Мэдэгдэл

hadgalamj_bank_logo_250Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хадгаламж банк” хятадуудад зарагдлаа, гадаад эзэнтэй боллоо гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдаж байгаа нь үндэслэлгүй ташаа болохыг Хадгаламж банкны Олон нийттэй харилцах албанаас албан ёсоор мэдэгдэж байна.

Хадгаламж банк нь Монгол Улсын бүх хот, аймаг, сум, суурин газрыг хамарсан өргөн сүлжээгээрээ дамжуулан банкны бүрэн үйлчилгээг иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа, Цахим банк-дэвшилтэт технологиор банкны салбартаа тэргүүлэгч, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж буй 3000 гаруй ажилтан ажиллагсадтай, төлбөрийн өндөр чадвартай, харилцагч хадгаламж эзэмшигчдийнхээ итгэлийг хүлээсэн банкны системийн хэмжээнд нөлөө бүхий Монгол Улсын томоохон банкны нэг. Тиймээс иймэрхүү үндэслэлгүй ташаа мэдээлэл нь цорын ганц Монгол хувь нийлүүлэгчтэй Хадгаламж банкны нэр хүндийг унагах гэсэн зохион байгуулалттай оролдлогын нэг хэсэг гэж
бид үзэж няцааж байна.

Хадгаламж банк Үндэсний хөрөнгө оруулалттай Монголын Үндэсний банк. Хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн бүтцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, мөн банкны хувьцааг зарах талаар ямар нэгэн гэрээ хийгдээгүй болохыг албан ёсоор нотлож байна. Хадгаламж банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно.

Банкны үйл ажиллагааны өсөлт, компанийн засаглалыг хөгжүүлэх талаасаа олон хувь нийлүүлэгч орж ирэх нь сайн талтай гэж олон улсын жишигт үздэг ч банкны хөрөнгө оруулагчдад Монгол банкнаас хуулийн дагуу тавьдаг шаардлага нь өндөр, хатуу шалгууртай байдаг гэдгийг ч тодотгон хэлэх нь зүйтэй. Банкны салбар нь Монгол Улсын эдийн засагт суурь үүрэг гүйцэтгэдэг бөгөөд системийн хэмжээнд нөлөө үзүүлэхүйц банкуудаар үндэслэлгүйгээр оролдож хов живийн бай болгох явуургүй үйл ажиллагаа хийж буй туйлын хариуцлагагүй явдалд харамсаж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, Хадгаламж банкны хэдэн сая харилцагч, 3000 гаруй ажиллагсдын эрх ашгийг ноцтойгоор хөндсөн хууль бус үйлдлээ зогсоохыг анхааруулж байна.

Цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иймэрхүү үндэслэлгүй ташаа мэдээлэл үргэлжлэн гарвал бид Хадгаламж банкны нэр хүнд, харилцагчдын эрх ашгийг хамгаалахын тулд хууль хяналтын байгууллагад хандах болно.

Хадгаламж банкны Олон нийттэй харилцах алба


URL:

Сэтгэгдэл бичих