Үзэгдээгүй юм буюу Нийгмийн айдас

Би кино үзэх дуртай. Тэр дундаа аймшигийн кинонд бүр ч илүү. Гэхдээ муу зүйлд дуртайдаа биш зүгээр л бидний амьдралд байдаггүй гэж итгэдэг учраас үздэг.  Тэдгээр кинонд миний төсөөлж ч чадахгүй тийм хачин жигтэй явдлууд дүрслэгддэг нь сонирхлыг минь хөдөлгөдөг.

Хэн нэгнийг харгис хэрцгийгээр хөнөөсөн, тамлан зовоосон, эсвэл хэн нэгэн далдаас бидэнд нөлөөлж байгаагаар хийгдсэн байдаг. Гэтэл сүүлийн үед эдгээр зүйлсийг киноноос биш амьдралаас харж байх шиг. Фейсбүүк хуудсаа шалгах бүрт  л таагүй мэдрэмж. Хөвсгөл аймагт хүн бурхан “төрүүлж” байгаа тухай дуулиан намжиж амжаагүй байтал хүүхдийг амбаарт хорьсон, бага насны охидыг хүчирхийлсэн, төрсөн эцэг нь хүүхдээ заадуурдсан гээд л аймшигт мэдээллүүд ар араасаа гарсаар л байна.

Хүүхэд гэрээсээ гараад эргэж ирээгүй, олоход  тусалж шэйр хийж өгнө үү гэсэн хүсэлт өдөр бүр л шахам цахим ертөнцөд байдаг болж. Бид ч бүр сүүлдээ дөжирч “дахиад хүн алга болжээ, аймаар юм” гэхээс өөрөөр хариулт хэлэхээ ч байж.

Эдгээр мэдээллийн дор бичсэн сэтгэгдлүүд хэдэн мянгаараа. Бүгд л бурхан “төрүүлсэн” эмэгтэй, хүүхдээ заазуурдсан эцэг, хүчирхийлэгч эрэгтэйг муу муухайгаар баахан дуудаж, мэддэг бүх хараалаа хэлжээ. Өөр дорвитой ажил харагдсангүй.

Миний үзэж байсан кинонуудаас илүү аймшгийн зүйлс миний эргэн  тойронд, та бидний ертөнцөд гарсаар л байна. Би киноноос биш амьдралаас айх болжээ. Кинон дээр ч төсөөлж гаргаж чадаагүй зүйлсийг амьдралаас харсаар л байна. Кинонд “үзэгдээгүй юм” амьдралд биелж байна. Аймшигтай юм.

Өглөө хамт цайгаа уугаад суусан элэг бүтэн гэр бүл орой ирэхдээ бүтэн цугларах болов уу?

Ер нь бид дайн байлдаантай хотод амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрөх болжээ. Зүгээр алхаж явтал дээрээс гэнэт юм унаад ирэх вий гэсэн айдас хүн бүрт л бий болсон. Эсвэл гэртээ сууж байтал гэнэт согтуу жолооч машинтайгаа дайраад орох вий …. Энэ бүх айдасыг хэн бий болгоод байна аа гэдэг асуулт миний дотор эргэлдэх болов.  Миний бодлоор энэ бүх айдас бидний амьдарч буй нийгмээс л үүдэлтэй. Харин  энэ нийгмийг хэн бий болгож байгаа билээ гэдгээ бас санах хэрэгтэй. Нийгмийг иргэд бидний оролцоогоор л өөрчилж чадна. Тиймээс эрүүл нийгэм, тохитой орчин бий болгохын тулд хүн бүр өөр өөрсдийн ухамрсараа л дээшлүүлэх нь зүйтэй болов уу. Мэдээж хэрэг нийгмийн байдалд төр засаг нөлөө үзүүлж байгаа ч аливаа муу зүйлийг бага дээр нь арилгах аваас тэр зүйл цааш тарж чадахгүй.

Тиймээс үзэгдээгүй, сонсогдоогүй, харагдаагүй муу муухай зүйлсийг үр хойчдоо үлдээхгүйн тулд бид юу хийх вэ гэдгээ тунгаан бодох үе бидний өмнө тулгарч байгааг ухааран сийрэх цаг болжээ монголчууд аа …

 

Б.Цийзэнхорол

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих