаас гар зөрүүлжээ. Охидын нэг нь ээждээ энэ тухай хэлсэн бөгөөд ээж нь тус сургуулийн бага ангийн багш юм. Тэрээр охиноо өмөөрч 2а ангийн сурагч С-ийг ангийнхных нь нүдэн дээр зодсон байна. Багшдаа зодуулснаас охины гар улаан гүвдрүү болж, толгой нь хавдаж, нуруу нь улайсан байдалтай уйлж байх үед хоёр багш орж ирсэнээр багшийн зодуур эцэс болжээ.
- Хөвсгөл аймагт 16 настай хүүг гэрийн хорионд байлгаж, амбаарт хорьж, хүү нүх ухан гарч хажуу айлаасаа боорцог хулгайлж байгаад баригдсанаар илэрсэн хэргийг эгч, дүү хоёр хамтран үйлдсэн байна. Эгч нь сургуулийн нийгмийн ажилтан, дүү нь математикийн багш. Тэд хүүхэд төрүүлсэн эхчүүд аж. Хүүгийн ээж нь ааваас нь салснаас хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд хүүхдээ гаргуунд нь хаяжээ.
- Сонгинохайрхан дүүргийн иргэн Т гэгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө долоон настай хүүгээ гурван цагийн турш зодож, танхайрсан. Э хүүг хойд эцэг болох Т халааснаас нь 300 төгрөгийг нь авсан хэмээн зоджээ. 22.00 цагаас хүүг зодож тамлахдаа тэрээр тэлээгээр ороолгож, халуун галаар түлжээ. Гэтэл төрсөн эх нь хүүг аврахаар хүн ирэхэд “Чамд хамаагүй” гэж гэрээсээ хөөсөн.
- Ховд аймгийн Жаргалант суманд А гэгч найман настай А-г биеэ хамгаалж чадахгүйг нь далимдуулан хүчиндэж бэлгийн замын халдварт өвчин халдаасан.
- Гуравдугаар сарын 17-нд Ховд аймгийн Жаргалант суманд морины уралдаан болжээ. Их насны морь унаж байсан найман настай хүү унаж амь насаа алдсан байна. Хүүгийн аминд хүрсэн морины эзэн нь тус аймгийн 123 дугаар цэргийн ангийн захирагч гэнэ.
- Дөрөвдүгээр сарын 16-ны өглөө цэцэрлэгтээ явсан нэг ой зургаан сартай хүүг ангийн багш нь зоджээ. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн хацар хавдартай, тархи доргилттой, зөөлөн эдийн гэмтэлтэй тул хөдөлгөөн хорих хэрэгтэй гэсэн байна.
- Дөрөвдүгээр сарын 10. Хоёр сартай М охин цэцэрлэгт явсан анхны өдрөө хөл нь хугарсан. Эцэг эх нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл хөл нь хоёр газартаа хугарсан байна гээд гипсджээ. Эмчийн хэлж байгаагаар хүүхдийн яс тэр бүр амархан хугардаггүй гэнэ. Учир нь хүүхдийн яс бэхжээгүй уян хатан байдаг учраас хатуу зүйлээр цохиж эсвэл дарсан тохиолдолд хугардаг юм байна.

Д.Мягмар, Л.Энх


URL:

Сэтгэгдэл бичих