Байрны орцонд мөнгөн ус асгарч, хөл хорио тогтоолоо

Байрны орцонд мөнгөн ус асгарч, хөл хорио тогтоолоо

Байрны орцонд мөнгөн ус асгарсан хэрэг гарлаа.

Тодруулбал Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг 51 дүгээр байрны орцонд мөнгөн ус асгарсан тухай дуудлага өчигдөр өглөөний 10.00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Уг дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон цагдаагийн хэлтсийн ажилтнууд тус байранд ажилласан. Биднийг очиход цагдаагийн байгууллагын ажилтнууд орцонд асгарсан мөнгөн усыг гадагш тархахаас сэргийлж тус байрны үүдийг битүүмжлэн оршин суугчдыг гэрээсээ гарч, орохыг хориглосон байв. Хөл хориог өчигдөр өглөөний 11.00 цагийн үед тавьсан бөгөөд үдийн 14.00 цагийн үед ч хориог цуцлаагүй байв.

Мөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжин төв мэдрэлийн, амьсгалын систем, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх аюултай бодис юм. Түүнчлэн уг бодис нь тухайн үедээ хүний биед ямар нэг нөлөө үзүүлэхгүй байж болох ч удаан хугацааны дараа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Мөн мөнгөн ус халж уурших үедээ илүү хор хөнөөл учруулдаг гэнэ. Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд тус байрны агаарын найрлагад шинжилгээ хийж мөнгөн усны хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их болсныг тогтоосон юм. Тиймээс мэргэжлийн хяналтынхан эхний ээлжинд орцыг ариутгаж, агаарт ууршсан мөнгөн усыг саармагжуулах ажлыг хийсэн.  Ингээд 16.35 цагийн үед тус газарт дахин шинжилгээ хийж агаарын найрлага дахь мөнгөн усны хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн учраас хөл хориог цуцлав.

Мөнгөн ус ямар учраас энэ байрны орцонд асгарсан гэдэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм. Ямартай ч тус байрны зургаадугаар давхараас дээш давхарт оршин суугч энэ бодисыг орцонд асгасан байж болзошгүй гэдгийг цагдаагийн байгууллагын ажилтнууд хэлж байсан юм. Мөнгөн усыг алт угаах зэрэг олон зүйлд ашигладаг. Үүнээс болж мөнгөн усыг замбараагүй хэрэглэдэг болсон. Манай улсад энэ бодисын хэрэглээнд тавих хараа хяналт сул байдгаас энэ мэтчлэн хаа сайгүй асгарах боллоо.

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Байрны орцонд мөнгөн ус асгарсан байна. Хэр их мөнгөн ус асгарсан юм бол?

-Өнөөдөр (өчигдөр) өглөөний 10.00 цагийн үед 51 дүгээр байрны орцонд мөнгөн ус асгарсан байна гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байлын хэлтэс болон цагдаагийн байгууллагын ажилтнууд энд ажиллаж байгаа.

Энэ байрны зургаа, долоодугаар давхрын хоорондын шатан дээр мөнгөн ус асгарсан байна. Одоогийн байдлаар бид мөнгөн усыг зориулалтын тоос сорогчоор соруулж, агаар дахь мөнгөн усны хорыг саармагжуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд агаарын найрлагад шинжилгээ хийлээ. Мөнгөн усны хэмжээ зөвшөөрөх хэмжээнээс их гарсан.

-Мөнгөн усыг юунаас гарсан гэж таамаглаж байна вэ?

-Бага оврын тоног төхөөрөмжөөс гарсан байх гэж бодож байна. Мөнгөн ус хаанаас гарсан гэдийг цагдаагийн байгууллагын ажилтнууд тогтоохоор ажиллаж байгаа. Тус байрны айлуудад орж хэмжилт, шалгалт хийлээ. Нэг айлд хэмжилт хийхэд бага зэргийн мөнгөн ус илэрсэн. Эцсийн байдлаар цагдаагийн байгууллага тогтооно.

Тус байрын жижүүр Г.Аварзэд орцонд цэвэрлэгээ хийж байх үедээ мөнгөн усыг харж дуудлага өгсөн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Мөнгөн усыг хэдэн цагийн үед харсан бэ. Яаж мэдэв?

-Манай эхнэр бид хоёр өглөө есдүгээр давхараас эхлээд цэвэрлэгээ хийж байлаа. Гэтэл долоодугаар давхарын шатан дээр мөнгөлөг өнгөтэй, жижиг бөмбөлгүүд байсан. Би анх хараад мөнгөн ус гэдгийг нь мэдээгүй.

Юу асгачихсан юм бол гэж бодоод арчих гэтэл ийш тийшээ “гүйгээд” байсан. Тэгэхээр нь алчуураараа нэг сэгсэрчихсэн чинь шатны хажуу руу асгарсан. Гайхаад ойртож хартал гялтагнасан мөнгөлөг өнгөтэй зүйл байсан. Ингээд л мөнгөн ус юм байна гэж бодоод дуудлага өгсөн юм. Би өнөөдөр (өчигдөр) найман цагийн үед цэвэрлэгээнд гарсан. Мөнгөн усыг есөн цагийн үед олж харсан.

-Та барьж үзсэн юм уу?

-Би барьж үзээгүй. Ойртож хараад л мөнгөн ус байна гэж бодсон. Эхнэр маань ч үүнийг мөнгөн ус юм шиг байна гэж хэлсэн. Энэ бодис их хортой гэж сонсож байсан учраас цаг алдалгүй мэргэжлийн хүмүүсийг нь дуудъя л гэж бодсон юм.

-Танай байранд алт олборлодог хүн амьдардаг уу?

-Энэ байранд ихэвчлэн өндөр наснууд амьдардаг. Би энэ орцны жижүүрээр ажиллаад гурван жил орчмын хугацаа өнгөрч байна. Алт олборлодог айл байхгүй байх.

-Хэр хэмжээний мөнгөн ус байсан бэ?

-Хэмжээг нь нарийн тодорхойлж хэлэхэд хэцүү юм. Ямар ч байсан шатны дөрвөн гишгүүр дамнаад асгарчихсан байсан.

-Таны хувцас хунарыг ариутгасан уу?

-Одоохондоо ариутгасан зүйл алга. Харин миний гутлыг авчихсан. Бас алчуураа мэргэжлийн хяналтынханд өгсөн байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.