Эрүүл мэнд хариуцаж асан сайдуудын гэрт хулгай ордог нь хачирхалтай

Заримдаа болсон явдлыг эргэн сөхөж, түүхийг ухах тун чиг сайхан. Ёстой нөгөө “Шинэ юм гэдэг мартагдсан хуучин зүйл байдаг” гэдэг шиг. Монгол орон минь туурга тусгаар улс л юм болохоор бусдын адил салбар бүрээ хариуцсан яамтай. Түүнийг нь удирддаг сайдтай. Сайд нь аль намынх байх нь хамаагүй ээ, хүн л юм болохоор өөрийн гэсэн намтар түүхтэй. Хувь тавилантай. Энэ бүхнийг дурдахын учир тун энгийн. Одоогоос хоёр жилийн өмнө Монголын нэгэн иргэний гэрээс мөнгөө хадгалдаг сейф нь хулгайд алдагдсан гэсэн мэдээ Цагдаагийн газарт ирсэн байдаг. Гэхдээ дотор нь хэдэн төгрөг байсан, хэнийг хардаж байгаа талаар огт мэдээлэл байхгүй. Яахав, тэгээд цагдаад хандсан болохоор В.Маяковскийн хэлсэнчлэн “Миний цагдан сэргийлэх намайг хамгаална” гэдгээр араас нь хөөцөлдөж эхлэх нь тэр. Хамгийн сонирхолтой нь, хууль хяналтынхан олж амжаагүй байхад сейф олдсонд байгаа юм. Олдох олдохдоо тухайн үед Эрүүл мэндийн салбарыг толгойлж явсан сайд Н.Хүрэлбаатар цагдаагийн газар руу утас цохиж, “Сейф олдлоо. Гэхдээ цагдаагийнханд өгнө” гэж байна хэмээж. Цагдаагийнхан гайхдаг юм байгаа биз дээ. Хулгайд хамаг хөрөнгөө алдсан гэх залуутай хамтдаа байсан хүүхнийг сэжигтнээр татаад Ганцад суулгачихсан байдаг. Тэр хэргээ хүлээгээгүй байтал гайхал сейфны сураг гараад ирдэг. Гарах гарахдаа Төрийн сайд утасдаж сургийг нь гаргадаг. Ингээд л ёстой манжингийн үлгэр шиг ар араасаа татсан зулгаасан асуудлууд ундарчээ. Гарц нь бүүр ч сонирхолтой. Сейфээ хулгайд алдсан иргэн Энхбат гэгч сайд Хүрэлбаатарын хүү байсан гэнэ. Гэхдээ нууц хүү нь. Амьдрал баян юм болохоор ийм зүйл байлгүй л яахав. Харин түүний нууц хүүгийн гэрээс сейфийг нь хулгайлсан хүн яаж энэ бүхнийг мэдэж сайд руу утасдсан нь учир битүүлэг. Гайхал сейфний барьцаа сэжигтнээр татагдаж саатуулагдсан хүүхнийг суллах байв. Сайдын шахалтаар бүсгүйг ч суллаж. Хэл ам таталсан нөгөө сейфээ Төв цэнгэлдэхийн хажуу дахь хогийн савнаас олж. Нэгэнт цагдаад хандсан болохоор мэдээж, сейфийг нээж таараа. Шалгаж таараа. Нээлээ. Бөөн мөнгө. Сейфэн дотроос битүү чихсэн хоёр сая 145 мянган юань, 6000 ам.доллар гарч ирэх нь тэр. Тухайн үеийн ханшаар 500 сая гаруй төгрөг. Ямар учиртай мөнгө болохыг нь тодруулах оролдлогыг хийсэн боловч шударга сайдын захиснаар энэ хэргийг хаажээ. Тухайн үед Хүрэлбаатар сайд уг мөнгийг “манай баз Батаагийнх” гэжээ. Сүүлдээ “Би энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан юм” гэж бултаж үзэж. Эцэстээ “ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээн бусгасан гэдэг. Ингээд болохгүй болохоор “Намайг шударга хүн болохоор нь итгээд хүн хадгалуулсан юм” гэж өнөө цагийн өнгөнд нийцэхгүй тайлбар хийжээ. Тэрээр сурсан мэргэжлээрээ занималдахаар шийдээд ЭМШУИС-ийн хаалгыг татаж, бас гэж сайд явсан хүний хувьд тэнхмийн эрхлэгчийн местэн дээр очсон. Уг нь Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг салбараа сайн мэддэг хэмээн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үнэлдэг юм билээ. Голланд, БНСУ, Япон, Англи зэрэг оронд мэргэжил дээшлүүлсэн, боловсролын хувьд хэнд ч гологдохгүй нэгэн. Тиймдээ ч ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас сайдын суудалд томилогдсон гэдэг. Засгийн газрын тэргүүн асан С.Батболдын халаасны хүн гэдэг мэдээлэл байдаг. Харамсалтай нь, хуучин намын шинэ итгэл найдвар болсон энэ залууг тендерийн хэрэгт буруутгаж байгаагаа хууль хяналтынхан мэдэгдсэн. Тэрбээр Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавьж оролцсоноос хойш алга болчихсон гэж цагдаагийнхан хэлдэг.
Цагдаагийн Ерөнхий Газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Өмнөх засгийн үед Эрүүл мэндийн салбарыг толгойлж байсан Н.Хүрэлбаатар, Сингапур, Гонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судлах албан томилолттой яваа бөгөөд эх орондоо ирсэн. Тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан “Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдрийг хүртэл байсангүй. Хэрвээ  намайг  эрэн сурвалжилж байсан бол надад болон  манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өчигдөр Цагдаагийн Ерөнхий Газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Нэгэнт Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Н.Хүрэлбаатарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн утгатай мэдээлэл цацсан учраас Сингапурт болж буй олон улсын хурлын ажлаа орхиж, асуудлыг тодорхой болгох үүднээс эх орондоо яаравчлан очно ” гэсэн тайлбарыг дамжуулсан юм. Юутай ч тэрбээр эх орондоо ирээд байна. Харин түүнийг онгоцноос буунгуут л саатуулаад байгаа юм.  Нэгэнт цагдаагийхан эрж хайж байгаагаа зарласан хойно тийм их хэмжээний мөнгө хэрхэн яагаад Эрүүл мэндийн сайд асантай холбогдсон тухайд тодруулах биз ээ. Гэрт байсан их хэмжээний мөнгөтэй сейф алдагдсан гэсэнтэй холбогдуулаад хэлэхэд мөн Эрүүл мэндийн салбарыг нэлээдгүй хугацаанд толгойлсон С.Ламбаагийн гэрт хулгай орж бас л сейфийг нь ухсан хэрэг гарч байсан удаатай. Салхины үзүүрийн чимээ болоод өнгөрсөн энэ мэдээ улс төрийн олон нууц “хор”-ны нэг болоод тэгсхийгээд намжсан юм даг. Эрүүл мэндийг хариуцдаг сайдуудынд ижилхэн хулгай ордог нь сонин юм шүү. Амьдрал баян гэж…

Н.ТӨГӨЛДӨР /Нийгмийн толь/

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.