“Аваргыг дэмжих арван учир”

Монголын Ногоон намын байр суурь

Өнөөдөр Монголын ард түмэн, бидний өмнө хариуцлагатай сонголтын үе тулгарч ирээд байна. Нийгэм дэх аливаа бусармаг үзэгдлүүд гаарч, Монголчуудын үндэстний ирээдүй нэн бүрхэг болсон энэ хүнд бэрх цагт, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар “цэвэр” хүн сонгогдох эсэх нь хэн бүхний хувьд амин чухал хэрэг болоод байгаа билээ.
Монголын Ногоон нам (МНН) нийгэм дэх үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, Монгол Ардын Нам (МАН)-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг дэмжих байр сууриа сонгуулийн сурталчилгаа эхлэхээс багагүй хугацааны өмнө тодорхойлж хэвлэл мэдээллээр мэдэгдсэн бөгөөд МНН нь МАН-тай хамтран ажиллах санамж бичиг хүртэл байгуулж идэвхитэй зарчмаар хандаж ирсэн.
Энэ талаарх үзэл бодлоо ард түмэн, сонгогчидтойгоо хуваалцъя.

Бат-Эрдэнэ аваргыг дэмжих болсон 10 учир гэвэл:

1. Ногоон үзэл баримтлал
Аварга маань эх болсон байгаль дэлхийгээ дээдлэх Монгол ухаантай улс төрч учраас Ногоонтнууд бидний үзэл баримтлалд нийцдэг тул 2011 онд түүнийг 700 гаруй байгаль орчны ТББ-ууд дэмжин “Эко элч”-ээр өргөмжилсөн нь Монголын ард түмний итгэл найдварыг илтгэх нэг л жишээ.

2. Ардчиллын баталгаа
Намчирхан туйлширдаггүй, хуурамч ардчилагчдын худал загваруудыг илчлэн, дүр эсгэсэн биш бодит ардчиллыг дэвжээж, авторитар тоталитар дарангуйлал тогтохоос сэргийлж, улс төрийн хүчнүүдийн харьцааг тэнцвэржүүлэхэд эергээр нөлөөлж, Монголчуудын эв нэгдлийг илэрхийлж, хэрэгжүүлж чадах нэр дэвшигч.

3. Оюунлаг сэхээтэн
Эрдэм боловсролтой докторант, хууль болон спортын чиглэлээр эрдмийн судалгаа хийж, судалгааны бүтээлүүдээрээ ном гаргасан, орос ба англи хэлийг эзэмшсэн, Монгол улсын оюунлаг сэхээтэн бөгөөд боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж олон зуун сэхээтэн боловсон хүчинг эх орондоо бэлдэж өгсөн.

4. Хууль тогтоогч
Байгаль орчин, татвар, арми, цагдаа, эмнэлэг, урлаг, спорттой холбоотой хуулиудыг санаачлах буюу санаачлалцан батлуулж, өргөн хүрээтэй сэтгэдэг, ажил хэрэгч, туршлагатай хууль тогтоогч, парламентэч болохоо харуулсан.

5. Байгаль хамгаалагч
Монголын байгаль, нийгэмд асар их хөнөөлтэй хариуцлагагүй уул уурхайжилтыг хумих “Урт нэртэй хууль”-ийг санаачлалцан батлуулж экологийн хувьд нэн эмзэг байгальтай 1000 гаруй газар нутийг аварсан ба Хэрлэн, Орхон зэрэг гол мөрнийг өмнө зүг рүү урсгах эрсдэлтэй төлөвлөгөөг зогсоож, экологийн гамшгаас сэргийлсэн зэрэг байгаль орчноо хамгаалах дорвитой алхмуудыг хийжээ.

6. Цөмийн хөнөөлийг эсэргүүцэгч
Улс эх оронд маань бодит аюул хөнөөлийг учруулах болсон цөмийн хог хаягдал булах, ураан олборлох болон шар нунтаг үйлдвэрлэх зэрэг хөнөөлийн эсрэг тэмцэж, 2012 оны 10-р сард “2013 оны Монгол улсын төсвийн төсөл”-д орсон цөмийн хорт төлөвлөгөөнүүдийг илчилж, таслан зогсоосон.

7. Эх соёл, өв уламжлалаа дээдлэгч
Эзэн Богд Чингис хаантай холбоотой түүхийн дурсгалт газруудыг уул уурхайгаас чөлөөлж, “Гурван голын эхэнд бусдыг бvv нутаглуулсугай” хэмээх өвөг дээдсийн зарлигийг даган сахиж амьдралд хэрэгжүүлэн Чингис хааны онгоныг хайж ашиг хонжоо хайгч гадаад, дотоодын аливаа хүчнүүдтэй эрс шийдэмгий тэмцэж эх соёл, өв уламжлалаа дээдлэгч болохоо харуулсан.

8. Ёс жудагтай аварга
Бөх хүнд Монгол хүний хамаг сайн сайхан чанарууд шингэсэн байх ёстой гэж үздэг ард түмнийхээ итгэлийг дааж ирсэн дархан аварга, амжилтаас илүү жудаг чухал гэж үздэг төр нийгмийн ёс зүйтэй зүтгэлтэн, Монголчууд бидний эрхэмлэдэг эрүүл биед саруул ухаан оршдог зарчмыг харуулж ирсэн төрийн түшээ.

9. Эрүүл хөгжлийг эрхэмлэгч
Байгалийн баялгийг олон нийтэд хүртээлтэй, зүй зохистой ашиглан байж хөгжин дэвжихийг дэмжигчийн хувьд “Оюу Толгойн гэрээ”-г сайжруулан засах чиглэлээр 2011 болон 2012 онд олон нийтийг хамарсан тэмцэл өрнүүлэхийн зэрэгцээ “Ашигт малтмалын хууль”-д Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулалцан дэвшүүлж байсан.

10. Тэмцэгч, эх оронч
Нийгмээ эрүүлжүүлж цэвэршүүлэх, эх орноо хэт уул уурхайжилт, гадаадынхны дураар дургилтаас хамгаалах, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн гажуудлыг засах, Монголоо Монголоор нь байлгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн, янз бүрийн бизнесийн бүлэглэлийн барьцаанд ороогүй, ард түмнийхээ төлөө айж дальдралгүй санасан бодсоноо хэлдэг, хийдэг тэмцэгч, эх оронч.

МНН-ын гишүүд, дэмжигч бид ийм арван, үндэслэл сайтай учрын улмаас Байгаль орчны үйлсэд аварга болсон, байгаль орчны хувьд аврал болсон эрхэм зүтгэлтэн, 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Монгол улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг дэмжиж байна.

Монголчууд аа, Аваргаа сонгоцгооё, Авралаа сонгоцгооё!

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.