“11 11 төв”-ийн технологийн шийдлийг олон улсад нэвтрүүлнэ

 

Төрийн хүнд суртлыг халахын тулд Шинэчлэлийн Засгийн газар мэдээллийн технологид суурилсан ухаалаг шийдлүүдийг өргөн ашиглаж байгаагийн нэг нь “11 11 төв”. Иргэдтэй олон сувгаар шууд харилцах, хүлээн авсан мэдээллээ холбогдох байгууллагуудад хүргэх, хандалт бүрт хариулт өгөх гээд олон боломж бүрдүүлсэн энэ төвийн технологийн шийдлийг олон улсын шинжээчид өндрөөр үнэлж, олон улсад нэвтрүүлэхүйц жишиг туршлага хэмээн дүгнэжээ.
Хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-аас зохион байгуулсан “Ухаалаг засаг” форумд Дэлхийн банкны шугамаар оролцсон мэдээллийн технологийн салбарын нэр хүндтэй экспертүүд ийнхүү дүгнэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн албаны Мэдээллийн технологийн дарга асан Крис Вэйн, цахим хөгжлийн тэргүүлэх зэргийн зөвлөх Себастян Фу, инновацийн хөгжлийн зөвлөх Меррик Шафер, Олег Петров нарын зургаан хүн дээрх форумд оролцож, олон улсын тэргүүн туршлагаас хуваалцаад буцсан юм.
Тэд Монгол Улсын Засгийн газраас нээн ажиллуулж буй “11 11 төв”-ийн туршлагыг дэлхийн улс орнуудад танилцуулах сонирхолтой байгаагаа албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ эхний ээлжинд Молдав улсын Засгийн газарт танилцуулах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.
Ардчиллын суурь зарчмуудад бүрэн нийцсэн, Засгийн газар-иргэний хооронд шууд харилцаа бий болгосон, Ерөнхий сайдтайгаа шууд харилцдаг ийм систем өөр орнуудад хараахан нэвтрээгүй байгаа учир Монгол Улс анхдагч нь гэж тэд албан хүсэлтдээ нэмж тодотгосон байна.
Түүнчлэн, нээлттэй, шуурхай, хариуцлагатай ажиллах зарчмыг ажил хэрэг болгож буй “11 11 төв”-ийн сүлжээг хөдөө орон нутагт өргөжүүлэхэд Дэлхийн банкны зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих