Эгчдээ “Хүүхэд маань эндчихлээ” хэмээн хэлжээ

Хэдхэн хоногийн өмнө 3.2 килограмм эрүүл төрсөн охиноо бункерт хаясан хэрэг нийгмийг цочроосон. Тодруулбал уг хэрэг өнгөрсөн пүрэв гарагт Баянгол дүүргийн XVl хорооны нутагт орших 27 дугаар байранд болсон билээ.

Хэргийн гарсны дараагаар өнөөдрийг хүртэл хүүхдээ хаясан ээжийг хайж байгаа, Цагдаагийн байгууллага түүнийг баривчилсан гэх мэдээллүүд цацагдсаар байгаа. Мөн биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн судалгаанд түүний талаарх мэдээлэл байсан учраас биеэ үнэлэгч ч байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсээр байна. Тийм учраас хэргийн талаар тодруулсан юм.

Хүүхдээ хаясан эмэгтэй ямар хүн байв

Тэрээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд төрөхөөр очихдоо ямар ч бичиг баримтгүй байсан гэнэ. Харин өвчтөний түүх дээрээ 1985 онд төрсөн, Төв аймгийн харьяат гэж бөглөсөн байжээ. Мөн энэ үедээ өмнө нь гурван удаа төрсөн гэж бичсэн байсан гэнэ.

Холбогдох албаныхан хэрэг гарсны дараагаар дээрх хаягаар очиж шалгахад тус газарт амьдардаггүй болох нь тогтоогджээ. Тиймээс Цагдаагийн байгууллагынхан дахин өөр хаягаар түүнийг хайж Эрдэнэт хотод амьдардаг болохыг нь тогтоосон байна.

Одоогоор хэргийг мөрдөн байцаагч нар маршрутаар тодруулж байгаа ажээ. Мөн шалгалтын явцад тэрээр нөхөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь тогтоогджээ.

Харин гурван хүүхэдтэй нь худлаа байсан аж. Тэрээр хоёр охинтойгоо Эрдэнэт хотод амьдардаг. Харин “Түүний талаарх мэдээлэл биеэ үнэлэгчдийн судалгаанд байсан” гэсэн мэдээллийг эмч нь андуурч мэдээлсэн гэнэ. Тэрээр төрөхийнхөө өмнө Улаанбаатар хотод хамаатныхаа эгчийнд байсан аж.

Ийнхүү байх хугацаандаа төрөх болж эгч нь түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Харин тэрээр төрснийхөө дараа хоёр хоногийн турш тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэнэ. Харин эмнэлгээс гарсаныхаа дараагаар эгч дээрээ очоод “Хүүхэд маань эндчихлээ” хэмээн ярьсан гэнэ. Эгч нь түүнд нь итгэж гэр лүү буцаасан ажээ.

Хүүхдийг алах зорилготой байсан гэнэ

Нярайг хогийн бункерт хаясан байх тус байрны оршин суугч анх мэдэж улмаар орцны жижүүртээ хэлсэн ажээ. Харин энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Хүүхдийг анхнаасаа алах зорилготой байсан” гэсэн юм. Учир нь хүүхдийг бүхэлд нь зузаан даавуугаар ороож, бункер руу шидсэн байжээ. Харин хүүхэд доошоо унахдаа цаасан дээр унасан учраас бэртэл аваагүй гэнэ.

Одоогоор хүүхэд ЭХЭМТ-ын эмч нарын хяналтанд байгаа бөгөөд удахгүй нялхсын клиник сувилалд очих ажээ.

Харин Баянгол дүүргийн цагдаагийн газар хүүхдийн ээжид Эрүүгийн хуулийн 117.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн холбогдох албаныхан “Бусдын амь насыг санаатайгаар хөнөөхийг завдсан” гэх заалт нэмэгдэх магадлалтай байгаа гэсэн юм.

Г.Баярцэцэг

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих