Г.Дэнзэн: Нэг охинтой үерхэж байсан. Сүүлд нь Ерөнхий сайдын хамаатан байж таарсан

new photo

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлыг өнөөдөр хийлээ. Өнгөрөгч долоо хоногт төрийн албан хаагчийн тангарагаа өргөсөн Г.Дэнзэнгийн бие даан зохион байгуулж буй анхны хэвлэлийн хурал нь энэ бөгөөд Засгийн газрын хийж буй сүүлийн үеийн ажлын талаар тайлагнасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн удирдлагын албыг хашдаг түүнийг Тавантолгойн 17 тэрбумын тендерийг өөрийнхөө хүнд өгсөн хэмээн ярьж байгаа. Түүний мэдээллээс хүргэе.

-Чалкогийн гэрээг та ашигтай болгосон гэж ярьдаг. С.Батболдын үед 70 доллараар нүүрсээ гаргана гэж байсныг одоо 53 доллараар гаргаж байна. Чалкогийн гэрээ ашигтай байж чадаж байна уу?

-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хэд байгаа билээ. Хоёрдугаарт, Орост их хэмжээний нүүрсний орд гарч ирсэн. Казахстан нүүрсний ордоо нээлээ. Бид хоорондоо бодлогоо уялдуулахгүй бол өөр өрсөлдөгч гарч ирээд байна. Хятад зөвхөн Монголоос нүүрсээ авахгүй. Ямар ч байсан өрсөлдөх чадвара дээшлүүлье  л гэсэн.

-Австрали 250 гаруй ам.доллараар нүүрс авч байгаа юм байна. Гэтэл манайх 70 доллараар гаргаж байна. Ер нь Чалкотой байгуулсан гэрээг хэрхэн өөрчлөх вэ?

-Чалко компанид Эрдэнэс тавантолгой 180 ам.долларын өрийг төлсөн тохиолдолд бид зөвхөн Чалко биш дэлхийн өөр аж ахуйн нэгжүүдэд нүүрсээ өндөр үнээр зарах өндөр боломжтой. Тэр гэрээ нь зөвхөн Чалкод төлбөр төлбөл 70 доллараар зарна гэсэн. Гэхдээ дэлхийн зах зээлийг харгалзана.  53 доллар болбол түүгээр худалдаална.

- Эрдэнэс Тавантолгой 2.7 тэрбумыг олно гэсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн сул зогсолтоос хэдийг алдсан бэ?

-Нарийн тооцоог гүйцэтгэх удирдлагын түвшинд гаргаж өгнө.

-Та “Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-ын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажилладаг. Үүнээс өөр давхар хийдэг ажил бий юу? 

-Миний хувьд ажил үүргийн хуваарийн дагуу “Эрдэнэс МГЛ” хувьцаат компанийн ТУЗ-ын гишүүн,  Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-ын дарга, Төрийн банкны ТУЗ-ын гишүүн, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Ийм дөрвөн нэмэлт ажлыг давхан эрхэлж байна.

-ТУЗ-ын гишүүн хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ. Үүнийг хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Компаниудтай холбоотой ТУЗ-ийн гишүүдийн цалинг зохицуулж өгсөн байдаг. ТУЗ-ийн гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-оос дээшгүй тэнцэх хэмжээний цалин олгож байгаа. Энэ дагуу цалин хөлс авдаг.

-Төрийн албан хаагчдын ёс зүйн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Төрийн албан хаагч бол Төрийн албаны тухай хуулиар өргөсөн тангарагтаа үнэнч, шударга ажиллах ёстой гэсэн бодолтой явдаг.

- Н.Номтойбаяр гишүүний дэлгэсэн материал ор үндэстэй юу?

- “Эрдэс Тавантолгой”-д ашиг сонирхлын зөрчилтэй зөндөө хүмүүс бий. Энэ бол гүтгэлэг.

-МАН-ынхан таны хууль зөрчсөн гэсэн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Үнэхээр та хууль зөрчөөгүй юм бол гүтгээд байгаа хүмүүсээ ил гаргаж зохих ёсны байгууллагад хандах уу?

-Шүүхэд өгнө гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хамгаалаад байгаа.

-Эхнэрийнхээ нэр, овгийг сольсон гээд байгаа нь бас худлаа юу?

-Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа энэхүү мэдээлэл нь худлаа гэдгийг хэлмээр байна. Тийм зүйл огт байхгүй.

-Та өөрийгөө шалгуулах гээд зохих байгууллагад нь өргөдлөө өгсөн гэсэн. Таны хүсэлтийг прокурор буцаасан юм биш үү? 

-Надад одоохондоо буцаасан гэх бичиг ирээгүй байна.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго таныг ажлаа хийж байсан долоо хүнийг  ор үндэсгүй халсан гэж яриад байгаа?

-Ш.Солонго бид хоёр эртний танилууд. Түүний өгсөн ярилцлагыг уншсан. Би хүмүүсийг халж, өөрөө дэд дарга болно гэж хэзээ ч ярьж байгаагүй. Тэгээд ч тэр долоон хүмүүсийг халсан нь Ш.Солонго өөрөө. Энэхүү халагдах бичиг дээр түүний гарын үсэг байгаа.

-Таны эхнэрийн нэр дээр “Говь павер” компани байдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Таныг хадам ах Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр дэд даргын суудалд суусан гэдэг. Энд ямар нэг ашиг сонирхол бий юу?

-Үгүй. Би хувь хүнийхээ үүднээс хэн нэгэнтэй үерхэж болно биз дээ. Нэг охинтой найзалж байсан. Харин сүүлд нь тэр охин нь Ерөнхий сайдын хамаатны охин байж таарсан.

Б.Ариунаа/Shuurga.mn/


URL:

Сэтгэгдэл бичих