ОРХОН АЙМАГ: Зарим албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авчээ

d82b76bb296e2b33bigТөрсөн дүүгээрээ байгууллагынхаа дээврийн засварын ажил хийлгэж хууль зөрчсөн Жаргалант сумын цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас халах захирамжийг аймгийн Засаг дарга гаргажээ.

    Аймгийн Аудитын газраас төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын санхүүд шалгалт хийснийг саяхан болсон ИТХ-ын долдугаар хуралдаанаар авч хэлэлцсэн юм. Шалгалтаар Жаргалант сумын цэцэрлэгийн эрхлэгч Р. Гантөмөр холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогджээ. Тэрээр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийг зөрчиж, төрсөн дүүгээрээ 2 сая 391 мянган төгрөгийн өртөг бүхий дээврийн засварын ажил хийлгэжээ. Цэцэрлэгийн байрны дээврийн засварыг хийлгэхдээ Тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар явуулах ёстой атал дүүгийнхээ компаниар гүйцэтгүүлжээ.
    Мөн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаагүй байхад нэг сая төгрөгийн ур чадварын болон цалингийн нэмэгдэл авсан нь аймгийн аудитын газрын актуудаар нотлогдож байгаа тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өнгөрсөн сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.
    Аудитын байгууллагын дүгнэлтээр өнгөрсөн оны санхүүгийн тайлангаар зөрчил гаргасан дараах албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авчээ. Аймгийн Хүүхэд залуучуудын театрын дарга Д. Бэхбилэг 24 сая 999,7 мянган төгрөгийн хөрөнгө бэлтгэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн нь аудитын шалгалтаар нотлогджээ. Дээрхи зөрчил нь Засгийн газрын “Босго” үнэ батлах тухай” 2006 оны 22-р тогтоолыг зөрчжээ. Хүүхэд залуучуудын театрын даргад аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга сануулах арга хэмжээ авсан байна.
    Мөн Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн заалтууд, төсвийн байгууллагын 2012 оны санхүүгийн тайлангийн аудитын дүнг үндэслэн 7-р цэцэрлэгийн эрхлэгч Ч. Ичинхорлоод мөн сануулах сахилгын арга хэмжээ авчээ.Тэрбээр хүүхдийн хоолны зардлаас тавилга, эд хогшил худалдан авсан нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчсөн байна.

Эх сурвалж : www.Erdenet.or.gov


URL:

Сэтгэгдэл бичих