Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтөд ажлын хэсэг байгуулагдана

ger-horoolol-2Ганданд 1800 гаруй өрх, 7000 гаруй иргэнтэй. Нийт 55,5 га газар нутагтай нийслэлийн унаган хорооллын нэг юм.

Гандангийн дэнж гэх Баянгол дүүргийн XVI хорооны 40 орчим иргэн өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат болон хотын ерөнхий архитектор н.Нацагдорж, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга А.Лхагвадорж зэрэг албаны хүмүүстэй уулзлаа.

Тэдний уулзах болсон гол шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлт байсан юм.

Нийслэл хотын гэр хорооллыг орчин үеийн жишигт хүргэх зорилгоор дахин төлөвлөлт хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг зөвшилцөлд хүрэх замаар шинэ цагийн бүтээн байгуулалт өрнүүлэх хөтөлбөрийг Гандангийн оршин суугчид хүлээн зөвшөөрөөгүй нь чирэгдэл үүсгэсэн.

Баянгол дүүргийн XVI хорооны нутаг Гандангийн дэнжид дахин төлөвлөлт хийж орон сууцны хороолол барих ажлыг “Эко констракшн” болон “Пума констракшн” компаниуд хийхээр сонгогдсон ч иргэдтэй зөвшилцөлд хүрч чадаагүй юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршлыг 16 багц болгон, блокоор хувааж иргэдээс санал авсан.

Иргэдийн сонголтын дагуу байршил тус бүр дээрх компаниуд шалгарсан. Гэтэл Баянгол дүүргийн XVI хороон дээр гурван компани санал авах байснаас нэг нь татгалзаж үлдсэн хоёр нь буюу “Пума констракшн” компани сонгосон В блок дээр 25,9 хувь, “Эко констракшн” компани А блок дээр 16,7 хувийн ирцтэйгээр санал хүсч ирсэн иргэдийн 70 гаруй хувь нь дэмжсэн боловч ирц 50 хувьд хүрээгүй.

Иргэдийн хүсээд байгаа зүйл бол дэд бүтцээ татуулаад өөрсдөө байшингаа бариад амьдрах. Харин нийслэлээс барьж байгаа бодлого бол гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулж дэд бүтэцтэй, орон сууцтай, сургууль, цэцэрлэг гэх мэт орчин нөхцөлөөр хангасан хороолол болгох. Энэ хоёр чигийн зөрөөнөөс болж гэр хорооллын дахин төлөвлөлт гацаад байгаа юм.

Уулзалтаар иргэд дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хомс байгааг хэлээд өөр өөрсдийн санал, нийт иргэдийнхээ хүсэлтийг уламжилсан. Зарим иргэд дахин төлөвлөлтөд хамрагдаж орон сууцтай болох хүсэлтэй байгаа бол зарим нь дэд бүтцээ шийдүүлээд амины орон сууцтай болох хүсэлтээ тавьсан.

Гандан бол хотын төв, аялал жуулчлал ирэх цэг, үндэсний уламжлалт соёл хадгалагдсан газар учир цогц төлөвлөлт хийх шаардлагатай гэдгийг гэр хорооллыг дахин төлөвлөлтийн удирдах хорооноос хэлж байсан юм.

Ийнхүү иргэд санал зөрөлдөөнтэй байгаа учир дахин төлөвлөлтийн энэ хэсэгт ажлын хэсэг байгуулж Гандангийн дэнжийн бүх иргэдээс саналыг нь авч төлөвлөлтийг нягтлахаар боллоо.

Энэ уулзалт бол анхны уулзалт бөгөөд дахин иргэдтэйгээ уулзаж санал солилцож гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа үргэлжлүүлэхээр боллоо.

Б.Зул


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.