Монголын уулын спортын “Сутайн бор” багийнхан дэлхийн тавцанд хүчээ үзнэ

DSCF4138Манай улсад уулын  спортын үйл ажиллагааг үүсээд 60 гаруй жил болж байгаа юм. Энэ төрлийн спорт нь дотроо олон төрөлтэй байдаг ажээ. Ууланд авиралтын анхны багийн спортын төрлөөр амжилт үзүүлсэн 5 мастерийн нэг Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын спортын клуб,  түүний төрөлх  Тонхил суманд үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил  гаруй болж байгаа  гэнэ.

Эл клубынхан  жил бүр  уулын спортын мастер Я.Жанцангийн нэрэмжит ууланд авиралт зохион байгуулдаг бөгөөд   энэ удаагийн нэрэмжит уулын авиралтаа 6-р сарын  18-19-ны өдрүүдэд  зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тэд энэ удаагийн авиралтаа уламжлал ёсоор төрийн тахилгат, мөнх цаст Сутай хайрхан ууланд хийх ба авиралтад уулын спортын мастер Х.Нямдоо ахлагчтай  “Сутайн бор” I, II баг, Ховд аймгийн  Мөнххайран сумын баг тамирчид,  ОУХМ Д.Батжаргалаар ахлуулсан  “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны баг тамирчид  тус тус оролцох юм байна. Эдгээр баг тамирчид Сутай хайрханд авирсныхаа дараагаар үргэлжлүүлэн Ховд аймагт орших Мөнххайрхан уулын оргилд  авирахаар төлөвлөж байгаа гэнэ.

Сутай, Мөнххайрхан уулын оргилд авирах авиралтаа дуусгасны дараа уулын  спортын  дээрх  баг тамирчдын дундаас шигшээ баг бүрдүүлж, улсын баяр наадмын  дараагаар  Итали улсын “СЕМ” уулын клубынхантай хамтран Альпийн нурууны хоёр ноён оргилд гарах авиралтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс  Сутай, Мөнххайрхан уулын оргилд авирах авиралт нь манай улсын баг тамирчдын хувьд нэг талаар шилдэг авирагчидаа тодруулах, нөгөө талаар удахгүй Европ тивийн Альпийн нуруунд  хийх  уулын авиралтын бэлтгэл болж байгаагаараа   чухал ач холбогдолтой.

Альпийн нуруунд хийх авиралт нь тус багийнханы хувьд  хилийн чанадад хийх анхны авиралт учраас тамирчид эртнээс бэлтгэлээ чамбай сайн базаах хэрэгтэй болж байна.  “Сутайн бор” уулын спортын багийн хамт олон өнгөрсөн 5 сард Увс аймгийн Хархираагийн оргилд  зохиогдсон  Монголын уулчдын “Альпинад”-д  амжилттай  оролцон  алт, мөнгөн медалиудыг  ихэрлүүлэн  авчээ. Мөн энэ багийнхан оны эхний хагаст болсон  спорт авиралтын  улсын аварга шалгаруулах тэмцээнд  багаараа 3-р байр эзлэсэн амжилтуудыг  тус тус үзүүлжээ.

“Сутайн бор” уулын спортын багийнханыг нэрэмжит авиралтаа амжилттай хийснийх нь дараа дотоодын болон олон улсын чанартай томоохон тэмцээн тэднийг хүлээж байгаа юм. Тухайлбал,  өмнө дурьдсанчлан 7 сард Альпийн нуруунд Италийн багтай хамтран хийх авиралт, 9 сард  Хаданд авиралтын  хот,  улсын аварга шалгаруулах  тэмцээн, 10 сард БНСУ-д зохиогдох  спорт авиралтын  дэлхийн цомын тэмцээн тус тус тэднийг хүлээж байна.

Ийнхүү уулын спортын мастер Х.Нямдоо ахлагчтай,  ОУХМ Д.Батжаргал дасгалжуулагчаар  ахлуулсан “Сутайн бор” клубын  шилдэг тамирчид  уулын өндрийн болон  спорт авиралт гэсэн үндсэн хоёр хос төрлөөр  авиралтаа амжилттай  ахиулахын  зэрэгцээгээр   багын спортын  эл  төрөлд улс орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгахаар аяны жолоо залахад бэлэн болжээ.

А.Батсүх


URL:

Сэтгэгдэл бичих