Нийслэлийн бүтээн байгуулалтыг хоёр сарын дотор гүйцэтгэх үүрэг өгөв

 852c2fa5e5468761c3ae8b796ca9be85_LУлаанбаатар хотын хэмжээнд хийж буй зам засвар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлыг  хоёр сарын дотор багтаан гүйцэтгэх ёстой гэсэн чиг үүргийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хотын удирдлагуудад өглөө.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, бүтээн байгуулалтын ажлын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягаас дэлгэрэнгүй мэдээлэл сонсчээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд хийж байгаа зам засвар, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор ажлын ачаалал үүсч, иргэдэд чирэгдэл учруулдаг учир бүтээн байгуулалтын ажлыг  хоёр сарын дотор багтаан гүйцэтгэх ёстой гэх чиг үүргийг хотын удирдлагуудад өгсөн байна.
Бүлгийн хуралдаанаар мөн Хөдөө аж ахуйн биржээр /ХААБ/дамжиж арилжаалагдаж байгаа ноолуурын тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонссон байна. ХААБ нээгдээд, зүүн гурван аймгийн хэмжээнд ноолуурын арилжаагаар эхэлсэн бөгөөд Монголын Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо, Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны төлөөлөл болон бусад мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан нийт 32 компани биржийн арилжааны зуучлагчийн үүрэгтэй оролцжээ.
Өнгөрсөн онд 3600 тн ноолуур борлогдсон бол энэ сарын 24-ний өдрийн байдлаар, ХААБ-ээр дамжуулж,  3770 тн  ноолуур арилжсан аж. Үнийн хувьд өнгөрсөн оны мөн үед 40 мянган төгрөгөөс ихгүй байсан бол бирж дээр дуудлага худалдаа зохион байгуулснаар 57-66 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг болжээ. Биржийн үйл ажиллагаа идэвхжсэнээр эдийн засгийн ил тод байдал сайжирсан гэж  дүгнэсэн байна. Урьд нь их хэмжээний ноолуурыг бэлэн мөнгөөр, хилээр, нууцаар гаргаж байгаа гэж харддаг байсан бол одоо бүх гүйлгээг банкаар дамжуулж хийснээр арилжааны банкуудын үйл ажиллагааг дэмжихээс гадна далд байсан худалдаа ил болж, түүхий эдийн арилжаанаас татвараа бүрэн гүйцэд авах боломжтой болж байгаа аж.
Өмнө нь малчид түүхий эдээ хувь хүмүүс, ченжүүдийн гараар дамжуулж, зуучлагчид дундаас нь 8-16 хүртэл хувийн ашиг олдог байсан бол бирж дээр худалдаалснаар зуучлалын шимтгэл нэгээс гурван хувь болж буурсан байна.

Ирэх намраас малыг амьдын жингээр дуудлага худалдаагаар арилжиж эхлэх учир малчдаа дуудлага худалдаанд шууд оролцоход сургах ёстой гэж сайдын мэдээлэлд дурдагджээ. Бүлгийн зүгээс түүхий эдийн анхан шатны боловсруулах үйлдвэртэй сум хэд байгааг болон үүнийг санаачилсан сумын иргэдийн оролцоо ямар түвшинд явж буйг хөдөө орон нутагт ажиллахдаа анхаарал тавихыг гишүүддээ үүрэг болгов.
Үүний дараа өмнөх долоо хоногт бүлгийн хурлаар хэлэлцсэн Сумын хөгжлийн сан, Орон нутгийг хөгжүүлэх сангийн талаар дахин тодруулга авчээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Орон нутаг, тэр дундаа суманд санхүүгийн эрх мэдэл нэлээд хэмжээгээр нэмэгдэж байгаа тул иргэд сумынхаа нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хөрөнгө оруулалтаа шийддэг байх ёстой” гээд суманд хуваарилагдаж буй хөрөнгө улс төрийн шинж чанартайгаар, найз нөхдийн хүрээнд буруу замаар тараагдчих вий, үүнд иргэдийн хяналт, оролцоо чухал гэдгийг бүлгээс анхааруулсан гэдгийг онцоллоо.
Мөн нийгэмд хүлээлт үүсгээд буй архины хяналтын хуулийн тухай хөнджээ. Энэ тухайд “Хууль амьдралд хэрэгжих ёстой, үүний тулд хуулиа боловсруулахын өмнө ард иргэдээр хэлэлцүүлэх шаардлагатай. Тэрнээс аль нэг компани, нэг хэсэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийг батлах ёсгүй. Өнөөдрийн бодит амьдралд тулгуурласан хуулийг УИХ-аас батлахын төлөө ажиллах ёстой гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн” гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв.

Н.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих