Төрсөн ээж нь хүүгээ “худалджээ”

hualdaa-Хүүг авч явсан хүмүүс өөр хүүхдүүдээс ч сайхан амьдрал руу явах уу хэмээн асууж явжээ-

Хоёр хоногийн өмнө Улаанчулуутын хогийн цэг дээрээс есөн настай хүүхэд алга болсон талаархи мэдээлэл гарсан.

Тодруулбал, иргэн С-ийн есөн настай хүүхдийг хурдан морь унуулна хэмээн цагаан өнгийн марк, дугаар нь мэдэгдэхгүй машинтай хүмүүс авч яваад сураггүй болсон байна. Ингээд түүний ар гэрийнхэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж, хүүг эрж хайх ажиллагааг эхлүүлжээ. Гэхдээ хүүг үл мэдэх хүмүүс авч явсан гэж байгаа боловч түүний ээж нь мэдсээр байж өгч явуулсан хэмээн зарим эх сурвалж хэлсэн юм.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас хүүхэдтэй холбоотой мэдээлэл өгөхгүй гэсэн учир газар дээр нь очиж юу болсон талаар мэдэхээр Улаанчулуутын хогийн цэгийг зорьлоо.

Улаанчулуутын хогийн цэгт  биднийг очиход амьдрал ид өрнөж байлаа. Хогийн машинууд ар араасаа цуварч, тэнд ажиллаж, амьдардаг хүмүүсийг хөдөлгөөнд оруулна. Машин ирж байгаа сургаар талын нэг тарсан хүмүүс машин руу уралдаж байгаа харагдсан. Ингээд хогийн  цэг рүү очиж, хамгийн наана кабелийн утас шатааж,  зэс гарган авч байгаа эмээ дээр очиж учраа хэлэхэд “Би энд ирээд удаагүй байна. Хүмүүсийг нь танихгүй ээ. Гэхдээ тэнд сууж байгаа хүмүүс дээр очоод асуу. Нэлээд удаж байгаа гэсэн” гээд бөөгнөрөн сууж байгаа хэсэг хүнийг зааж өгсөн юм.

Тэрбээр бидэнд зааж өгснийхөө дараа “намайг зааж өгсөн гэж хэлэв ээ. Дараа нь намайг хорлочихно шүү” хэмээн дахин, дахин захиж байсан юм. Ингээд эмээгийн зааж өгсөн хүмүүс дээр очиж, хүүхэд алга болсон талаар лавлахад “Сараа авгайгийн хүүхэд гэсэн. Өөрөө л өгч явуулсан гэж хүмүүс яриад байсан. Гэхдээ олчихсон гэсэн шүү дээ. Сараа сүүлийн гурван өдөр ажилдаа ирээгүй” гэсэн юм. Харин түүний шинэ нөхөр Амраа гэх залуу тэнд байх шиг байна. Машин нь байна” гээд заалаа. Тэдний зааж өгснөөр Амраа гэх залуу дээр  юу болсон талаар асуулаа.

Түүний хувьд Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдралд зиндаагаар нь ярьвал овоо дажгүй амьдралтай нэгэн аж. Өөрөөр хэлбэл, хүмсүүсийн олж ирсэн хуванцар, төмөр зэрэг зүйлийг худалдаж авдаг байна.

-Та Сараагийн нөхөр үү. Танай бага хүүг алга болсон гэсэн?
-Юун нөхөр яриад байгаа юм бэ. Хогийн хэдэн нөхдүүд ярьж байна уу. Тэд амандаа орсноо л ярьдаг юм. Миний хажууд суудаг болохоор хүмүүс тэгж ойлгодог байх. Хааяа нэг цай хоол авчирч өгдөг болохоор тэгж байгаа юм байлгүй.

Би эхнэр хүүхэдтэй. Сараа ч гэсэн гэр бүлтэй  хүн шүү дээ. Тэр хүүхдийн тухайд өөрөө өгч явуулсан гэсэн. Тэгээд нөхөр нь өгч явуулсныг нь мэдээд  өргөдөл гаргаж өгөөд Сарааг цагдаад барьж өгсөн юм билээ. Сараа одоо болтол ирээгүй байна. Хүүгээ олсон эсэхийг нь сайн мэдэхгүй.

-Сараа хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Долоон хүүхэдтэй. Ихэнх нь том болчихсон. Сараа гэж 50  орчим  насны эмэгтэй бий. Нөхрийг нь Батбаатар гэдэг юм. Гэхдээ нөхөр нь Сараагийн дагавар охинтой суучихсан. Хамтдаа амьдардаг гэсэн. Тэр хоёр чинь хоёр хүүхэдтэй байх шүү. Харин тэр алга болсон хүүхэд нь Сармандах гэдэг. Манайхан жижиг Мандахаа гэж дууддаг. Том Мандахаа гээд түүний ах нь бий.

-Жижиг Мандахаа сургуульд сурдаг байсан юм болов уу?
-Баянхошууны нэг сургуульд сурдаг гэсэн. Энүүгээр нэг их ирээд байдаггүй юм. Тэр өдөр л нэг ээж дээрээ ирж таарсан юм шиг байсан.

Түүний хувьд хүү алга болсон талаар бүх зүйлийг мэдэж байгаа гэдэг нь тодорхой байсан ч өөр  мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин хүүг авч явсан хүмүүс тэнд байсан бүх хүүхдүүдээс хурдан морь унах  уу хэмээн асуусан байна. Тиймээс  ч тэнд ажиллаж байсан хүүхдүүдээс зарим зүйлийг тодрууллаа.

Сарын 300 мянган төгрөгийн цалин амлажээ

-Та нараас хурдан морь унах уу гэж хүмүүс асуусан уу?
-Уржигдар нэг цагаан машинтай ах эгч хоёр ирээд энүүгээр асуугаад яваад байсан.

-Тэр хүмүүс өөр юу ярьж байх юм?
-Зуны гурван сарын турш морь унана. Сарын 300 мянган төгрөг өгнө. Бас ар гэрт нь хонь, ямаа өгнө гээд байсан.

-Та нар яагаад яваагүй юм бэ?
-Худлаа хэлээд өөр газар руу аваад явчихаж магадгүй гээд яваагүй гэв.

Ер нь Улаанчулуутын хогийн цэг дээр янз бүрийн л хүмүүс ирдэг байна. Тэдний ирсэн зорилго нь янз бүр. Зарим нь хурдан морь унах хүүхэд хайж явахад, зарим нь хөдөө барилгын ажил хийх үү гээд л олон хүн ирдэг байна. Зарим нь тэднийг дагаж яваад сураггүй болдог талаар тэд ярьж байсан.

Гэхдээ энэ газарт амьдардаг хүмүүсийн тоо буурахгүй. Нэг нь явж байхад нөгөө нь ирж л байдаг байна. Тэд хуучин шинээрээ ялгарч нэгнийгээ дээрэлхэх олсон зүйлийг нь дээрэмдэх явдал байнга гардаг байна. Тиймээ ч бидэнд мэдээлэл өгсөн эмээ “Намайг хорлочихно шүү. Битгий гэж” дахин, дахин захисан нь учиртай аж. Нийгмээс тусгаарлагдсан энэ газарт хүн амьдарч болохгүй мэт харагдавч, хороолол дундах хорооллыг үүсгэсэн гэдгийг дээрх байдлаас харж болохоор байлаа.

Тун удахгүй энэ газарт Улаанчулуут хороо гэвэл нэг их гайхаад байх асуудалгүй аж. Түүнчлэн  энэ газарт гэмт хэрэг их гардаг байна. Тиймдээ ч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрынхны хараанд байдаг газруудын нэг аж.  Хүний наймаа гэж хэлж болох хэргийг  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд байцаагч н.Тулга шалгаж байгаа аж. Хэргийн үйл явц ямар байгаа талаар түүнтэй холбогдож асуух гэсэн боловч “Шалгагдаж эхлээд удаагүй байгаа хэрэг учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Харин өөр нэгэн эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад “Хүүг олоогүй. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна” гэсэн юм. Ямартай ч н.Сарантуяа гэх эмэгтэй хүүхдээ өөрөө өгч явуулж, ар гэрийнхэн нь түүнийг өгч явуулсныг мэдмэгц цагдаад өгсөн нь тодорхой боллоо.

н.Сарантуяа 2-3 хоног ажилдаа ирээгүй гэдэг нь түүнийг хорьж байж ч болох юм. Түүний хувьд хүүхдээ өгч явуулсан нь батлагдах юм бол хүний наймааны хэрэгт тооцогдож нэлээд хүнд ял шийтгэл сонсох нь ойлгомжтой.

Г.Төгс

Эх сурвалж:Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих