Овор багатай хиймэл дагуул хөөргөнө

Овор багатай хиймэл дагуул хөөргөнө

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулж буй “КАНСАТ” хиймэл дагуул бүтээж, хөөргөх Үндэсний анхдугаар уралдааныг Мэдээлэл технологи, Шуудан харилцаа холбооны газраас яармагийн “Морин уралдааны төв”-д зохион байгууллаа.

Манай залуу инженерүүд Монголын нэрийг дэлхийн тавцанд оюун ухаанаараа гаргана. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой гэж Ерөнхий сайд тэмцээний нээлтийн ёслолд оролцохдоо хэлж байсан юм.

“Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд харилцаа холбооны болон тандан судалгааны хоёр хиймэл дагуул хөөргөж, 2015 онд Монгол Улс Үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болох юм. Кансат гэдэг нь Can-лааз, Sat(satellite)-хиймэл дагуул гэсэн үгний нийлбэр бөгөөд бага оврын лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул юм.

Уг хиймэл дагуул байршил тодорхойлогч GPS, даралт, температур мэдрэгч, зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг бүхий л төхөөрөмж нь 350 грамм жинтэйгээр лаазанд багтахаар байдаг. Кансатаа агаарын бөмбөлөг эсвэл пуужин ашиглан хөөргөх бөгөөд тодорхой өндөрт хүрээд шүхрээ задалж аажмаар буух явцдаа зураг авч, мэдээлэл дамжуулдаг. Уг мэдээлэл, дүрсээ ашиглан үнэлэлт, дүгнэлт гаргана.

Өртөг багатай хиймэл дагуулын энэ төрлийг их, дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор өргөнөөр зохион бүтээж хөөргөн ашиглаж байгаа юм.

Тус ажил Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын төвшинд нийцсэн үндэсний сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэхэд чиглэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.