Монголын зэвсэгт хүчний чадавхи дэлхийтэй мөр зэрэгцлээ

a8a60643bafa0307d300af23aba7c13b_LӨнөөдөр дэлхий даяараа “Цэнхэр дуулгатнууд” буюу олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэж байна. Монгол улс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн бие бүрэлдэхүүнээ мордуулах болсноос хойш 11 жил өнгөрчээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 8000 гаруй монгол дайчид хилийн чанадад үүрэг гүйцэтгэв.

Монгол улсын зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох шийдвэрийг ҮАБЗ-өөр хэлэлцэн зөвшөөрч, 2003 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд цэргийн баг мордуулснаас хойш манай дайчид Сьерра Леон, Афганистан, Чад, Судан, АНУ-ын төвийн команд, Баруун Сахар, Этиоп, Косова, Конго, Гүрж, Ирак зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн юм.

Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан ирүүлсэн мэндчилгээндээ Батлан Хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, “Дэлхийн хамгийн ээдрээтэй халуун цэг, бүс нутгуудад Энхийг сахиулж яваа НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээнд Монгол Улсын маань алтан соёмбот далбаа өндрөөс өндөрт намиран мандаж, монгол цэрэг, дайчдын маань цог хийморь, жавхаа, ид хав шагшигдан гайхагдаж, үлгэр дуурайллын яруу тод жишээ болон дуурсаж байгаа нь та бидний бахархах ёстой бахархал, омогших ёстой омогшил мөн билээ. Нэгэнтээ дэлхийг хурайлан хурааж явсан монгол цэрэг өнөөдөр дайны галыг унтраалцаж, Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж яваа нь жинхэнэ бахархал юм. Монголын Зэвсэгт хүчин эх орон, ард түмнийхээ дуудсан цагт бэлэн байж, олон улсын аюулгүй байдлыг ч сахин хамгаалах хэмжээнд хүрлээ” гэж онцлон тэмдэглэжээ.

Одоогоор манай улсаас Афганистан улсад АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын рот, нисдэг тэрэгний завсар үйлчилгээ сургалтын багийн наймдугаар ээлж, Натогийн тэргүүлж буй “Олон улсын аюулгүй байдлыг дэмжих хүчин”-д 160 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын ротын наймдугаар ээлж, тус улсын нийслэл Кабул дахь олон улсын нисэх буудалын хамгаалах үүрэгтэй 57 хүний бүрэлдэхүүнтэй салааны тавдугаар ээлж үүрэг гүйцэтгэж байна.

Мөн Судан улсын Дарфур мужид АНУ болон Африкийн холбооны тэргүүлсэн энхийг дэмжих ажиллагаанд цэргийн хээрийн эмнэлгийн дөрөвдүгээр ээлж, Өмнөд Судан НҮБ-ээс зохион байгуулж буй “Амарис” ажиллагаанд 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальоны хоёрдугаар ээлж одоогоор үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа юм. Цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд сайн дураараа оролцдог бөгөөд үндсэн цалингаа бүрэн авахаас гадна НҮБ-аас мөнгөн төлбөр олгодог ажээ. Уг мөнгөний 60 хувийг төсөвт суулгаж авдаг байсан бол өнгөрсөн жилээс зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 80 хувийг нь алба хаагчид олгодог болжээ. НҮБ-ээс орж ирсэн мөнгөний үлдсэн 20 хувь зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрдөг байна. Энхийг сахиулахад ашиглагдах бүхий л тоног төхөөрөмжийг эх орноосоо авч явдаг юм.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохын тулд цэргийн алба хаагч бүх талаараа бэлтгэгдсэн байх ёстой. Ийм ч учраас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээ ангид түшиглэн 2003 оноос энхийг сахиулагчдыг бэлдэх болсон юм. Өнөөдрийн байдаал уг төвд Афганистан улсыг зорих мотобуудлагын ротын есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн Герман улсаас томилогдож ирсэн сургалтын багийн хамт бэлтгэлээ хангаж дуусаад байна. Тус төвөөр 10 жилийн турш Таван толгойд 19350 цэргийн албан хаагч байлдааны цагийн болон энхийг дэмжих ажиллагааны сургалт бэлтгэлд хамрагджээ. Шинэчлэлийн засгийн газрын бодлогын хүрээнд Таван толгой дахь сургалтын төвтэй ижил чиг үүрэг бүхий ангийг Өмнөговь аймагт байгуулж буй бөгөөд, 2014 онд үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ.

Саяхан АНУ-ын Вашингтон хотноо болсон хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтааар Монгол Улс дахь Энхийг сахиулагчдын төвийг олон улсын болгох саналыг АНУ дэмжжээ.

НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагааг зохицуулах төв газраас Монгол Улсад хандан Афганистан дахь Эвслийн цэрэг 2014 онд гарах хэдий ч тус улсын Энхийн бүтээн байгуулалтад манай энхийг сахиулагчдыг оролцуулах, Сири, Мали зэрэг улсуудад эмнэлэг, инженер, нисэх хүчний багаа ажиллуулах хүсэлт тавьсан байна.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний офицеруудыг НҮБ- ын Энхийг сахиулах ажиллагааг зохицуулах төв газарт ажиллуулах асуудлаар ярилцаж, санал бодлоо хуваалцжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс Олон улсын Энхийг сахиулах ажиллагааны бодлого боловсруулах, тодорхойлоход оролцох боломж бүрдэж байна. Энэ нь манай улсын зэвсэгт хүчин удирдлага зохион байгуулалтын хувьд ч дэлхийн жишигт хүрсэнийг харуулж буй хэрэг юм.

Я.Баяр

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих