Татварын хуулиудаас хамгийн тогтворгүй нь НӨАТ-ынх

noat-middleЖилд 200 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой компанид нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаад байгаа.

НӨАТ-ыг Монгол Улсад нэвтрүүлснээс хойш 14 жил өнгөрсөн. Энэ хугацаанд 10 сая төгрөгийн босго тавьж, түүнээс дээш орлоготой аж ахуйн нэгжид 10 хувийн татвар ногдуулсаар ирсэн. Төсвийн орлогын найдвартай, тогтмол эх үүсвэр болж эдийн засагт үзүүлэх гаж нөлөө бага, далд эдийн засгийг татварт хамруулдаг гэх мэт олон давуу талтай гэж эдийн засагчид НӨАТ-ын тогтолцоог магтдаг. Манай улсын хувьд сүүлийн 10 орчим жилд төсвийн татварын орлогын 17-33 хувийг, нийт төсвийн орлогын 14-22 хувийг НӨАТ эзэлсэн байна. НӨАТ-ын хувь хэмжээ нь манайхтай ойролцоо бусад оронтой харьцуулахад энэ бол өндөр үзүүлэлт.

Олон улсын валютын сангийн ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээр бол манай НӨАТ нь олон улсын стандартад нийцсэн бүтэцтэй боловч орлого төвлөрүүлэх чадварын үзүүлэлт нь бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр байдаг гэнэ. Ямартай ч 2004 оноос Олон улсын валютын сан тэргүүтэй олон улсын хандивлагч байгууллагуудын зөвлөсний дагуу манай улс НӨАТ-ыг буцаан олгож эхэлсэн байна. Эдийн засгийн хямралын үеэр буюу 2009 онд буцаан авах хүсэлт эрс нэмэгдсэн гэдэг.

НӨАТ-ын босгыг өөрчлөх шалтгаан

Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 200 сая төгрөгийн босго тавих ямар шалтгаан байгаа вэ. Энэ асуултад хуулийн төсөл санаачлагчид дараах хариултыг өгч байна.

2006 оноос эхлэн жилийн орлого нь 10 сая төгрөгт хүрвэл НӨАТ төлөгч байхыг хуульчилсан. Гэтэл тухайн үед одоогийнхтой харьцуулахад 10 сая төгрөгийн орлоготой компани цөөхөн байсан. Түүнээс гадна бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төсвийн орлого зэрэгтэй уялдуулаад үзэхээр энэхүү 10 сая төгрөгийн босго нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дарамт болж байна гэж үзжээ. Өнгөрсөн оны статистикаар 200 сая төгрөг хүртэлх орлоготой компани нийт татвар төлөгчдийн 36.1 хувийг бүрдүүлж байгаа хэрнээ нийт борлуулалтын 2.4 хувийг л бий болгосон байна. Тэгэхээр улсын төсвийн орлогод үзүүлэх нөлөө нь харьцангуй бага гэсэн үг юм. Тиймээс хувийн хэвшлийн компаниудад үзүүлэх дарамтыг бууруулж, тэднийг дэмжихийн тулд Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

НӨАТ-ын босгыг өөрчлөхгүй байх шалтгаан

Гэвч УИХ-ын нэр бүхий гишүүдийн саналыг эсэргүүцэгчид олон бий. Тэдний үзэж буйгаар бол ийнхүү 200 саяын босго тогтоож, нэмснээр далд эдийн засаг хөгжиж магадгүй.

Монгол Улсын татварын алба жилд нэг сая тайлан хүлээн авч боловсруулдгаас НӨАТ түүний 20 хувийг эзэлдэг аж. Татварын албад улирал бүр орлогын тайлангаар 10 саяас дээш орлоготой татвар төлөгчдийн судалгаа гаргадаг байна. Ингэхдээ борлуулалтын орлого, үйл ажиллагааны чиглэлээ үнэн зөв тодорхойлохыг шаарддаг. Нөгөөтэйгүүр энэ нь шууд бус татвар. Тиймээс НӨАТ-ыг авахын тулд улсаас гаргах зардал нь харьцангуй бага. Тэгэхээр далд эдийн засаг өргөжин тэлж байгаа эсэхийг бага зардлаар хянах нөхцөл бүрдсэн гэсэн үг юм. Хэрэв НӨАТ авах босгыг 200 сая төгрөг болгоод тогтоох юм бол жилийн орлого нь түүнээс бага компаниуд хаана, юу хийж явааг хянахад хэцүү болно гэж тааж байгаа бололтой.

НӨАТ-ын босгыг нэмэх хэрэггүй гэж үзэх өөр нэг шалтгаан нь компаниудыг ангилах явдал. Жилийн орлого нь 200 сая төгрөгөөс дээш бол улсад НӨАТ төлдөг, үйл ажиллагаа нь тогтвортой явагддаг том компани болно гэсэн үг. Тэд чадварлаг. Харин үгүй бол чадварлаг бишд тооцогдож эхэлнэ. Ийм хоёр компани нэг тендерт өрсөлдвөл нэлээд тодорхойгүй байдал үүснэ гэж эдийн засагчид болгоомжилж байгаа юм. Нөгөөтэйгүүр НӨАТ-ын буцаалтыг олж авна гэдэг өөрөө нарийн төвөгтэй шат дамжлагатай байдаг. Энэ мэтчилэн бэрхшээл гарах бололтой. Компаниуд жилийн орлогоо 200 сая төгрөгөөс давуулахгүйн тулд хөрөнгөө нуун дарагдуулж ч болох юм.

Өмнө нь 10 саяын босго тавьсны үр дүн нь 2000 оны Өршөөлийн хуулиар илэрсэн гэж зарим судлаач дүгнэсэн байна. Тухайн үед манай 3000 орчим компани нэлээд их хөрөнгөнийхөө НӨАТ-ыг нуун дарагдуулсан гэдгийг тогтоож байжээ.

Ямартай ч НӨАТ-ыг өөрчилснөөр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжинэ гэж хууль санаачлагчид тооцож байгаа. Гэхдээ энэ татварыг бизнес эрхлэгчид бус харин эцсийн хэрэглэгчид төлдөг. Тийм ч учраас эцсийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэглэгчийнхээ гарт очиж буй тохиолдолд тухайн компаниас НӨАТ авдаг байна. НӨАТ-ын тогтолцоог шинэчлэх тухай яриа одоо л гарч байгаа юм биш. Хууль нь шинээр хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээс хойш өнөөг хүртэл 30 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орж, НӨАТ-аас чөлөөлөх тухай 26 бие даасан хууль гарч байжээ. Тэгэхээр энэ бол манай улсад хэрэгжиж буй татварын хуулиудаас хамгийн тогтворгүй нь юм. Түүнээс гадна бусад бие даасан хуулиудтайгаа зөрчилдөх тохиолдол ч байдаг гэнэ.

НӨАТ-ыг шинэчлэх өөр хувилбарууд

НӨАТ-ын тогтолцоог шинэчилье гэвэл экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулах хувилбар бий гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн ярьж байв. Экспортын бүтээгдэхүүнээс НӨАТ авдаггүй тухай дээр дурьдсан. Гэтэл манай улсын эдийн засаг өсч буй гол шалтгаан нь экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүн. Тиймээс үүгээр дамжиж НӨАТ-аас бүрдэх татварын орлого нэмэгдэх боломжтой. Үүний хажуугаар 10 хувийг нь тав болгож аж ахуйн нэгж иргэн бүрийг хамруулах нь зүйтэй гэх санал ч гарч байв. Манай улсын хувьд НӨАТ-ыг анх төсвийн орлогоо тогтворжуулах, эдийн засгаа хянах зорилгоор гаргаж ирсэн. Тиймээс энэ үүргээ одоо биелүүлсэн тул нэгмөсөн тэглэх санал ч тавигдаж байжээ.

Т.Элиса


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих