Б.Бат-Эрдэнэ ах аа, залуус таныг дэмжинэ

selenge-1-Тужийн нарсыг тайрч биш, тарьж явсан түүх түүнийх ажээ-

Ардын хувьсгалын, бас амуу тарианы өлгий нутаг болсон төрийн гурван одонт Сэлэнгэ аймагт МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ажиллалаа. Гучин нэгэн жилийн өмнө энэ нутагт байрлах хилийн цэргийн 0101 дүгээр ангид татагдан ирж байсан 18-тай бор цэрэг өдгөө цагдаагийн хурандаа, дархан аварга, хөдөлмөрийн баатар болж, УИХ-ын гишүүнээр гурван удаа тасралтгүй сонгогджээ. Харин энэ удаад ажил хөдөлмөрийн гараагаа анх эхэлсэн Сэлэнгэ нутагтаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувиар ирсэн нь энэ.
Ардын намыг өлгийдөж, Ардын хувьсгалыг эхлүүлсэн Сэлэнгэ нутгийнхан энх цагт ч эх орныхоо аюулгүй байдлын манаанд зогссоор байдаг ард түмэн. Атрын I, II, III аяныг амжилттай зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн, хүн ардынхаа хүнсний аюулгүй байдлын манаанд тасралтгүй зогсдог энэ нутгийнханд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжих шалтгаан олон байдаг ажээ.

selenge-2
Монгол Улс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжийг бүрдүүлэхэд Атрын аяны дэмжлэг ихээхэн байсантай маргах хүн гарахгүй байх. Тэгвэл 1959 оны Атрын I, 1976 оны Атрын II аяны нэгэн адил үр дүнгээ өгнө гэж 2008 онд Атрын III аяныг хэрэгжүүлж эхлэхэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний хувиар голлон дэмжсэн хүний нэг юм. Тиймээс ч түүнд тариаланчид, ногоочид талархаж явдгаа илэрхийлж байлаа. Түүнээс гадна дээр өгүүлсэнчлэн энэ л нутгаас ажлын гараагаа эхэлж хөдөлмөрийн баатар болтлоо зүтгэсэн хичээл зүтгэл нь энэ хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлно гэцгээж байв. Анхны Ерөнхийлөгч маань хээгүй, хоёр дахь нь хийгүй, гурав дахь нь хичээмтгий Ерөнхийлөгч байсан. Харин дөрөв дэх нь хэлдэг Ерөнхийлөгч байгаа бол, тав дахь Ерөнхийлөгч маань хийдэг хүн байх ёстой гэж Сэлэнгэ нутгийнхан хэлж байна.

selenge-3
Сэлэнгэ нутагтай нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн амьдралын цөөнгүй үйл явдал салшгүй холбогддог нь иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тодхон харагдаж байв. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Тужийн нарсыг тайрдаг, тасддаг гэж гүтгэгдээд байгаа Б.Бат-Эрдэнэ Тужийн нарстай холбогддог нь бол үнэн юм байна. Гэхдээ цахим ертөнцөд бичээд байгаа шиг Тужийн нарсыг тайрч биш, тарьж явсан түүх түүнийх ажээ. Монгол Улсын гавьяат ажилтан, Сэлэнгэ аймгийн “Ой, ан” төвийн захирал С.Жамсран гуай нэр дэвшигчтэй уулзахдаа “Ойн түймэрт сүйдээд байсан Тужийн нарсыг сэргээх зорилгоор анх 1998 онд 100 га газар 3000 мод тарихад аварга маань бидэнд тусалж, өөрөө гар бие оролцож байсан. Одоо таны тэр үед тарьсан модод 3-4 метр өндөр ургаж, үр төлөө өгч эхэлсэн. Бид “Аваргын төгөл” гээд нэрлэчихсэн. Та нэг үзээрэй. Бас 2001 онд 900 мянган мод суулгахад таны үзүүлсэн мөнгөн тусламж ихээхэн дэм болсон шүү. Нэг ёсондоо таны сэтгэл шингэсэн 1.2 сая мод Тужийн нарсанд ургаж байгаа. Таны санаачилгыг дэмжиж Улаанбаатар хотоос 30 гаруй байгууллагын 450 гаруй хүн ирж Тужийн нарсыг сэргээхэд оролцсон гэдгийг хэлье” гэж байлаа. Нутгийнхан “Аваргын төгөл”-өө “Аварга төгөл” болтол нь бойжуулахаа ч амлахаа мартсангүй.

selenge-4
“Сэлэнгийн долгио” чуулгын танхимд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хөндөж байсан чухал сэдэв бол мэдээж нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөр. Аварга маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө “Үндэсний баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ дэмжинэ” гэсэн заалт оруулсан нь Сэлэнгэ нутгийнхний анхаарлыг татжээ. Газар нутгийнхаа шимээр баялаг бүтээж буй Сэлэнгийн ард түмнийг төлөөлөн үг хэлсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат механикжуулагч Ж.Авирмэд гуай “Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрийг олзуурхан хүлээн авсан” гээд “Баатар болтлоо хөдөлмөрлөхөд ихээхэн хөлс гардгийг баатар хүмүүс л мэднэ” гэсэн юм. Тиймээс ч Сэлэнгэ нутгаас төрөн гарсан хөдөлмөрийн баатрууд алтан тариан түрүү, амуу буудайн дээж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү аваргадаа өргөн барьж байлаа. Тодруулбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Авирмэд, Л.Самбуу, Ц.Сүрэн, Б.Туяа, Ш.Мардаан, Ц.Чойжил нар хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийгээ дэмжихээр иржээ.

selenge-5
Саяхан нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 49 нас хүрсэн. Төрсөн өдрөө 800 залуутай хамт тэмдэглэсэн тэрээр тавын тоог бэлгэддэг гэдгээ хэлсэн удаатай. Айлын таван хүүхдийн бага нь гээд ер нь л “5″-ын тоо их учиртай юм байна шүү гэж байсан юм. Тэгвэл “Universe best songs” 2013 наадмын Гран при шагналт Б.Эрдэнэцэцэг “Б.Бат-Эрдэнэ ахыгаа би хүндэлдэг юм. Цаанаа л буурьтай, дөлгөөн хүн санагддаг. Залуус бидэнд энэ хүнээс сурах юм их бий. Саяхан би аваргыг “5″-ын тоог бэлгэддэг гэж хэлж байхыг зурагтаар сонссон. Би ч бас бэлгэддэг. Яагаад гэвэл, би “Universe best songs” наадмын тав дахь удаагийн ялагч болсон. Б.Бат-Эрдэнэ ах аа, та Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоорой ” хэмээн хэллээ.

selenge-6
Арван хүүхэд тээж төрүүлсэн алдарт ээжээс эхлээд азай буурлууд, залуус ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Сэлэнгэ аймагт л гэхэд “Сэлэнгэ бидний шүтээн” клубын залуус “БББ” гэсэн аян өрнүүлж эхэлжээ. Сум, сумаас нийлсэн 400-500 гишүүнтэй залуучуудын уг клубын тэргүүн Н.Мэргэнболд хэлэхдээ “Бид энэ удаагийн сонгуульд байгаль орчноо хайрладаг, залуусаа дэмждэг Ерөнхийлөгчтэй болохын төлөө сонголтоо хийнэ. Тиймээс ч БББ аяныг санаачлан эхлүүлээд байна. БББ гэдэг нь Бидний бахархал Бат-Эрдэнэ гэсэн үгийн товчлол. Залуус бид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ахыгаа дэмжинэ” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.