Ё.Отгонбаяр: 300 сая төгрөгийг доллар гэж андуураад байна

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг гурван банкаар дамжуулан 300 сая ам.доллар угаасан гэх

хэрэг олны анхаарлын төвд байгаа билээ. Энэ асуудлаар Ё.Отгонбаяр гишүүн өөрийн байр сууриа илэрхийллээ.

-Таны эхнэрийг их хэм­жээний мөнгө угаасан гэх хэргээр саатуулсан. Үнэ­хээр 300 сая ам.доллар  та­най гэр бүлд байсан юм уу?

-Эхнэрийг маань баривчлах үед хөдөө ажлаар явж байлаа. Энэ тухай дуулаад нийслэлд ирсэн ч хорьчихсон байна.

Мөрдөн байцаагчид нь эхнэртэйгээ уулзах хүсэлт өгсөн. Одоохондоо ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Би үнэхээр гайхаж байна. Жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүх зүйлээ мэдүүлж байсан. Манай гэр бүлийн нийт хадгаламжийн хэмжээ 300 сая төгрөг. Үүнийг 300 сая ам.доллар гэж эндүүрээд байна. Х.Тэмүүжин сайд ч гэсэн өөрөө төгрөгийг ам.доллар гэж эндүүрсэн байж магадгүй гэсэн байна лээ. Надад одоо гэр бүлийн гишүүдийн маань хадгаламжийн дэвтэр байна. Энд ердөө 300 сая төгрөг гэж бичээстэй. Тодруулахгүйгээр, лавлаж харахгүйгээр хорьж цагдаж болох уу. Орлого, зарлага нь хаана байна гээд тодруулчихгүй ийм зүйл хийж байгаад үнэхээр гайхаж байна.

-Олон нийт цочирдон хүлээн авч байна. Их хэмжээний мөнгөн дүнд эргэлдэж байгаа учраас тэр биз. Таны эхнэр ямар бизнес эрхэлдэг хүн бэ?

-Манай хүн хүнс болон аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Энэ төрлийн бизнес эрхэлдэг хүнд ийм хэмжээний мөнгө байх нь ойлгомжтой. Харин 300 сая ам.доллар гэдэг бол төсөвтэй тэнцэх мөнгө. Ийм их мөнгө нэг хүний дансанд байна гэж юу байх вэ. Эрүүл ухаанаар бодож үзсэн ч тэр. Төгрөгийг доллар гэж эндүүрсэнд үнэхээр их гомдолтой байна. Нэг албан тушаалтан эндүүрч хэлснээс болж хүнийг барьж хорьж байгаа нь үнэхээр аюултай.

-Хэдийгээр танай эхнэрийг сэжиглэж байгаа ч яваандаа таныг холбогдох байх. Сайд байх үедээ “идэж, уусан” юм биш биз гэх хардлага байна?

-Намайг шалгаж болно. Харин миний эхнэр, хүүхдээр оролдох хэрэггүй. Намайг дуудаад эрхэлж байсан ажилтай минь холбоотой бүх асуудлыг шалга. Надад татгалзах юм алга. Тэгээд ч төсвийн мөнгөнөөс идсэн гэж ямар ч баримт гаргаж чадахгүй. Яагаад гэвэл надад тийм асуудал байхгүй. Шалгуулахаас айх юм алга.

-Үүнийг та улс төрийнх нь өнцгөөс харж байна уу?

-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа учраас улстөржилт байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ улстөржилт арай дэндүү байна.  Миний хань 300 сая ам.доллар байтугай нэг сая ам.доллар ч хараагүй, барьж үзээгүй хүн. Бидний бүх хадгаламж нийлээд 300 сая төгрөг гэж түрүүнд хэлсэн шүү дээ. Төгрөгийг доллар гэж харсанд үнэхээр их гомдолтой байна. Хэлэх үг олдохгүй юм.

-Та эхнэртэйгээ уулзах хүсэлтээ тавьсан гэсэн. Яагаад хариу өгөхгүй байгаа юм бол?

-Одоохондоо хариу өгөөгүй байна. Шүүхэд гомдол мэдүүлж байгаа. Эхнэрийг маань хэд, хэдэн хууль зөрчин баривчилсан. Хэдийгээр сэжиглэж байгаа ч гэсэн бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой.

-Тодруулбал, ямар хууль зөрчсөн гэж?

-Сэжигтнээр тооцоход үндэслэлтэй хэрэгтэй. Тэгвэл ямар ч үндэслэл алга. Дээрээс нь өөрийг нь хуурч аваачсан байна лээ. Хуулийн байгууллага ингэж болохгүй шүү дээ. Хорьж саатуулна гэдэг бол оргон зайлахыг завдсан, мөрдөн байцаалтад саад учруулсан тохиолдолд хэрэглэдэг арга. Гэтэл анх дуудсан даруйдаа баривчилсан. Оргон зайлах ямар үндэслэл байсан юм, бүү мэд. Тэгээд ч  хадгаламжийн дэвтэр нь гэрт байхад тулгаж аваад шалгах ёстой байсан юм.

Д.БОЛОР

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих