Н.УДВАЛ НЭРЭЭ ТАТАЖ МАН-Д ГАВЬЯА БАЙГУУЛАХ УУ

-Нэр татах боломж энэ сарын 22-ноор дуусгавар болно-

Н.Энхбаяр удахгүй суллагдаж, Н.Удвал нэрээ татна. Ийм яриа гадуур нэлээд эрчтэй таржээ. Мөн цахим ертөнцөөр Н.Энхбаяр намынхандаа захидал илгээсэн тухай мэдээ тарав. Чухамдаа үнэн үү, эсвэл бас л нэг бие ч үгүй, толгой ч үгүй бор шувууг бодлогоор нисгэж байна уу бүү мэд. Гэхдээ үүнийг тойрсон хэлэлцүүлэг улс төрийн хүрээнийхэн дунд ч, энгийн гишүүдийнх нь дотор ч чамгүй хөөрхөн мэтгэлцээн өрнүүлээд амжиж байгаа бололтой юм.  Н.Удвал нэрээ татвал манай аваргад л ашигтай хэмээн МАН-ынхан алгаа үрчиж байхад ардчилсан Ерөнхийлөгч имижээ ахиад дөрвөн жилээр сунгана гэдэгтээ итгэлтэй суугаа Ц.Элбэгдоржийн талынхныг “Арай тэгж золигтохгүй байлгүй дээ” хэмээсэн жижигхэн айдас жихүүцүүлээд амжсан гэнэ.  Харин Н.Удвалыг сонгуульд сойж, хурдыг нь үзнэ хэмээн хусуур, сойзоо зэхсэн Ху намынхан энэ бүгдийг эмнэлэгт байгаа Н.Энхбаяр л мэднэ гэх хандлага илэрхийлж байгаа. Учир нь Н.Удвалыг нэр дэвшүүлэх сценарийг нарсанд суугаа намын дарга нь бичсэн. Тийм учраас түүний бичсэнээр үйл явдал яаж өрнөх, зангилаа болон тайлал нь хэдийд задрахыг хэн хэн нь одоогоор хэлж мэдэхгүй юм байх. Юутай ч хэл ам хэрүүл уруул болж хоёр ч хойшилж байж хийсэн Бага чуулганы шийдвэрээ бариад нэр дэвшигчээ эмнэлгийн үзлэгт хамруулсан. Юмыг яаж мэдэх вэ СЕХ-нд бүртгүүлж өрсөлдүүлэхдээ тулбал гээд бичиг баримтыг нь ч нэлээд чамбай бэлтгэж буй. Бас сурталчилгаанд зарах хөрөнгө хаанаас босгох вэ гэдэг дээр ч дарга нар нь толгойгоо ажиллуулах хэрэгтэй болоод байгаа гэх.

МАХН энэ сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлж ч магадгүй, бас өрсөлдүүлэхгүй ч байж мэднэ гэсэн ацтай хувилбар барьж буй нь аль эртнээс яригдсан. Гэхдээ намынхан нь ч, өрсөлдөгчид нь ч Н.Удвал гэсэн нэр хар хайрцагнаас гараад ирэх юм гэж  төсөөлөөгүй. Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, арга ядахад УИХ-ын дэд дарга Л.Цог гэцгээж тэдний хажуугаар МҮАН-аас “шилжиж” ирсэн Ц.Цолмон ч хурдалчих гээд юм юмтай байсан ч Н.Удвалыг гэж үзмэрч  гишүүдийнх нь төлөгт ч буугаагүй байх. Эрчүүдийн өрсөлдөөн дунд эмэгтэй нэр огт дуулдаагүй нь Н.Удвалд тэлж томрох их хүсэл, тээглээд уначихмаар том амбийц байгаагүйн баталгаа хэмээн намын нөхөд нь өмөөрч байна билээ.

Тэгэхээр Н.Удвал энэ удаа лав Ерөнхийлөгч болъё гэж өөрөө зүтгээгүй. Харин намын нөхдийнхөө өмнөөс золионд шахуу явж байж мэдэх гэнэ. Яагаад гэвэл МАХН-ыг нэр дэвшүүлэхгүй бол АН хамтарч байгаа засгаасаа хуйгаар нь хөөгөөд гаргана гэх том занааг сэмхэн үзүүлсэн сурагтай. Чухам тиймээс энэ удаа элэг нэгтэй МАН-ыг дэмжиж ажиллана гээд эрс шулуухан хэлчихээд эргээд алхчихаж чадаагүй. Ацан шалаанд ороод элдэв асуудлаас жийрхсэн эрчүүд нь бултаж, эмэгтэй гэж хөөргөөд л Н.Удвалын нэрийг Бага чуулгандаа оруулсан. Үүнээс өмнө нь ч чамгүй удаан хэрэлдэж хэлэлцсэн. Гүйцэтгэх товчоо нь л гэхэд сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв, нэр дэвшүүлэлгүй МАН-ыг дэмжих нь зөв гэж хоёр талд гарч суучихаад эвлэж нэгдэж өгөхгүй эцэстээ эмнэлэгт хоригдож буй Н.Энхбаяр дарга руугаа хайна хагалах мэргэн санаа хайрла хэмээн элч довтолгосон сураг ч бий.

Ингэж тодруулсан нэр дэвшигч нь их удахгүй нэрээ татаж, эсвэл СЕХ-нд өгсөн бичиг баримт шаардлага хангаагүй гэсэн хоёр тохиолдлын аль нэгээр тоглоомоос гарч гарааны зурхайд АН-ын Ц.Элбэгдорж, МАН-ын Б.Бат-Эрдэнэ хоёр үлдэнэ хэмээн барин тавин батлах хүн нэг биш байна билээ.

Н.Удвал нэрээ татах санаачилгыг өөрөө гаргахгүй нь мэдээж. Тэр энэ сонгуульд ялахгүй нь тодорхой. Хэдийгээр нэр дэвшүүлсэн намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Монголын ний­гэм эмэгтэй Ерөнхийлөгчтэй байхыг хүсч байгааг мэдэрч улс төрийн мэргэн шийдвэр гаргаснаа гайхуулах ч амьдрал ярьж буйгаас нь арай л өөр гэдгийг тэр өөрөө ч мэдэж байгаа. Монголчууд одоохондоо эмэгтэй хүнийг төрийнхөө толгойд залах сэтгэл зүйн бэлтгэлгүй. Дээрээс нь эмэгтэй хүн улс төрд эрчүүдээс толгой илүү гэдгийг тодорч гарсан хэдэн хүүхэн нь хараахан баталж амжаагүй байна. Чухам ийм учраас энэ сонгуульд Н.Удвал ялахгүй. Үүнийгээ ч тэр ойлгож байгаа биз. Гэхдээ л нэрээ татна гэж яавч түрүүлж дуугарахгүй.

Тиймээс МАН-ынхан өмнө дутуу орхисон яриа хөөрөөгөө гүйцээж Н.Энхбаяр даргатай нь үг хэлээ олж чадах юм бол нэр дэвшигчийг нь хуулийн хугацаанд татуулж дөнгөнө. Гэхдээ тэд чухам юу амлаж, юугаар уяраах нь хамгаас чухал. Уг нь бол МАХН дотор ч, МАН-д ч энэ хоёр нам нэгдэж нийлдэггүй юм гэхэд улс төрийн талбарт эвсч тоглоод амжилтад хүрнэ гэсэн санаатай хүн олон. Тиймээс Н.Энхтүвшингийн овсгоо самбаа, Н.Энхбаярын ааль аашаас энэ асуудал хаашаа эргэх нь тодорхой болох талтай. Өөр нэг найдаж болох гарц бий. Тэр нь Б.Бат-Эрдэнэ аваргыг экс Ерөнхийлөгчийн хүн гэдэг. Тиймээс элдэв гуйлгагүйгээр Н.Энхбаяр МАН-аас нэр дэвшигчийг дэмж гээд лүндэгнэчихэж чадна.

МАН ярьж хөөрч, найрч найзалж эс чадваас АН энийг хийж мэднэ. Учир нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд үүрэг өгчихсөн байхад л хангалттай. Шалтаг заавал олно. Нэр дэвшиж буй нэгнийг байтугай ялалт байгуулаад ороод ирсэн хүнийг түлхээд ялагдсан өрсөлдөгчийг нь гишүүн болгочихдог сүйхээтэй эр учир Ц.Элбэгдорж хүсэх л юм бол Н.Удвалын нэрийг хүчээр татуулна. Гэхдээ МАХН-ын нэр дэвшигч МАН-ын саналаас хуваалцана хэмээн тооцож буй тохиолдолд Ц.Элбэгдорж ийм алхам хийхийг хүсэх нь юу л бол.

Ямар ч байсан Н.Удвал нэрээ татвал энэ сонгууль нэг мөр яваад дуусна. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын хэн нэг нь 50-иас дээш хувийн санал сонгогчдоос авч чадна хэмээн тооцож болох гэнэ. Харин таамаг зөрж сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдвөл дахих магадлал тун өндөр. Өөрөөр хэлбэл, хоёр дахь шатны сонгууль болж хамгийн өндөр хувьтай хоёрын хооронд өрсөлдөөн дахин өрнөнө. Энэ тохиолдолд аваргад боломж багасч, Ц.Элбэгдорж илүүрхэх магадлалтай гэцгээж буй ч олон улсын практикаар сонгогчид эрх баригчдыг биш сөрөг хүчнийг дугуйлж орхидог туршлага ч бий гэсэн. Энэ олон таамгийн аль нь үнэн, аль нь худал хийгээд улс төрийн тойрогт тоглоом яаж өрнөхийг хүлээхэд тун цөөн хоног үлдсэн. Энэ сарын 17 буюу ердөө маргаашаар нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг СЕХ-нд өгч бүртгүүлэх үйл ажиллагаа дуусч байгаа. Үүнээс тав хоногийн дараа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардах хуулийн хугацаа тохионо. Тиймээс МАХН Н.Удвалынхаа нэрийг татуулах бол энэ сарын 22-ноос өмнө амжих хэрэгтэй болох юм билээ. Мөн түүний нэрийг татуулж угшил нэгтэй хоёр намынхаа сонгогчдыг хамтад нь барина гэж тооцож байгаа бол МАН яриа хөөрөөгөө энэ хооронд л амжиж хийхээс аргагүй гэнэ.

Өдрийн шуудан Н.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.