С.Ням-Очир, Д.Сумъяа нар “Мастерс”-т түрүүллээ

С.Ням-Очир, Д.Сумъяа нар “Мастерс”-т түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Мастерс” тэмцээн ОХУ-ын Тюмень хотноо болж өндөрлөв.

Жин тус бүрийн шилдэг 16-д өрсөлддөг энэ тэмцээн тамирчдын хувьд жинхэнэ том сорилго болдог. Бас улс орны бөхийн түвшинг ямар байгааг харуулдаг гэж ч болно. “Мастерс” цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа ордог.

Шагналын сан нь 200 мянган ам.доллар гэдэг нь онцгой. Жиндээ түрүүлсэн тамирчин 6000, мөнгөн медальтан 4000, хүрэл медальтан 2000 ам.долларын шагнал хүртдэг. Бас медальтнууд маш өндөр оноо авдаг.

Түрүүлсэн жүдоч 700, мөнгө, хүрэл медальтанд 420, 208 оноо дагалддаг. Мөн тавдугаар байрт орсон тамирчин 140, нэг ялсан нь 112 оноо чансаандаа нэмэрлэнэ. Тийм болохоор уг тэмцээн ямархуу төвшинтэй нь харагдаж байгаа юм.

Манай улсаас энэ жилийн тэмцээнд өмнөхөөс олон буюу 13 тамирчин чансааны эхний 16-д эрэмбэлэгдсэн амжилтаараа шалгаран оролцсон. Тэдэн дээр таван тамирчин сонголтоор эл тэмцээнд зодоглосон билээ. Тэмцээний эхний өдөр манайхан тун гарамгай барилдаж алт хоёр, мөнгө хоёр, хүрэл медаль нэгийг хүртсэн юм.

73 кг-ын жингийн тэргүүн бөх, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа нар алтан медалийн эзэн болж монгол төрийн дууллаа Европын тэнгэрт эгшиглүүлэв.

Тэгвэл ОУХМ Г.Болдбаатар, А.Цолмон нар алтан медалийн оосроос атгаж алдаад мөнгөн медаль хүртсэн бол дэлхийн аварга Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртжээ. Мөн 60 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 48 кг-д М.Уранцэцэг нар медалийн төлөө барилдаж тавдугаар байрт шалгарчээ.

Өнгөрсөн жилийн “Мастерс”-т манай хоёр жүдоч 66 кг-д шалгаран хоорондоо өрсөлдөж С.Мияарагчаа түрүүлж, Х.Цагаанбаатар удаалж байсан бол энэ жил 73 кгд бас монгол жүдочид хагас шигшээд хүч үзэв. Тэгээд С.Ням-Очир аваргалж Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн нь энэ жинд монголчууд давамгайлж байгааг харуулав.

Бас нэг хэлэхгүй өнг өрч болохгүй амжилт нь Х.Цагаанбаатар “Мастерс” тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртсэн анхны тамирчин болов. Эмэгтэйчүүдийн 57 кгд Д.Сумъяа ОХУ, Бразиль, Японы бөхийг дараалан ялж шигшээд Францын тамирчин, энэ жингийн манлай бөх Павиаг буулган авч аваргалсан нь бахархалтай байлаа. Тэгвэл “Мастерс” тэмцээнд анх удаа зодоглосон залуу тамирчин А.Цолмон гарамгай сайхан барилдаж шигшээ барилдаанд Косовогийн М.Келмендид ялагдснаар мөнгөн медалийн эзэн болов.

Түүний он гарснаас хойш олон улсын тэмцээнээс авч буй дөрөв дэх медаль нь энэ юм. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д манай туршлагатай тамирчны нэг Г.Болдбаатар мөнгөн медалиар энгэрээ мялаав. Энэ амжилтаар Монголын баг Японы дараа хоёрдугаар байрт бичигдлээ. Тэмцээний хоёр дахь өдөр манайхан медаль нэмж авсан бол тэр байр өөрчлөгдөх магадлал байсан юм.

Д.Надмид


URL:

Сэтгэгдэл бичих