Сургууль хүүхдэд ээлтэй биш халтай орчин болж хувирав уу

Хүүхдээ гэрээсээ гаргахгүй байх нь хамгийн аюулгүй болжээ-

Монголчууд нэг үеэ бодвол олон нийтийн мэдээллийн сүлжээг сайн ашигладаг болсон. Цахим хуудсуудын сэтгэгдэл, фэйсбүүк, тветтэрийг ашиглаж төрөл бүрийн мэдээлэл цацдаг болжээ.

Тэр ч утгаараа нийгэмд бугшиж байсан хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд ил болж, “идээ бээр” нь шахагдаж эхэллээ. Тэр дундаа охидтой холбоотой гэмт хэргүүд их гарч байна. Хүүхэд бүрийг хамгаалах ёстой гэсэн элдэв уриа байгаа ч тэгж ажиллаж байгаа газар алга.

Ерөөс хүүхэд бүрийг хамгаалахын тулд шат шатанд мэргэжилтнүүд ажиллах ёстой. Тэр дундаа сургуулийн нийгмийн ажилтан бүр ч сайн ажиллах цаг болчихож. Өнөө цагт сургуульд нийгмийн ажилтан нэртэй нэг ааштай “авгай” л байхаас мэргэжлийн сургууль төгссөн, хүүхдүүдийн нийгмийн асуудлыг судалдаг, боломжтой талаас нь дэмждэг мэргэжлийн хүн цөөн байна.

Нийгмийн ажилтан гэдгийг хүүхдүүдийг загнаад, багш нарыг айлгаад, ааширхаад сууж байдаг хүн мэтээр төсөөлдөг хүмүүс байгаа. Гэтэл сургуульд мэргэжлийн нийгмийн ажилтан ямар их хэрэгтэй байгааг, ганц хүн биш бүхэл бүтэн баг ажиллаж, хүүхэд бүрт хүрч ажиллах ёстойг ойрын үед гарч байгаа хэргүүд сануулж байна.

Баянзүрх дүүрэгт нэг мунаг нөхөр хүүтэйгээ нийлж охидыг ашигладаг, хүчирхийлдэг, сүрдүүлдэг байсан хэрэг саяхан ил болсон. Хэрэгтэн амьдралын боломж тааруу айлын охиныг сонгож, сурах боловсрох хүсэл дээр нь тоглолт хийгээд л гэртээ аваачиж хүчирхийлж, садар самуунд уруу татдаг байж. Эцсийн дүндээ энэ бүхний буруутан нь сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан гээд хэлчихэд буруудахгүй. Нэг үеэ бодвол өсвөр, залуу үеийнхэн сурч боловсрох эрмэлзэлтэй болсон. Зөвхөн хичээл сургууль гэлтгүй зөв хүн болж төлөвших лекц сонсох, урлаг спортоор хичээллэх гээд хүүхдийн хүсэл хязгааргүй.

Гэтэл ерөнхий боловсролын сургуулиуд дээр энэ нь тийм ч өргөн биш. Тэр дундаа зөв хүн болж төлөвших, илтгэл тавьж сурах, харилцааны соёлтой болох энэ тэр гэсэн сургалт сургуулиуд дээр бараг байдаггүй. Тэгээд ч байлаа гэхэд тодорхой хэмжээний мөнгө төгрөг, төлбөр шаарддаг юм билээ. Мэдээж үнэ төлбөргүй дугуйлан, секц байгаа нь үнэн л дээ.

Харамсалтай нь жаахан хязгаарлагдмал байдаг нь үнэн. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар сургуулиудын нийгмийн ажилтан, дугуйлан секц ажиллуулдаг багш нар нь амьдралын боломж тааруу айлын хүүхдийг алагчилдаг тохиолдолд ч байдаг гэдгийг хэлж байсан. Тиймээс энд тэнд үнэ төлбөргүй секц дугуйлан гэхээр гэнэн хүүхдүүд аяндаа гүйгээд очиж байсан биз.

Ингээд л гаж донтой, мунаг эрийн гарт 20 гаруй охин өртөж, хохирчихоод байгаа. Энэ бол ердөө л илэрсэн нь. Тэр хавьд олон сургууль байгаа гээд тооцвол хэдэн ч нялх охиноор тоглож, дур хүслээ хангасан юм билээ, хэн мэдлээ. Энэ мэт хэрэгт сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан буруутай гэхэд нэг их хол зөрөхгүй талаар дээр хэлсэн.

Өнөөдөр иргэд сургуулийн насны хүүхдээ гэртээ байлгаад байж чадахгүй. Яах вэ, хүүхдүүд гэртээ байхдаа аюулгүй байдаг. Гэтэл гэрээсээ гараад явахад шууд аюул угтдаг. Машинд мөргүүлж, дайруулж гэмтэх бэртэх, амь насаа алдах хэрэг тасрахгүй байна. Элдэв гэмт хэрэгт орооцолдох, гэмт хэргийн золиос болох нь ихэслээ.

Нийгмийн ажилтан замаар гарч байгаа хүүхэд бүрийг хөтөлж гаргахгүй нь тодорхой л доо. Гэхдээ гэрээс гараад хүүхдүүд сургууль дээрээ очиж байгаа. Тэнд чамгүй цагийг өнгөрөөдөг. Тиймээс нийгмийн ажилтан, ангийн багш нь хэн ямар сонирхолтой байна, хаана ямар секц дугуйланд явж байна, ямар сургалт хүсч байна гэдгийг мэдэж байх ёстой.

Тэгэхийн тулд нийгмийн ажилтан ажилладаг байх ёстой. Гэтэл энэ хэргийн жишээнээс үзэхэд хүүхдүүд ердөө л бүжиг заана, амьдрах ухааны талаар лекц уншина гэх төдийхөн аргад итгээд, жирийн нэг айл руу явж байна гэдэг сургууль дээр ямар ч соёлын үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдэд ойртож харьцдаггүйг яруу тодоор харуулаад байгаа юм.

Тэгээгүй бол яасан гэж охидууд нэг хүн итгээд гэрт нь очиж байв гэж. 13, 14 настай хүүхдүүд гэдэг аль хэдийнэ ухаан орчихсон, наадах цаадахаа мэддэг болчихсон. Энэ насны хүүхдүүд чихэр жимс, аяга хоолонд хууртаад айл руу явна гэж байхгүй. Ердөө л сургууль дээрээ байдаггүй, явагддагүй л дугуйланд суух хүсэлтэй байсан байх.

Нөгөө талаар сүүлийн үед дунд сургуулийн сурагчид зодоон хийж, нэгнийгээ гэмтээж цагдаагийн газар очих нь ихэссэн тоо баримт байгаа. Дээрээс нь охидууд их зодолдож, нэгнийхээ үсийг зулгаалцах болж. Өглөө гэрээсээ сургуульдаа явах гээд гарсан охин нь орой нөгөө ангийнхаа болон ахлах ангийн охидуудад зодуулж, дээрэмдүүлээд харьж байгаа тохиолдол олон байна.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд нэг эмэгтэй хүүхэд нөгөө ангийнхаа хүүхдийг үсдэж чирж, зодож, цохиж байгаа бичлэг цахим хуудсуудаар тарлаа. Гэтэл энэ зодооныг сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан, багш гээд хэн нь ч мэдээгүй байгаа юм. Нэг охиныг газар унагаад үснээс зулгааж, чирч гулдарч байхад эргэн тойрон нь байсан хүүхдүүд утсаараа бичлэг бичээд, зургийг нь аваад байж байгаа юм.

Үндсэндээ нийтээрээ нэг хүнийг дарамталж, зодож, элэглэж байгаа хэрэг шүү дээ. Энэ бүхэн сургууль хүүхдэд ээлтэй биш халтай орчин болж байна уу гэх эргэлзээг төрүүлж байгаа юм. Эцэг, эхчүүд манай хүүхэд сургууль дээрээ эрдэм ном сураад, айх аюулгүй тайван байгаа гэж бодож байтал багш нь, ангийнх нь хүүхдүүд зодох, элэглэн доромжлох, баян ядуугаар нь алагчлах үзэлд өртөж байгаа.

Дээрээс нь бага насны охид хэн нэгэн гаж донтоны бай болоод явж байна. Энэ бүхэнд эцэг, эхийг буруутгах л байх. Охин хүүхдээ гэртээ ирж хонохгүй байхад араас нь ирж сурсангүй гээд л. Гэхдээ л хүүхдийн хоёр дахь гэр болсон сургууль ямар ч баталгаагүй, ээлтэй биш орчин болж хувирчихаад байна. Иргэд хүүхдээ аюулгүй байлгах гэж байгаа нь энэ гээд гэртээ орхиод явалтай биш дээ.

Хүүхдийн төлөө гээд “бахираад”, шоу хийгээд байдаг байгууллагууд, төр засгаас сургуулийн нийгмийн ажилтанг чадавхжуулах, мэргэшүүлэх асуудалд анхаарч, орон тоог нь нэммээр юм даа. Тэгэхгүй бол нийгмийн ажилтнууд ч өөрсдөө сурагчдыг дарамталж, өнгө мөнгөөр ялгаварлаж, зодох байдал гарч байна шүү дээ.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих