Монголчууд Тайландаас хар тамхи “хайлаа”

har-tamhi-middleАРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ…

Нэлээд хэдэн жилийн өмнө бол “Хар тамхи” гэхээр хамгийн түрүүнд мафийн толгойлогч гэх нэг “зэвүүн нөхөр”-ийн тухай, эсхүл хэсэг бүлэг хүмүүс хоорондын хөл, толгойгүй алалцаан, буудалцаан цаг гаруй үргэлжилдэг видео киноны үйл явдал л санаанд буудаг байв.

Хөгшин аав маань хүртэл “Одоогийн залуус ийм балай юм үзэж байх гэж. Ганц кило хүрэхгүй гурилны төлөө ингэж цус нөжөө урсгаж байдаг өлөн зэлмүүн, билэггүй улсын чухам юу нь сайхан харагддаг байна аа” хэмээн ам асуух, аашлах хоёрын хооронд нэг бус удаа үглэж суусныг санаж байна.

Бид мэтэд бол өвөөгийн хэлээд байсан тэр “гурил” биш, гол баатар Ван Дам, аль эсвэл Рэмбо хэнийг яаж буудах, өшиглөж унагах агшин л чухал байсан хэрэг. Үүнээс арай хожуухандаа ч бас арай танагтай байж. “СПИД”-ийг анх Монголд импортолсон Камеруны хоёр “хар”-ын талаар л нийгэм даяараа шуугиж байснаас бус мөнөөх “гурил” азаар сурагг үй байлаа. 90-ээд оны сүүл үе л дээ. Хоёр хартай заваарч ДОХ-ын вирустэй болсон эмэгтэйн бузар булайг л шагшин гайхацгааж байх тэр үед “Хар тамхи” гуай чихэнд үл сонсогдохуйц чимээгүйгээр хаалга тогшиж байсныг хэн маань ч мэдээгүй. Гэхдээ хар тамхины айдсаас урьтаад анхааруулгыг бол мэргэжлийнхэн энэ үеэс эхэлсэн нь үнэн.

“За, та нар сүүлийн үед хаа сайгүй ганзагаа үүрээд явдаг болсон шүү. Москва, Эрээнээр тэнэж яваад тэр “гурилыг” л олоод ирэв дээ. Одоо тэр л дутуу байна. Эхнээсээ энэ хүүхнийг харж байгаа биз, дуракууд минь.” гэж ирээд л оройжингоо “Цагийн хүрд”-ээр толгой түрүүгүй загнуулдаг байж билээ.

Тэр хоёр хартай монголчууд бүгдээрээ юу яачихсан юм шиг л том, багагүй хэдэн өдөр юм бодож, гэмшиж алхсаныг санаж байна. Тэр үед бид дээр, дооргүй ийм л “түүхийгээрээ” байж. Одоо бол ямар ч мэдээллийг хөдөө хээр төөрч будилахдаа ч үзэж, уншиж болохоор олон зурагт, сонин байгаад нэмэргүй тийм “дүлий дүмбэчүүд” болцгоож дээ, бид. 2013 он. Хаалга тогшиж байсан өнөөх хар тамхи, мансууруулах бодис гэгч зүйл манай хил хязгаарыг давж гишгээд цөөнгүй жил болж. Олон ч хүн ийм хэрэгт холбогдож ял зэм хүртжээ. Улсын цолтой бөх, рок, попын од ч байна. Цаазын ялаас арайхийн мултарч бүх насаараа хоригдох ял сонссон Монгол эмэгтэй хүртэл Хятадын шоронд сууж л байна.

Яг үнэндээ өнөөдрийг хүртэл хар тамхитай холбоотой нэгдсэн бодлого манай улсад байсангүй. Магадгүй байсан гэвэл үр дүн гарсангүй. Ядахдаа өнөөдөр энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа төрийн бус байгууллага гэхэд ганцхан л байна. Хэдэн жилийн өмнө бол овоо хэд байсан гэсэн. Гэвч зорилгоосоо няцсан уу, эсвэл анхнаасаа өөр юм “хайх” санаа бодолтой нөхөд байсан уу ямар ч гэсэн нэгээс бусад нь өнөөдөр алга. Эмч, эмнэлгийн тухайд ч ор нэр төдий гэхэд болно. Төсөв, мөнгө нь ч ядруу, гацуухан юм дуулдсан. Сонсголонд байдаг “Архины эмнэлэг”- т л мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг эмчилдэг гэж байгаа.

Эмчилгээ нь ч маруухан. Аргагүй ч юм билээ. Ийм төрлийн донтолтыг төгс эмчилж байсан туршлага бидэнд байхгүй болохоор хордлого тайлах эм, эмчилгээ хийхээс хэтэрдэггүй гэдгээ ч энэ салбарын эмч нь учирлаж байсан. Мэргэжлийн хүний хэлж буй албан бус тоогоор бол өнөөдөр зөвхөн нийслэлд л гэхэд 100 гаруй хүн энэ тахалд нэрвэгдсэн гэж байна.

Өөрөөр хэлбэл, эргэлт буцалтгүйгээр хар тамхинд толгойгоо, зүрх сэтгэлээ, амьдралаа мэдүүлсэн хүмүүсийн зөвхөн ил мэдэгдэж байгаа бүртгэлтэй хэсэг нь гэсэн үг. Магадгүй цаана нь мэдэгдээгүй хэд ч байгаа юм билээ, таашгүй. Ингээд бодмогц “Арай ч дээ…” гэдгээс өөр үг амнаас үл унана.

SOS: СОНИРХОЛ, ШОХООРХОЛ БОЛ ХАМГИЙН АЮУЛТАЙ УРХИ

Энэ тоог сонсонгуут “Тэгээд хэн хэн гэдгийг нь мэдэж байгаа юм бол барьж аваад арга хэмжээ аваач ээ” гэх бодол юун түрүүнд толгойд зурсхийнэ.

Гэвч манай одоо мөрдөж байгаа энэ төрлийн хуулиуд болохоор ингэж болдоггүй “зөөлөн” заалтаар дүүрэн аж. Жишээ нь, хүний халдашгүй эрх, бас “эдгэшгүй” өвчтөнийг үл хүндэтгэсэн гэдгээр хууль сахиулагчид эргээд буруудаж байсан тохиолдол нэг бус гарч байж.

Цагдаа нарын тухайд шар махтайгаа хаттал нэг хэргийн араас явж, эзэн холбогдогчид нь арайхийн хэрэг үүсгээд барьж хорьдог ч шүүх, прокурор дээр очоод хэрэг биш болох нь энүүхэнд аж. Зарим тохиолдолд саатуулсан “өвчтөнөө” харьяа эмнэлэгт нь аваачиж өгдөг ч нэг их удалгүй гаргаад явуулчихдаг байна.

Тийм учраас энэ талын хууль эрх зүйн орчинг Х.Тэмүүжин сайд л арай дөмөгхөн болгох болов уу гэдэгт ихээхэн найдаж явдгаа сүүлийн арав гаруй жил ийм төрлийн хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнан ажиллаж байгаа цагдаагийн нэгэн ажилтан хүртэл ярьж байна. Түүний хэлснээр бол өнөөдөр Монголд татдаг, тарьдаг, уудаг, иддэг гээд хэрэглэх арга нь өөр гашиш, геройн, ампетамин зэрэг маш олон нэр, устай хар тамхины төрлийн бодис, эм бэлдмэлийг хүмүүс хэрэглэж байгаа гэсэн бүртгэл байдаг аж.

Үүнийг хэн нэгнээс, эсвэл эмийн сангаас яаж ийж авч хэрэглээд байгаа тэр хүмүүс байхгүй бол цаана нь нуугдчихаад зарж борлуулж байгаа нөхдүүдийн зах зээл, гарц нь ядаж хумигдах талтай юм билээ. Гэхдээ өнөөдөр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, бас борлуулах, хилээр оруулж ирэх, хадгалах арга улам бүр нарийсч байгаа гэсэн. Залгих, үс гэзгэндээ нууж хаах бол хуучирсан аргад тооцогдож байгаа гээд бод доо.

Энэ бол хамгийн аймаар нь. Манай улсын хувьд хар тамхины хор хөнөөл, аюул занал яах аргагүй анхаарлын төвд ороод байна. Ер нь бол 90-ээд оноос өмнө ч манайд энэ төрлийн хэрэглээ байгааг үй биш байжээ. Маш нууцлаг байдлаар мэр сэр хэрэглэдэг хэсэг байж. Ялангуяа аав, ээжийгээ дагаж гадаад, дотоодод дипломат шугамаар ажиллаж, амьдарч байсан, эсвэл төрийн “томчуудын” хүүхдүүд мансууруулах бодис нууцаар хэрэглэдэг байсан байна. Тэдний зарим нь одоо тавь гаруй настай, “архагууд” болсон гэнэ.

Хамгийн аюултай нь сүүлийн үед дунд сургуулийн хүүхдүүд, өсвөр насныхан татагдах эрсдэл маш өндөр байгаа явдал. Зарж борлуулдаг хүмүүс нь ч нийгмийн энэ хэсгийг овоо хараандаа авсан байгааг мэргэжлийн хүмүүс судалгаагаар олж тогтоожээ. Яагаад гэхээр өсвөр болон идэр насныхан дундаас мөнгөтэй айлын хүүхэд, эсвэл урлаг, спортоор бусдыгаа дагуулдаг, чих зөөлөнтэй, “хөнгөхөн” хэсгийг наймаачид зориуд судалж, сонгож авдаг байна. Дараа нь тэдний найз нөхөд, байрны ах нараар ч юм уу дамжуулж мансууруулах бодисыг эхлээд хоёр, гурван удаа “үнэгүй” хэрэглүүлдэг байна.

“Ямархуу зүйл байдаг юм, хэрэглэхээр яг яадаг юм бол…” Ийм сонирхол, шохоорхол ямар ч хүнд төрөх нь мэдээж. Тэр тусмаа “шилэгдмэл” хүүхэд, залуусын хувьд бүр ч ойлгомжтой. Ингээд сониуч зандаа хөтлөгдсөн өнөөх хэрэглэгч нь яваа яваандаа наймаачдын найдвартай хэрэглэгч, бас дамжуулагч болдог байна. Ганц, хоёр хэрэглээд л өөрийн эрхгүй бие, махбодь нь нөгөөхөө нэхэж эхэлдэг учраас эцэстээ юу ч хийхээс буцдаггүй болдог байна. Ингээд л нийгэмд бас нэгэн хар тамхичин “мэндэлнэ”.

ТАЙЛАНДЧУУДЫН МӨРИЙГ АЛГАДАХ ШАЛТГААН

Нөхцөл байдал нэгэнт ийм дээрээ тулжээ. Хараад суух эрх хэнд ч байхгүй. Ядахдаа хорь биш, хоёр сая гаруйхан монголчуудын хувьд энэ бол бодит аюул. Тэмцэл, тулааныг яаралтай эхлүү- лэх цаг болжээ. Гэхдээ энэ тэмцэл рүү нүдээ аниад дайраад орчихно гэж байхгүй.

Туршлагатай хэн нэгнээс заавал үг сонсох учиртай. Судалгаагаар Улаанбаатар хот бол хар тамхины хэрэглээ, худалдаа зэрэг бүхий л үзүүлэлтээрээ бусад аймаг, хотуудтай харьцуулахад гол төв нь болсон гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч буй. Тиймээс энэхүү хар тахалтай дорвитой тэмцэх цаг болсныг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлийн Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийнхөн олж харсан нь сайшаамаар сайхан мэдээ.

Хотын шинэ удирдлагууд ч овоо шүү гэж хэлэгдэх бас нэг сэжим энэ шүү. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль зүйн яам, эрүүл мэндийн яам, цагдаа, наркологийн төв эмнэлэг, төрийн бус байгууллагууд гээд маш олон газраас төлөөлөл багтдаг. Бүтцийг нь харахад ч хар тамхи, мансууруулах бодистой хүчээ нэгтгэж тэмцэх гол шалгууртай яв цав нийцэхээр санагдсан. Өөрөөр хэлбэл, бүх талын төлөөлөл нэг ширээний ард сууж байгаа учраас эндээс нэгдсэн ойлголт, хууль эрх зүйн шинэ гарц, хамгийн гол нь бодитой үр дүн гарах магадлал өндөр гэсэн үг. Тиймээс тус зөвлөлийнхөн хар тамхитай холбоотой сайн, муу бүх зүйлээрээ алдартай Тайланд улсаас хар тамхи “хайсан” юм.

Яагаад заавал Бангкок гэж… Тайланд орны мөрийг алгадаж, үг сонсох шалтгаан олон аж. Хар тамхитай бус хар тамхичинтай эхлээд тэмцэх учиртай л даа. Гэтэл яг ч бас тийм биш юм байна. Яагаад гэхээр дэлхий нийтээрээ шахам хар тамхи хэрэглэсэн хүн сайн дураараа өөрийгөө илчилбэл өвчтөн гэж үздэг жишиг нэгэнт тогтжээ. Тайланд ч ялгаагүй. Тэгэхээр зөвхөн хар тамхитай тэмцэхээс өөр дөнгүүр гарц одоогоор байхгүй байгаа гэхэд болно. Гэхдээ хар тамхи, мансууруулах бодис худалдсан, үйлдвэрлэсэн, тариалсан, нууцаар хил дамнан нийлүүлсэн этгээдүүдийн хувьд бол байдал өөр.

Тэднийг илрүүлж хүнд ял зэм хүртээх замаар тайландчууд хатуу тэмцэл өрнүүлдэг байна. Энэ талаараа Тайланд улс бол маргаангүй “хаан” орон аж. Хатуу ч хуультай юм байна, тэмцдэг газар нь ч нүсэр том юм байна. Хар тамхичдаа эрүүл саруул болгож, нийгэмш үүлж байгаа үзүүлэлтээрээ ч гаргууд улс юм байна. Үг сонсож, үйлдэл бүрийг нь судлахаас аргагүй орон аж. Чийглэг, дулаан уур амьсгалтай Тайланд улсын хувьд Лаос, Бирм, Камбож, Малайз зэрэг хар тамхины “томчуудтай” хөрш оршдог. Өөрөө ч хар тамхиараа зартай. Хаа сайгүй зургийг нь өлгөж, хөшөөг нь сүндэрлүүлсэн угсаа залгамжилсан хааныхаа гэр бүлд өөрөөсөө ч илүү хайртай ард түмэн.

Тэд далан саяуулаа. Засаглалын хувьд парламентын засаглалтай ардчилсан Үндсэн хуульт хаант улс. Тай массаж, тай бокс, лэди бой шоу, секс жуулчлал шигээ хар тамхиар ч тайландчууд брэнд бий болгосон. Зүүн эргийн зарим арал дээр нь хар тамхины баар хүртэл байдаг гэсэн. Мэдээж ийм газрууд нь албан ёсны зөвшөөрөлтэй, бараа бүтээгдэхүүнийхээ үйлчилгээ, үнэ зэргийг менюдээ илэн далангүй тодорхой зааж өгсөн байдаг аж.

Энэ хэрээр хэрэглээнд тавих хяналт нь ч чанга. Хар тамхитай тэмцэх тусдаа бие даасан том байгууллагатай. Тэр нь манайхаар бол аймаг сумдад ч салбар нэгжтэй, тэр ч байтугай Хятад, Вьетнам зэрэг хэд хэдэн оронд төлөөлөгчийн газар ажиллуулдаг гэж байсан. Ер нь бол Холливудын нэлээд хэдэн жилийн өмнөх “Бангкок хилтон” кинонд гардаг үйл явдал бол эндхийн бодит амьдралаас тийм ч хол зөрүүгүй учраас тусад нь ийм нүсэр байгууллага байгуулсан болов уу. Энэ хэрээр үр дүн гардаг нь дамжиггүй. МОНГОЛ

ХҮН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГААГҮЙ ГЭВ

Монголын төлөөлөгчдийг Тайландын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ерөнхий газарт ажиллах үеэр тус газрын дарга Сукхум Опаснипут маш найрсгаар хүлээж авсан юм.

Тайланд улсын хувьд бүс нутагтаа энэ чиглэлээр хамгийн үлгэр жишээ байдлаар тэмцэж байгаа учраас туулсан туршлага, хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн арга, тактик, техник технологийн давуу талаа тус газрын ажилтнууд хаа холоос зорин очсон манай төлөөлөгчдөд уриалгахан танилцуулж байсан юм.

Хяналтын систем, орон тооны бүтэц, тэр байтугай нисэх буудал, томоохон гудамж, дэлгүүрт байрлуулсан тусгай зориулалтын нууц камеруудаа хүртэл харуулж байв. Үнэхээр нүсэр юм билээ. Тус газрыг удирддаг, ноён Опаснипут “Монголчууд хар тамхи, мансууруулах бодистой өргөн хүрээнд тэмцэх тал дээр анхаарч байгаа нь сайшаалтай. Ер нь бол хар тамхийг хэрэглэсэн хойно нь бус урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах нь хамгийн үр дүнтэй байдаг. Ниргэсэн хойно нь хашхирах бус эрсдэлтэй бүлгийг эхлээд зөв тодорхойлж, тэр хэсэг рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх ажиллагааг маш идэвхитэй өрнүүлэх хэрэгтэй. Ингэвэл хэрэглээг нь хязгаарлах боломжтой.

Уг нь танай талаас 2009 онд төлөөлөгчид ирж манай үйл ажиллагаатай танилцаж байсан ч тэгсхийгээд таг чиг болсон. Энэ удаа тэгэхгүй байх гэж найдаж байна. Орос, Хятад зэрэг танай хөрш орнууд бол энэ төрлийн эм, бодисын үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаагаар дэлхийд дээгүүрт ордог. Тийм учраас Монгол Улс зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна. Манайх руу ч эдгээр орнуудаас маш их хар тамхи, мансууруулах бодис орж ирдэг. Тийм болохоор энэ чиглэлээр танай улстай хамтарч ажиллах, мэдээлэл солилцох зэрэг олон талаар түншлэх боломжтой” гэсэн юм.

Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд тус байгууллагын ажилтнууд 160 гаруй хэргийг илрүүлсэн байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт гэдгийг манай мэргэжлийн хүмүүс ч шагшиж байсан юм. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодисыг тус улс руу африк гаралтай иргэд их хэмжээгээр оруулахыг завдах болжээ. Ингэхдээ олон улсын нисэх буудал болон усан замын тээврийг түлхүү ашиглах болжээ.

Мөн Иран, Афганистаны зохион байгуулалттай бүлэглэл сүүлийн үед тэдний анхаарлыг маш их татаж байгаа гэсэн. Үүнээс гадна мансууруулах бодисыг хэрэглэх болон худалдах гол хэсэг нь насны хувьд ихээхэн залуужиж байгааг ч тус газрын дарга онцолж байв.

Сониуч зангаар ч гэх юм уу Тайландад монголчууд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг түүнээс асуухад өнөөдрийг болтол Монгол хүн энэ төрлийн хэрэгт холбогдож байсан тохиолдол байхгүй гэсэн юм. Яамай даа.

Гэхдээ Улаанбаатар, Бангкокийн хооронд агаарын шууд нислэг үйлдэж эхэлбэл ийм эрсдэл гарахыг үгүйсгээгүй юм. Бодох, болгоомжлох л зүйл.

Н.Төвшин

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.