Гурвалжин наалтгүй жолооч нарыг торгож, бичиг баримтыг нь хураана

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын I үе шат явагдаж дууссан. Харин II үе шат болох хяналтын үзлэг шалгалтын ажил өчигдрөөс эхэлсэн юм. Энэ талаар Нийслэлийн татварын газрын  Тээврийн татварын байцаагч М.Шижирбаяраас тодрууллаа.

-Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын II үе шат болох хяналтын үзлэг шалгалтыг ажил өнөөдөр /өчигдөр/ эхэллээ. Уг ажлын талаар тодруулаач?

-“Автотээврийн хэрэгслийн албан татвар”-ын тухай хуульд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулиар төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албандаа төлөх”-өөр зохицуулагдсан байдаг.  Дээрх  хуулийг үндэслэн нийслэлийн Засаг дарга Автотээврийн хэрэгслийн албан татвар хураах ажлыг II үе шаттайгаар зохион байгуулах тухай захирамж гаргаж, төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд хөнгөн шуурхай хүргэх зарчмын дагуу өнөөдрөөс /өчигдөр/  эхлэн нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулж байна. Нийслэлийн татвараас байгуулагдсан төв комиссын гишүүд маань Замын цагдаагийн газартай хамтраад дүүрэг бүрт дөрвөн цэг байгуулан ажиллана. Өөрөөр хэлбэл, дүүрэг бүрт авто замын суурин хяналт, шалгалтын пост байрлаж байгаа.

-Хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй жолооч нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ сарын 1-нээс татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журамтай. Гэхдээ иргэдийн хэрэгцээ, хүсэлт шаардлагыг харгалзан өнөөдрийг /өчигдөр/ хүртэл ямар нэг торгуульгүйгээр татвараа төлөх боломжоор ханган ажилласан.Харин өнөөдрөөс хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй буюу гурвалжин наалтгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа. Ажлын хэсэг тухайн иргэдийн бичиг баримтыг хураан авч захиргааны хариуцлагын хуульд заасны дагуу торгоно. Тухайн иргэн татвараа төлсөн тохиолдолд бичиг баримтыг нь буцаан олгох болно.

-Нэг цэгийн үйлчилгээг хаана байрлаж байгаа вэ. Бичиг баримтаа хураалгасан жолооч нар хаанаас очиж бичиг баримтаа авах боломжтой вэ?

-Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цэг  “Дүнжингарав” худалдааны төв дээр байрлаж байгаа. Хэрэв татвараа төлөөгүйн улмаас бичиг баримтаа хураалгасан бол дүүрэг бүрийн татварын байцаагч нар нэг дор ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээн дээр очиж үйлчлүүлэх бүр боломтой.

-Нийслэлд бүртгэлтэй хэчнээн жолооч татвараа төлөөд байгаа вэ. Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын  II үе шат хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 200 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч албан татвараа төлөөд байгаа.Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын  II үе шат болох хяналтын үзлэг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрөөс /өчигдөр/  эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулах юм.

Эх сурвалж: “Монголын мэдээ”
Ж.Отгонмягмар

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих