ДАХИАД НЭГ ЭМНЭЛЭГ ДАРГАТАЙ БОЛСОН УУ, ЭСВЭЛ…

1_1339582765Н.Ариунаа
Өдөр тутмын нэг сонины өнгөрсөн баасан гаригийн дугаарт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргаар гавьяат эмч Л.Жамбалжавыг томилсон тухай мэдээ гарчээ. Үүгээр улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг буюу гуравдугаар шатлалын 15 эмнэлгийн бас нэг нь түр орлон гүйцэтгэгч биш жинхэнэ даргатай болж байна гэсэн үг юм байна. Удаан яригдаж, ухарч буцаж байгаа эмнэлгийн дарга нарын томилгоо нэг тийш болж шийдэгдээсэй гэдгийг зөвхөн тэнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид ч биш үйлчлүүлэгч эмчлүүлэгч нар нь ч хүсч хүлээж байгаа. Учир нь буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдгээр хэзээ мөдгүй хүлээлгэж өгөх тамгыг хэтэрхий чанга атгаж хүчээ бараад яах вэ хэмээн цаг өнгөрөөж, цалин авч суугаа түр орлон гүйцэтгэгчийн нэгийг нь ч бол жинхэнэ дар­гаар сольжээ хэмээн сонинд гарсан мэдээг уншаад хэн хүнгүй бодсон. Гэтэл хэрэв ийм томилгоо хийсэн бол хууль бус гэсэн яриа хөөрөө сонсогдов.

Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан гуравдугаар шатлалын эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын суудлын төлөө өрсөлдсөн Б.Жаргалсайхан, Ж.Батмагнай нар ур чадварын шалгалтандаа бүдэрсэн. Нэгэнт албан ёсоор бүртгүүлж өрсөлдсөн хүмүүс нь эхний шатны буюу мэргэжлийн ур чадварын шалгалтаа өгч хүчрээгүй учраас удаах шалгалтуудад оруулаагүй.

Тийм болохоор Гэмтлийн эмнэлгийн даргын суудалд суух нэгнийг дахин сонгон шалгаруулалт зарлаж байж тодруулах ёстой гэнэ. Гэтэл ийм шалгаруулалт зарласан тухай мэдээлэл байхгүй, явуулсан байлаа гэхэд хэчнээн хүн оролцож, тэднээс ямар шалгуураар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Жамбалжав илүү гарч улсын том эмнэлэг толгойлохоор тодорсныг мэдэх хүн алга. Уг нь эхний зарласан сонгон шалгаруулалтад Л.Жамбалжав эмч оролцсон нь үнэн. Ур чадварын шалгалтдаа тэнцсэн нь ч үнэн. Гэхдээ тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд биш харин Клиникийн нэгдүгээр эмнэлгийн дарга болохоор өрсөлджээ.
Өөрийнх нь тайлбарласнаар хэдийгээр шалгалтад тэнцсэн ч нэрээ татаж Б.Бямбадоржийг дар­га болгосон гэдэг юм. Нэрээ татсан түүнийг төрийн үйл­чилгээний удирдах албан тушаалд томилогдох нөөц кадр хэмээн бүртгэсэн байдаг.
Гэвч энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсныг Төрийн албаны зөвлөл тогтоож үүнийг нь хүчингүй болгосон шийдвэрийг тавдугаар сарын 2-ны хуралдаанаараа гаргажээ.

Бүр тодруулж тайлбарлавал, Төрийн албаны зөвлөл эл өдөр 13 дахь хуралдаанаа хийж нэлээд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Эрүүл мэндийн яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн үндэсний лавлагаа төвүүдийн төсвийн ерөнхий менежер, захирлуудын сонгон шалгаруулалтын талаар гаргасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт багтжээ. Уг дүгнэлтийг хэлэлцээд маргаан бүр дээр нь тодорхой шийдвэр гаргасны нэг нь өдгөө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга болсон гэгдэж буй гавьяат эмч Л.Жамбалжавтай холбоотой хэсэг байна. Энд “Лхамсүрэнгийн Жамбалжав нь 1949 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд сар бүр өндөр настны тэтгэвэр авч байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримтлан холбогдох баримт бичгээр нотлогдож байх тул түүний сонгон шалгаруулалтын бүртгэл, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцөд бүртгэснийг тус тус хүчингүй болгохыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд үүрэг болгох”  гэсэн үг өгүүлбэрүүд байна. Эндээс ухвал Л.Жамбалжав гэж хүнийг эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлснийг болон эрүүл мэндийн салбарт ямар нэг удирдах ажилтны суудалд суулгаж болно хэмээн нөөцөд бүртгэснийг ч хүчингүй болгосон байж таарах гээд байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайд тушаал гаргаад түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга болгосон бол энэ нь хууль зөрчсөн гэсэн үг юм байна.
Хууль зөрчөөд томилгоо хийсэн бол шалтгааныг нь эмнэлэгт хоригдож буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай л холбож таарах гэнэ. Цэргийн госпитальд ажиллаж байгаад дараа нь нэгдүгээр эмнэлгийн даргаар ажилласан Л.Жамбалжав нэг их удаагүй ажлаасаа халагдсан. Өөрийнх нь оронд эмнэлгийн дарга болсон Оюунцэцэгтэй заргалдаж баахан явсан ч амжилтад хүрээгүй үед нь Н.Энхбаяр намаасаа гарч МАХН гэсэн нэрийг авч шинээр эмхлэн байгуулах үйл явц тохиосон.

Тэгэхэд л МАХН гэдэг намд элсч байснаа дурсан Н.Энхбаярыг бараадаж, улмаар Хан-Уул дүүргийн МАХН-ын мянгатын дарга гэдэг албан тушаалтай болж УИХ-ын сонгуульд ч нэр дэвшсэн. Энэ үедээ ч, дараа нь ч намын даргынхаа эрүүл мэндийн талаар байн байн хэвлэлийн хурал хийж, намын ажлаа ч сонгуулийн пиараа ч чамгүй сайн хийж амжуулсан юм. Уг нь МАХН сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийнхээ санал авсан дүнг харгалзаж албан тушаалд томилох тухай яриа хөөрөөг бараг албан ёсоор хийсэн.

Тиймээс Хан-Уулаас 12795 санал зулгаагаад ирсэн Л.Жамбалжав эмч сайдаа байг төрийн нарийны дайны сандал олдоно гэдэгт итгэлтэй байж. Гэтэл түүнээс хамаагүй цөөн саналтай Н.Удвал Эрүүл мэндийн сайд болж гавьяат хоосон хоцроход хүрсэн үедээ чамгүй бухимдаж авсан саналынхаа тоог барьж баахан гүйсэн ч гэдэг. Эцэст нь Н.Удвал сайд дэргэдээ авч зөвлөх болгосон юм байх.  Ийм замналтай учраас Эрүүл мэндийн сайд хууль зөрчин томилгоо хийсэн бол үүнийг Н.Энхбаяр даалгасан гэж салбарынхан нь ойлгохоос аргагүй юм билээ.
Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих