Паркийн хувьчлалтай холбоотой шүүх хурал маргааш болно

images025520БӨА-НИТХ хүүхдийн паркийг хувьчлахдаа хууль бус тогтоол гаргасныг шүүх тогтоожээ-

“Үндэсний соёл амралтын хүрээлэн” буюу олны нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн өөр нэг асуудал хөндөгдлөө. Учир нь өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэр бүхий найман иргэний гомдлын дагуу шүүх хурал болсон.

Тодруулбал паркийг хувьчлах талаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал “2005 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 188 тоот хамтарсан компани байгуулах” хууль бус тогтоолыг баталсан гэнэ.

Өөрөөр хэлбэл Японы “Иточу” хэмээх корпораци “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-нд 74 хувийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн ч харамсалтай нь эл компанийн оруулсан хөрөнгийн талаар ямар ч баримт олдоогүй аж.

Шүүхийн шийдвэрт дурьдсанаар бол “Иточу” корпораци оруулбал зохих 74 хувийн хөрөнгөө оруулаагүй байхад нь хамтарсан компани байгуулсан нь Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45,2-т “…хувьцааны төлбөрийг компанийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө” гэсэн заалтыг зөрчсөн, хууль бус өмчлөл болох нь тогтоогдож байна” гэжээ.

Нөгөөтэйгүүр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” улсын үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгийг хэрхэн үнэлж, мөн “Иточу” компанийн эзэмшил 74 хувийг тогтоохдоо юуг үндэслэн хөрөнгийн үнэлгээг хийсэн нь ямар ч баримтаар нотлогдоогүй гэнэ.

Хамтарсан компани байгуулах төсөл хурлын архиваас олдоогүй гэнэ

Тэгвэл тухайн үеийн (2005 оны) НИТХ хамтарсан компани байгуулах ямар төсөл баталсан бэ гэдэг сонин. 188 дугаар тогтоолыг анх баталж байхад “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-г орчин үеийн шаардлага, олон нийтийн хэрэгцээ, дэлхий нийтийн жишигт нийцсэн “янзын” сайхан парк байгуулах төслийг “Иточу” корпораци боловсруулсан.

Тийм ч учраас НИТХ дэмжсэн гэдгийг хариуцагч талынхан хэлж буй юмсанж. Гэтэл НИТХ-аар дэмжигдсэн гэх “Иточу”-гийн төсөл Тэргүүлэгчдийн хурлын архивт байх ёстой. Харамсалтай нь мөрдөн шалгалтын явцад хурлын архивт тийм төсөл байгаагүй нь шүүхийн дүгнэлтээр Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдээгүй, худал баримт болж таарч байна.

Түүнчлэн гуравдагч этгээд гээд буй “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гээс анхны шалгарсан төсөл гэж шүүх хуралдаанд гаргаж өгсөн төсөл нь “Mongolian Amusement Project” 2004.11 гэсэн нэр, огноотой, англи хэл дээр бичсэн, монгол хэлний орчуулгагүй байжээ. Мөн техник эдийн засгийн үндэслэл, инженерийн шийдэл байхгүй, ердийн зурагт хуудас, тойм зураглал бүхий төсөл байсан гэнэ. Гэвч ямар ч орчуулгагүй англи хэл дээрх төслийг тухайн үеийн НИТХ хэлэлцэж баталсан болж байгаа юм. Тэгвэл төлөөлөгчид бүгдээрээ англи хэлийг академик түвшинд эзэмшсэн, тийм мундаг байсан уу гэвэл мэдээж үгүй. Шүүх байгууллагын дүгнэлтэд 10-хан хуудас, хар зураг шиг паркийн төслийг ямар ч эрүүл ухаантай хүн харсан дэлхий нийтийн жишигт хүрсэн соёл амралтын хүрээлэн барих боломжгүй талаар онцолсон аж.

Тэгэхээр “Иточу” корпораци 74 хувийн хөрөнгө оруулаагүй, НИТХ-ын 188 дугаар тогтоол хуурамчаар батлагдсан болохоор хууль ёсоор яах вэ. Хариулт нь мэдээж хэрэг хамтарсан компанийн эрхийг цуцлах, тус тогтоолыг хүчингүй болгох юм. Түүнээс гадна “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-г гадны ямар нэгэн хамтран өмчлөгчтэй болбол төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн зургаадугаар бүлэгт зааснаар хувьчлалыг явуулахдаа олон нийтэд заавал мэдээлэх ёстой байжээ.

Эл компаниуд хөрөнгө оруулалтын талаар худал мэдүүлснээс гадна нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Г.Мөнхбаяр нарын хариуцлага бас сөхөгдөж буй юм. Яагаад гэвэл эл дарга нар Хүүхдийн паркийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх, захиран зарцуулалт, гэрээний үүргийн биелэлтийн талаар хяналт тавьж байх ёстой гэнэ. Гэвч Г.Мөнхбаяр даргын үед ч тэр ямар нэгэн хяналт, шалгалт огт хийгээгүй байна. Тэгэхээр энэ бүхний цаана маш олон асуудал сөхөгдөхөөр боллоо. Учир нь тухайн үед НИТХ-ын дарга байсан Н.Болормаа хурлын шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулсан учраас “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн өмчлөлийн хэрэгт зайлшгүй татагдах нь ойлгомжтой. Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газар, эрх өгсөн, өмчлөл олгоход гар бие оролцсон бүх хүмүүс энэ хэрэгт нэр холбогдох нь тодорхой.

Давж заалдах шатны шүүх хурал лхагва гарагт болно

Хамтарсан компани байгуулах, мөн НИТХ-ын шийдвэр хууль зөрчсөн, худал баримт болсон нь нэгэнт тодорхой боллоо. Харин “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд орон нутгийн өмчит газар байхад олгосон хүүхдийн паркийн зориулалттай газрыг эзэмших эрхээ хэтрүүлэн хэрэглэснийг Захиргааны хэргийн шүүх тогтоожээ.

Тодруулбал иргэн Д.Өнөрболор, “Мон-Уран” ХХК гэх мэт компани, хувь хүмүүст газраа өгсөн нь шалгалтаар тогтоогджээ. Энд нэр дурьдагдаж байгаа Д.Өнөрболор гэгч хатагтай олонд “Сөүл” группын хэмээн алдаршсан нэгэн. Тэрбээр солонгос нөхрөөсөө өрх тусгаарлаж Улаанбаатар хотод нэлээд том том ресторон, компанийг цэцэглүүлж яваа гэх. Түүний мэдлийн “Сөүл” ресторан Хүүхдийн паркийн газрын нэгээхэн хэсэгт сүндэрлэсэн нь олны нүдэнд ил байгаа. Түүнчлэн “Сөүл” трейдинг, “Мантууш” зэрэг компани бүгдээрээ Д.Өнөрболорынх аж.

Ямартай ч Захиргааны хэргийн шүүх Хүүхдийн паркийг хамтарсан компаниар өмчлүүлсэн нь хууль бус гэсэн шийдвэр. Мөн тухайн үеийн НИТХ-ын 188 дугаар тогтоол бас авлигын шинжтэй боллоо. Харин энэ хэрэгт гуравдагч этгээдээр нэр холбогдож буй “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн дэд захирал бөгөөд төслийн удирдагч Б.Батнягтын хэлснээр “Ирэх лхагва гарагт давж заалдах шатны шүүх хурал болно. Бид компаниа алдахыг хүсэхгүй. Шүүх хурлаар бүх юм тодорхой болох байх” хэмээсэн юм.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих