Тэднээр алга ташуулахыг хүсвэл албан тушаал өг

 

М.Энхсайхан сүүлийн үед бүр ойлгомжгүй нэгэн болж хувирчээ. Уг нь цагийн сайханд манай улсын шилдэг эдийн засагч, шаггүй улстөрч гэгдэж явсан билээ. Гэтэл сүүлийн үед тэрбээр өөрийгөө өдөр ирэх бүр л “хэн ч биш” рүү түлхэх болов.
Уг нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тэрбээр Н.Энхбаяртай “Долоон жилийн гэрээ” гээчийг байгуулж, хэрэндээ л хүч нэмэгдүүлсэн тухайгаа хэвлэлээр зарлаж байв. Гэтэл өнөөдөр тэрбээр Н.Энхбаяртай гар гараа атгалцаад зогсч байсан улстөрийн тэр халуухан “өдрөө” ор тас мартаж орхижээ.
Хэрэв мартаагүйсэн бол өдийд Ц.Элбэгдоржийг дэмжих тухай ганц ч үг ган хийхгүй байх байсан биз. Учир нь тэрбээр өнгөрсөн жилийн турш Н.Энхбаяртай нийлж, өнөө цагийн төрийн тэргүүний эсрэг хуйвалдаан зохион байгуулж байлаа,
Магадгүй Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржоос “хүчтэй” эр юм хэмээн бодож явсан байлгүй. Бас болоогүй бүх шатны сонгуульд хамтран ажиллах гэрээг хүртэл байгуулж явсан юм.
Үнэндээ тэдний байгуулсан энэ гэрээ зөвхөн Ц.Элбэгдоржийн эсрэг гэдэг ганцхан сэжмээр холбогдож байгаа тухай ч улстөрийн шинжээчид, нийтлэлчид цөөнгүй удаа үндэсний хэвлэлүүдээр дурсч байв.
М.Энхсайханд үнэндээ тэр үед улстөрд эргэн ирэх гарц, хонгил бараг л үгүй байсан тухай ч ажиглагчид хэлдэг л юм. Тийм ч учраас тэр үед Н.Энхбаяртай долоо байтугай 70 жилийн гэрээ байгуулахад ч бэлэн байлаа.
Харин одоо түүнд хуучин цагийн гэрээ огт хэрэг байхгүй нь ойлгомжтой. Яагаад гэхээр Н.Энхбаяр өдгөө нарсанд буй. Тийм л учраас түүний хувьд өчигдрийн зүйл өнөөдөр алга болжээ.
Том цагаан гараа тас атгалцан анд нөхдийн харьцаагаа шинээр сэргээж явсан нэгнийгээ нарсанд байх зуур хэдэнтээ хувирч, үзэл бодлоосоо хэрхэн ухарч байгаа тухай одоо бол хэлэх ч юм биш.
Чухамдаа түүний энэ ороо, бусгаа байдалд зөвхөн албан тушаалтай байх гэсэн хэтэрхий аминчхан үзэл нь нэвт шувт нөлөөлсөн гэдэг нь гарцаагүй билээ. Тун саяхан даа. “Монголын төмөр зам”-ын даргын албанаас нь хөөгөөд буулгачихсан чинь ямар авир гаргасан билээ дээ.
Өөрийг нь ажилтай болгож өгсөн Х.Баттулгад хүртэл өс санаж, Ц.Элбэгдоржийг хэрхэн хууль завхруулагч болон хувирсаныг нь мэл гайхаж цэл хөхөрч явсан удаатай. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчдыг хайр гамгүй халж сэлгэж байгаа тухай ч хатуу шүүмжлэлээ хайр гамгүй элээж явав.
Тэгвэл өдгөө түүний энэ байдал мөн л тэс өөр болжээ. Одоо тэрбээр “Ц.Элбэгдорж л төрийн тэргүүн байсан нь дээр” хэмээн алгаа хавсарч зурагтаар гарах болов. Яг үнэндээ “шинэ” гэсэн тодотголтой хэдий ч хэтэрхий хуучирсан арга барилаар ажиллаж, хүй нэгдлийн үе шиг хоморголон “устгах” гол зарчимтай Засгийн газраас нэгэн төсөл хариуцуулж өгсөн гэдэг юм.
Магадгүй өнөө цагийн эрх баригчид М.Энхсайханы өнөөдрийн төрхийг тэр үеэс урьдчилан харж амжиж л дээ. Тэгвэл түүнтэй яг ижил зовлонг өдгөө Иргэний зориг ногоон намын дарга хатагтай С.Оюун амсч буй.
Түүнд мөн л рашаан ус, атар газар, ой модноос илүү албан тушаал чухал. Тийм дээ ч намынхаа хурлыг хийхээс өмнө Ц.Элбэгдоржийг “дэмжинэ” гэдгээ толгой даан шийдчихсэн байв. Угтаа бол намынхаа хурлаар энэ сонгуульд ямар байр сууринаас оролцох вэ гэдгийг тодорхойлох учиртай байв.
Гэтэл улстөрийн “гуравдагч” хүчин хэмээн өөрсдийгөө хөөргөдөг тус намд нөхцөл байдал дээрээ С.Оюунаас өөр хүн төрийн өндөр дээд албан тушаал хашиж яваагүйг өнгөрсөн үеийн түүх гэрчилэх билээ.
Тиймээс л түүнд одоо байгаа сайдын суудлаа авч үлдэх ганц Гарц нь эрх баригчдад тал засах гэдгийг ч хатагтай сайд аль хэдийнэ ойлгосноо одоо харуулж буй төрхөөс нь илэрхий харагдах биз ээ.
Чухамдаа дээрх хоёр эрхэм, “жижиг” гэгддэг намуудын лидерүүдэд албан тушаалтай байх гарц үүнээс өөр байхгүй нь бололтой. Тэгээд ч эрх баригчид тэднээр өөрсдийнхөө төлөө алга ташуулахыг хүсвэл албан тушаал амлачихдаг сайхан зуршлыг нэгэнт бий болгоод уджээ.
Д.Булган
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих