Тамхины хяналтынтухай хуульд засвар хийхийг нийгэм шаардаж байна

- Сургуулиас 500 метрт тамхи зарна, татна гэж байхаар 18 нас хүрсэн эсэхэд нь хяналт тавих боломжтой -
Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Монголын хууль гурав хоног үйлчилдэг жишгээр энэ хуулийн хэрэгжилт, хяналт сүүлийн үед суларч, эргээд архаг тамхичид хаа сайгүй тамхи зууж, дамлан борлуулагчид ичээнээс гарсан мэт халааснаасаа тамхи ширхэглээд эхэллээ. Энэ нь хуулиар зохицуулах зарим асуудлыг дутуудуулж, түүхий хууль баталсантай холбоотой гэнэ. Иймд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Учир нь тамхи татаж болох байршил, боломжит нөхцөлийг хуульд тусгаагүйгээс иргэд уг хуулийг зөрчөөд байгаа юм байх. Тиймээс тамхи татах цэгийг хэрхэн, хаана байгуулахыг хуульчлахаар болсон тухай саяхан УИХ-ын нэг байнгын хорооны хурлаар ярив. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэд хоногийн өмнө тамхины худалдаачин, үйлдвэрлэгчидтэй уулзах үеэрээ мөн энэ талаар санал солилцжээ. Тамхины хяналтын тухай хууль цоо шинэ харилцааг зохицуулсан биш юм. Өмнөх хуульд Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрнаас 100 метрийн дотор тамхи татах, худалдаалахыг хориглосон заалттай байсан. Харин шинэ хуульд 500 метр гэсэн нэмэлт орсон юм. Ингэснээр хотын төвд тамхи олдохоо байж, шагчид бий болов. МУБИС-ийн өмнүүр энгэрийнхээ халаасанд тамхи хийсэн дамлагчид хөлхөлдөх болсон. Дэлгүүр, ТҮЦ-ийн тамхины үнэ өсч, хорхойссон нэгэнд чихэр, жигнэмэгийн хайрцганд хийн нууцаар худалдаалсаар өдгөө хүрэв. Шинэ хуулиар сургуулиас 500 метр гэснийг хууль хэрэгжүүлэгч нөхөд цэцэрлэг, их дээд сургууль, сургалтын төв хэмээн мушгин гуйвуулж дарамт, шахалтын хэлбэр болгон ашиглаж байгааг иргэд хэлж байгаа юм. Тэгээд ч саваа бэлтгээгүй байж саалиа бэлдэв гэгчээр хууль хэрэгжүүлэх нөхцөлөө зохицуулаагүй байж яаран хууль баталсны уршиг энэ. Ялангуяа орон нутагт энэ хууль хэрэгжих боломжгүй. Сургууль, цэцэрлэгээ тойроод дэлгүүр, баар цэнгээний газрууд нь байдаг шүү дээ. Мөн нөгөө хяналтын тухай хуульд хөдөө, хээр тамхи татахыг хориглосон заалт бий. Тэгэхээр тал дээр, талбай дээр ч тамхи татах боломжгүй. Азаар ч гэх үү манай улсад аливаа хууль гурав хоног хэрэгждэг тулдаа л тамхи татагсад эсэргүүцэл илэрхийлэхгүй байгаа биз. Сүүлийн үед баар, караоке, цэнгээний газрууд тамхи татдаг нууц өрөөтэй болж, тухайн өрөөнд нь тамхи татаж, пиво уувал цагийн 20 мянган төгрөг нэхдэг болсон гэнэ. Тусгай өрөө гаргаж үйлчлэх нь олон улсын жишигт нийцсэн зөв гаргалгаа. Харин үүний цаана бизнесменүүд тамхиар давхар бизнес хийж байна. Гадаадад тусгай өрөөнд тамхи татсаныхаа төлөө төлбөр төлдөг гэж сонсоогүй л юм байна. Энэ нь эргээд л хуумгай хууль баталсантай холбоотой. Тэд хуульдаа баар, цэнгээний газрууд тамхи татах тусгай өрөөтэй байна гээд заасан бол тухайн үйлчлүүлэгч тусгай зориулалтын өрөөнд орж тамхи татахдаа татаас төлөхгүй байх байлаа. Тамхины хяналтын тухай хуульд “Тамхи татаж болохгүй газар тамхи татсан иргэнийг 50,000 төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгох” гэсэн заалт бий. Хамгийн гол нь хаана тамхи татах вэ. Үүнийгээ зааж өгсөнгүй. Хууль санаачлагчид гэр, машин дотор тамхи татаж болно гээд байгаа. Үнэхээр л иргэдийнхээ эрүүл мэндийг бодож байгаа юм бол гэрт, машинд татахыг ч хориглож болох байсан. Цэцэрлэгт хүрээлэн, хээр тал, орцны үүдэнд тамхи татах хориотой мөртлөө гэр хороололд бол зөвшөөрөөд байх шиг. Уг нь тамхи татах, тамхинаас гарна гэдэг бол хүчээр шийдэх асуудал биш. Ухамсрын төвшинтэй ярих хэрэг. Иргэн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой гэдэг хэдий ч урлаг соёлын одод, зохиолчид зурагтаар тамхи нэрээд сууж байдаг. Нэгэнт бодит байдал ийм байгаа учраас уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол тодорхой цэгүүдэд тамхи худалдаалахыг хүлээн зөвшөөрч, магадгүй тэнд тамхиа татах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь зөв алхам болох биз. Тэгэхгүй бол тамхи татдаг хүн бүхэн гэмт хэрэгтэн шиг булан тохойд нуугдаж, сандран дальдчиж харагдах юм. Ийнхүү гоомой хууль баталснаас болж далд бизнес, нууц хуйвалдаан цэцэглэх нэг шалтгаан болж байна. Өнөөдөр бүх дэлгүүр, бааранд тамхи зарж байгааг хуульд хяналт тавих эрх бүхий тушаалтнууд мэддэг болов уу. Манай эрхэм ги шүүдийн яриад бай гаа шиг бүх улс оронд тамхи татахыг хориглочихсон юм биш. Өндөр хөгжилтэй бүх оронд тамхи зарж байгаа. Харьцангуй өндөр үнэтэй байх шиг санагддаг. Тэгэхээр үнэнд анхаарч болох талтай. Мөн дунд сургуулиас 500 метр зайтай тамхи татна, зарна гэсэн хууль хаа ч байхгүй. Харин 18 нас хүрсэн үү, үгүй юу гэдэгт асуудлын мөн чанар оршдог юм билээ. Картын барааны үед тамхи олдохгүй болохоор хөдөөний залуус адууны хомоол, туулайн баас татдаг байсан. Тэгэхээр Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний засвар хэрэгтэй байгааг нийгэм шаардаад байх шиг.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих