Хоёр толгойтой могой Монголын төмөр замаар мөлхөж эхэллээ

Аль жилийн өмнө “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”ыг баталсан. Ингэхдээ УИХ-аас энэ ажлыг хэрэгжүүлэх бүх эрх мэдлийг Засгийн газарт нээж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ ажил удааширсан билээ. Удааширсны учрыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нарын нам найраа, сэм хуйвалдаанаас үүдэлтэй гэлцэж байна. Эд анхнаасаа бодлого батлуулахдаа өргөн царигтай төмөр зам тавина гэдгийг хүчээр зүтгүүлж, лоббидож байв. Оросоор дамжуулж Солонгос, Японд коксжсон нүүрсийг бусад улсын зах зээлийн ханштай өрсөлдөхүйц үнээр зарна гэж тооцоолсон хэмээж өөрсдийн шургуулсан бодлогыг хамгаалцгаадаг. Харин энэ ажил өнөө маргаашгүй “ХААН” банкнаас 5 сая долларыг 9 хувийн хүүтэй зээлснээр эхэлнэ. Банк битгий хэл ломбард ч өнөөдөр ийм өндөр хүүтэй зээл өгөхөө больчихоод байхад маш их хэмжээний энэ мөнгийг 9 хувийн хүүтэй зээлж байгаа нь ямар учиртай вэ? Уг нь энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг санхүү талаас нь гардах газар нь Хөгжлийн банк. Хөгжлийн банк өнөө маргаашгүй санхүүгийн асуудлыг шийдэх гарцыг олно гэдгээ мэдэгдсээр байхад хэдхэн хоног тэсэж чадахгүй “ХААН” банкнаас мөнгө зээлэхээр яаравчилж байгаа нь хачирхалтай байна. Үүнд нь эгдүүцэж байгаа гишүүд ч байнгын хорооны хуралдаанаар үгээ хэлээд амжсан.
Орос школтой энэ хоёр сайдын “Оросууд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд барьчихна” гэж зүтгүүлж байгаад батлуулсан бодлогын дагуу ирэх тавдугаар сард төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт болно. Оросууд нь энэ шалгаруулалтанд ялбал 2,5 тэрбумыг нааш хаях сураг гарсан.
Өргөн царигтай төмөр зам тавихаар бодлого батлагдах үед ийм бодлого батлагдахыг урьдчилж мэдсэн зөн билгийн тулаанч шиг л өргөн цариг бүхий төмөр замын рейсийг зүсэж хийсэн дурсгалын зүйл ордноор нэг тарж УИХ-ын гишүүдийн өрөөнд заларсан. Зөнч сайдууд энэ удаа байгаа оновол аз бэлгэддэг 2 долларын ногоон дэвсгэрт жаазлагдан гишүүдийн өрөөг чимж ч мэдэхээр байна. Юутай ч Монголын төмөр замаар галт тэрэг сүнгэнэхээс урьтаад хоёр толгойтой могой мөлхөж эхэлсэн нь илт боллоо.

Б.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.